Р.Даваадорж: ОХУ-д АИ-92, 95 шатахууны үнэ огцом өслөө. Засгийн газар одооноос л арга хэмжээ авахгүй бол оройтох нь

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний зургаан мэдээгээр Монгол Улсын экспортод гаргаж буй нүүрсний үнэ унасан хэмээн мэдээлсэн.Хэдийгээр биет хэмжээ өндөр байгаа ч уул уурхайгаас хараат манай улсын эдийн засагт нүүрсний үнэ унасан нь хэр зэрэг нөлөө үзүүлэх бол?

Хэд хоногийн өмнө Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг харуулах хагас жилийн хугацааны статистик гарсан. Гадаад худалдаа маш сайн байгаатай холбоотой төсвийн гүйцэтгэл сайн гарч, инфляци зорилтот түвшиндээ байгаа, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж өссөн гэсэн эерэг үзүүлэлтүүд харагдсан. Манай улсын эдийн засаг гадаад худалдаа ялангуяа нүүрс, зэсний үнээс шууд хамаардаг. Монгол Улс 2024 оны эхний 6 сарын байдлаар экспорт 7.9 тэрбум ам.долларт хүрчээ. Гэтэл дөрвөн жилийн өмнө 2020 оны хагас жилээр нийт экспортын хэмжээ 2.8 тэрбум ам.доллар байсан гэхээр бараг 3 дахин их валют олдог болжээ гэсэн үг. Энэ оны хагас жилийн импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ бол дээр дурдсан макро үзүүлэлтүүд эерэг гарах гол шалтгаан юм.

Нүүрсний хувьд манай улсын эдийн засаг бараг дан ганц нүүрснээс хараат болсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Гаднаас олж буй арван долларын зургааг дан ганц нүүрснээс олж байгаа тул ингэж хэлэхэд хэн ч гайхахгүй. Тэгэхээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унах, өмнөд хөрш нүүрсний худалдан авалтаа багасгах агшинд манай эдийн засаг хүндэрнэ гэж ойлгож болно. Хятадын зах зээл дээрх коксжсон нүүрсний ханш 230 орчимд хэлбэлзэж байна. Энэ нь Ковидын дараа Хятадын эдийн засаг эрчимжиж байсан үеийнхтэй харьцуулбал бараг хоёр дахин буурсан дүн. Манай Монголын нүүрс бусад улстай харьцуулахад хямд, зах зээлдээ ойр учраас ойрд айхтар үнэ унаад хямрахгүй байх гэж бодож байна. Дэлхийн гангийн холбоо 2024 онд дэлхийн гангийн эрэлт өнгөрсөн оныхоос буурахгүй, бага зэрэг нэмэгдэнэ гэсэн таамаглал байсан. Тэгэхээр энэ ондоо гайгүй болов уу. Яахав өнгөрсөн 2023 онтой харьцуулахад нүүрсний үнэ буурсан тул хэдийгээр биет байдлаар өмнөх оны мөн үеэс 10 сая тн илүү экспортолсон ч үнийн дүн ойролцоо байсан.

-Алтны үнэ ямар учраас өсөж байна вэ. Сонгуулийн дараа ам.долларын ханш өсөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байсан. Харьцангуй гайгүй байх шиг байна. Алтны үнэ өссөнтэй холбоотой юу, Ер нь цаашид яах бол?

Алтны дэлхийн зах зээл дээрх үнэ яг жилийн өмнөөс өсч эхэлсэн. 2024 оны хоёрдугаар хагаст алтны үнэ нэг унци нь 2500 ам.долларт хүрч, 6-18 сарын дараа 3000 ам.доллар болж өснө гэж Citigroup-ийн мэргэжилтнүүд дөрөвдүгээр сард таамаглаж байсан.Тэдний мэдээллээр 2024 онд энэ үнэт металлын дундаж өртөг нэг унци нь 2350 доллар, 2025 онд 2875 доллар болно гэдэг таамаг эхнээс биелэгдээд явж байна. Янз бүрийн орны мэргэжилтнүүд янз бүрийн таамаглал дэвшүүлж байгаа. Гэхдээ өснө гэдэг дээр бүгд санал нэг байгаа.

Алтны үнэ өссөн нь хэд хэдэн шалтгаан бий.

Ковидын дараахь үеийн улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, инфляцийн түвшин өссөн, Дэлхийн геополитикийн нөхцөл байдал (Ойрхи Дорнод ба Зүүн Европ дахь зэвсэгт мөргөлдөөн), газрын тосны үнэ, эрэлт, нийлүүлэлтийн хамаарал гэх мэт олон шалтгаан дурдагдаж байна. Долларын хөрөнгө оруулалтын ашиг орлого буурч инфляци нэмэгдэхийн хэрээр илүү ашигтай, найдвартай хөрөнгө оруулалтын объект байхгүй бол алтны ханш нэмэгддэг гээд олон шалтгаан бий.

Манай улсын хувьд алтны энэ өсөлт валютын ханшид тийм сүрхий нөлөөлөөгүй болов уу. Би түрүүн дурдсан, манай эхний хагас жилийн гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.доллар байгаа нь ханш тогтвортой байх гол шалтгаан. Хэрэв гадаад худалдаа алдагдалтай болоод эхэлбэл ханш өснө. Мөн хагас жилийн статистикээс харвал экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс 330 сая ам.доллар, импорт 1.1 тэрбум ам.доллараар тус тус өсч тэнцэл 770 сая ам.доллараар буурсан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, гадагшаа урсах валютын хэмжээ огцом өсч байгаа явдал. Энэ нь төсөвийн тэлэлттэй холбоотой гэж би үзэж байна. Иймээс анхаарах асуудал бол байгаа. Нүүрс, зэсийн борлуулалт, үнэ ханшдаа дулдуйдаж орхих асуудал огт биш.

-Цаасан дээр инфляцийн түвшин буурсан үзүүлэлттэй байгаа ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өндөр, иргэдийн амьдралд дарамт болсон хэвээр байна. Бодитоор инфляцийг бууруулах гарц нь юу вэ?

Инфляцийг зөвхөн нэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр хэмждэггүй, иргэдийн голчлон хэрэглэдэг бараа, үйлчилгээний үнийн дундаж түвшний өсөлтөөр хэмжинэ. Иймд өргөн хэрэглээний гол нэрийн бараа, үйлчилгээнээс сонгож үнийн дундаж өөрчлөлтийг тооцдог. Сонгон авсан эдгээр бараа, үйлчилгээг хэрэглээний сагсны бараа, үйлчилгээ гэнэ.Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлдэг. Валютын ханш тогтвортой байгаа нь импортын барааны үнийн өсөлтийг хазаарлаж байгаа. Мөн зуны дэлгэр цагт мах, сүүний үнэ буурч инфляци жилийн хамгийн доод түвшиндээ очдог зэрэг шалтгаан нөлөөлсөн. Гэхдээ инфляци цаашид өсөх хэд хэдэн асуудал бий. Сонгуулийн өмнө төсвөөс гадуур 5 их наядын хөтөлбөр зарласан. Монголбанктай ипотекийн хөтөлбөр эхлүүллээ л гэсэн. Шинэ хоршоо гээд багагүй хөрөнгө мөнгө зарцуулах хөтөлбөрүүд зарласан. Манай улсын мөнгөний нийлүүлэлт 10 их наядаар ганц жилийн дотор нэмэгдсэн байсан. Үүний үр дүн 4-6 сарын дараа үнийн өсөлтөөр мэдрэгдэнэ. Дээр нь гадаад зах зээл дээр маш муу мэдээ байгаа. ОХУ-д АИ-92, 95 шатахууны үнэ огцом өслөө. Манай Засгийн газар одооноос л арга хэмжээ авахгүй бол оройтно шүү гэдгийг сануулмаар байна. Найр наадмаа хойш тавьж ажлаа хиймээр байна.

-Шинэ Засгийн газар бүрдсэн. Хамтарсан Засгийн газраас нэн тэргүүнд ямар бодлого хэрэгжүүлбэл улс орны эдийн засагт чухал нөлөөтэй гэж та харж байна вэ?

Гурван нам хамтарч шинэ Засгийн газар бүрдүүлсэн. Одоо өөр өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд гурван тийш чангаавал бодит утгаараа эдийн засгийн хямрал эхэлнэ дээ. Гадаад өрийн асуудалдаа анхаарах цаг болсон. Мөн нийгэм, эдийн засгийн хагас жилийн статистикт байгаа хоёр тооноос Шинэ Засгийн газар ажлаа эхлээсэй гэж бодож байна. Нэгд, нийт иргэдийн арилжааны банкнаас авсан зээл ганц жилийн дотор 14 их наядаас 19.7 их наяд буюу даруй 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Монгол бүх өрх ганц жилд 5.7 сая төгрөгийн өр арилжааны банкуудад тавьсан гэсэн үг. Ломбард, ББСБ, хоршоо энэ тэрийг оруулбал ямар тоо гарахыг би мэдэхгүй байна. Энэ бол ноцтой тоо шүү. Хоёрт, Статистикийн бизнес регистрийн санд 2024 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэлтэй 245 мянган хуулийн этгээдийн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж, 60 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 94.5 мянга буюу 65 хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ. 10-аас дээш, 50-иас дээш хүн ажилладаг аж ахуйн нэгжүүдийн тоо 2021 онтой харьцуулахад цөөрч байгаа нь төсвийн бодлого оновчгүй байгааг харуулах үзүүлэлт шүү. Төр ийм хөтөлбөр хэрэгжүүлнэ, тийм бүтээн байгуулалт хийнэ гэдгээ зогсоож хувийн хэвшилдээ орон зай үлдээхгүй бол удахгүй улс орны эдийн засаг хүндэрнэ шүү. Бодит статистик тоо нь байна, шийдлийг нь Шинэ Засгийн газар хамгийн түрүүнд шүүрч авах ёстой.

-Сонгуультай холбоотойгоор ч тэр үү төсөвт төлөвлөгдөөгүй зардал нэлээд туссан. Жишээ нь, шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжуулж малчдад зээл олгох гэхчлэн. Энэ нь төсөвт яаж нөлөөлөх бол, тодотгол хийхэд хүргэх болов уу?

Монгол улсын төсвийн нийт зарлага 2021 онд 14 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.4 их наяд боллоо. Ердөө гурван жилд 13.5 их наяд төгрөг буюу хоёр дахин нэмэгдлээ. Одоо хангалттай. Төсөвт суусан 6.2 их наядын хөрөнгийн зардал валют болж гадагшаа урсана. 21.3 их наядаар тооцсон урсгал зардлын ихэнх нь валют болж гадагшаа гарч байгаа. Энэ нь валютын ханш огцом өсөх, инфляциа нэмэх үр дагавар дагуулна. Мөн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш унахад төсөв бүрдэхгүй болох олон эрсдэл өмнө хүлээж байгаа гэдгийг сануулмаар байна. Найман сарын төсвийн тодотголоор шинэ кабинетынхаа нэмэгдсэн бүтцийн санхүүжилтийг нэмэхэд л хангалттай. Одоо элдэв зардал нэмэх аваас хувийн хэвшил чинь бодит утгаараа сөхөрнө шүү гэж анхааруулмаар байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

зочин [183.177.99.226] 2024-07-25 17:46:49

Монголын ард түмэн баяр наадам хэсэж нохой гурав хартал согтуурч байх хойгуур нь бензин тасалдах нь нэгэнт ойлгомжтой боллоо 8 сарын сүүл гэхэд Монгол даяар бенкины хохмдолд бүрэн орноо

Зочин [66.181.178.88] 2024-07-25 14:25:40

Хямдраад байнааа гэж хэд хоногийн өмнө ОРТ оор ярижийхад энэ нөхөр юу болгоод байна

Заас [202.9.40.163] 2024-07-25 13:32:16

Том том хуцсан их мэгдэч үүд их болсон үедэээ нэг эдиин засаг ярьсан лалрууд

Зочин [103.157.184.138] 2024-07-25 11:01:36

Муу лаларууд судалгаагаа сайн хийж мэдээлэл өгмөөр юм даа. худлаа үнийн хөөрөгдөл үүсгэх гээд байх юм. ОХУ-д энэ сарын 20-оос 21-нд шилжих өдөр зөвхөн АИ-95 бензений үнэ 56 литр/рубль байсаныг 57,87 литр/рубль болгож нэмсэн байна лээ ш дээ бусад нь тогтвортой гэж албаны хүн нь ярьж байхад манай энэ хэд их хуцах юм аа

Зочин [202.179.3.131] 2024-07-24 17:12:48

ДАН ГАНЦ УУЛ УУРХАЙН ХАРААТ БИШ МАЛ АЖ АХУЙГААСААА МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

ЗОЧИН [202.126.90.206] 2024-07-25 10:15:56

ТИЙМ УХААН ЭНЭ ТӨРД ЗАЯАСАНГҮЙ ЭЭ ХӨӨРХИЙ

Зочин [45.133.4.57] 2024-07-25 06:18:03

Яг үнэн. Монгол наян сая малаа ашиглавал уул уурхайгаас дутахгүй мөнгө олно.

Зочин [103.168.34.43] 2024-07-24 16:53:31

ene odoo manai heden shatahuun damladag kompaniudiin tuluulugch gar yum uu? Orosod uned oroo l biz. yagaad ene nuhur sandraad bgaam?

Зочин [66.181.189.133] 2024-07-24 14:30:46

Мөнгө сайн олж байгаа дээрээ хүчирхэг цэрэгтэй болцгоо. Газрын баялаг дуусвал цэргийн хүчээр шийдэх ажлууд нэмэгдэнэ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.