Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна
Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалантай ярилцлаа.
-АН-аас тавьсан шаардлагын дагуу гэх үү, эсвэл зайлшгүй шаардлагатай болоод юм уу, ямар ч байсан Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийхээр болж, өргөн барьсан. Тэгвэл өргөн барьсан төсөл нь та бүхний хүсэж, шаардаж байсан шиг байж чадаж байна уу?
-Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх нөхцөлийг маш тодорхой заасан байдаг. Гэвч Засгийн газар их оройтож, сөрөг хүчнээрээ шаардуулж байж нэг юм тодотголоо өргөн барилаа. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүндэрч, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг хүрсэн. Тиймээс байдал даамжрахаас өмнө өргөн барих хэрэгтэй байсан. Бараг хавар л бид баталчих байсан юм. Гэхдээ ямар ч байсан өргөн барилаа. Харамсалтай нь энэ тодотгол нь бидний хүсэж хүлээсэн зүйл биш байна. Яагаад гэхээр үндсэн асуудлуудаа шийдсэнгүй.
-Үндсэн асуудал гэдэг нь юу вэ?
-Нэгдүгээрт, үнийн өсөлт. Инфляци манай улсын хамгийн чухал асуудал болчихлоо. Амьжиргааны өртөг өдөр ирэх тусам өсөж байна. Ерөнхий инфляци 13, хүнснийх 25 хувь хүрчихлээ. Дээрээс нь махны үнэ өнөөдөр ямар өндөр байгааг бүгд л мэдэж байгаа. Тэгэхээр төсвийн алдагдал 2.2 их наяд, төсвийн татварын орлого нь 1.4 их наядаар тасарчихсан байгаа үед Засгийн газар 2026 оны батлагдсан төсвийн алдагдал нэг их наядыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, төсвийнхөө зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмчихсэн.
Тэгсэн хэрнээ сүртэй хэвлэлийн хурал хийж олон нийтэд тайлбарлахдаа бид 1.4 их наядын хэмнэлт хийлээ гэж хэлсэн. Ингээд улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна. Оруулж ирсэн тоонууд нь зардлаа нэг их наяд, төсвийн алдагдлаа нэг их наядаар нэмчихсэн хэрнээ хэмнэлт хийлээ гэж яриад байж болохгүй. Үнэхээр хэмнэе гэвэл нэгдүгээрт, төсвийн зарлага, алдагдлаа огцом бууруулах ёстой. Улсын өр бүр талийж өгсөн.
-Төсвийн энэ алдагдал яг юунаас үүдэлтэй гэж таны хувьд харж байна вэ?
-Ер нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд МАН засгийн эрх барьсан. Энэ хугацаанд төсөв маш их тэлсэн. Тэр хэрээр төр томорсон. Үүнийхээ горыг л одоо амсаж байна. Жил бүр л төсвөө тэлээд л, төрийн албан хаагчдынхаа тоог нэмээд, сонирхсон хүн бүрээ сайд, дарга болгохын тулд тусгай газар, хэлтэс байгуулсаар байгаад л ийм данхайсан төртэй улс болчихлоо. Тэгэхээр Ардчилсан намын зүгээс Засгийн газрыг бүтцээ цомхотго гэдэг зүйлийг байнга л хэлж ирсэн. Энэ олон сайдын хэрэг байгаа юм уу. Даанч ийм зүйл хийхгүй байна. Тэгсэн хэрнээ сайд нарынхаа багц хооронд янз бүрийн зүйл гүйлгэснээ хэмнэлээ гэж яриад байгаа юм. Энэ чинь хэмнэлт биш. Бодит хэмнэлт гэдэг чинь бүх зардлынхаа хэмжээг бууруулаад, алдагдлаа байхгүй болгоод, иргэдээс авдаг татвараа багасгамаар байна. Ардчилсан нам бол төсвийн сахилга баттай, цомхон төр байхын тулд өөрсдөөсөө эхлээд, татварын хувь хэмжээнүүдийг бууруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Ингэх юм бол Засгийн газар үнэнд гүйцэгдэнэ. Одоо чинь үе, үеийн Засгийн газар энэ жил 60 сая тонн нүүрс гаргасан. Дараа жил 80, 100 болгож нэмэгдүүлье гээд илүү их мөнгө олдог аргатай болсон. Ингээд мөнгө олсныхоо хэрээр түүнийгээ хайр гамгүй зарцуулаад байна. Тийм болохоор татварынхаа хувь хэмжээг буулгаж байж төсвийн сахилга бат бий болно гэж хараад байгаа юм. Тиймээс бид ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын хэмээг таван хувь болгож бууруулъя гэсэн шаардлага тавьж байгаа. Ингэж байж иргэдэд ирж байгаа татвар, инфляцийн дарамтыг бууруулах боломжтой.
-Дээрээс нь НДШ аж ахуйн нэгж, ажил олгогчдод их хүнд тусдаг гэж ярьдаг. Харин үүнийг нь бууруулчих юм бол бизнес эрхлэгчдийн тоо, ажлын байр нэмэгдэнэ гэдэг юм билээ. Үүн дээр юу хэлэх вэ?
-Манай эдийн засаг төрөөс хэт хамааралтай болчихсон. Дээрээс нь татвар, шимтгэлүүдийн хувь хэмжээ маш өндөр байгаа учраас бизнес эрхлэгчид ерөөсөө өөдлөхгүй байна. Гэтэл үүн дээр эрх барьж байгаа МАН цогц реформ хийж чадахгүй нь ойлгомжтой болчихлоо. Сая хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийг оруулж ирсэн. Харамсалтай нь энэ асуудлаа эрх баригч намынхан огт ойлгохгүй байна.
Тэр битгий хэл “Манайх чинь татвар багатай улс”, “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулчихвал энэ сан чинь баларна” гэсэн зүйл яриад байгаа юм. Татвар, шимтгэлийг бууруулж болно гэхээр эд нарын тархи толгойд нь ерөөсөө багтахгүй байгаа биз дээ. Цогц шинэчлэл хийхийн тулд нэлээд ухаан зарах хэрэгтэй. Даанч тийм ухаан, зориг эрх баригчдад алга.
-Засгийн газрыг хэд орчим яамтай байвал болно гэж танай нам үзээд байгаа юм бэ?
-Манайх чинь өмнө нь 9-10 яамтай л ажиллаж байсан шүү дээ. Ер нь илүү сайн ажиллаж байсан Засгийн газрууд харьцангуй цөөн яамтай байсан. Манай нам мөрийн хөтөлбөрөө боловсруулж байхдаа 10 яамтай бүтэц боловсруулж л байсан. Илүү олон яам гэхээсээ илүүтэй байгууллага, салбар хоорондын уялдаа их чухал. Гэтэл одоо бол энэ уялдаа ерөөсөө харагдахгүй байна. Цомхон байх тусмаа магадгүй шийдвэр гаргалт нь хурдан болно. Хамтын удирдлагын зарчим нь ч сайн хэрэгжих байх.
-Ээлжит бус чуулган зарлан хуралдуул гэсэн шаардлага тавиад байсан. Энэ шаардлагыг тань биелүүлэх янз байна уу?
-МАН эрх барьж, нэг ёсондоо улс орноо авч явж байгаа. Улс орны нөхцөл байдал ийм хүнд байхад яагаад өөрсдөө санаачилгаараа төсвөө тодотгохгүй бол болохоо байлаа гээд ээлжит бус хурал зарлаад явж болдоггүй юм. Болж байна, бүтэж байна гээд яваад байдаг юм уу. Үүнийг би бүр гайхаад байгаа юм. Уг нь Засгийн газар найрлаж, наадаж байхынхаа оронд улсын наадмаа өнгөрөөгөөд л төсвийн тодотголоо өргөн бариад, шийдэх асуудлуудаа шийдээд явах ёстой байсан. Тэгсэн бол намрын их ажил эхэлж байхад бүх зүйл нь ойлгомжгүй ийм байдал үүсэхгүй байлаа. Ийм байхад яагаад эрх баригчид ухамсраараа ажлаа хийхгүй байгаа юм. Хийхгүй болохоор нь л бид шаардаад байна. Харамсалтай нь одоогоороо зарлаагүй л байна шүү дээ.
-Танай намын бүлэг хэл амтай нэг бичигт гарын үсэг цуглуулаад байгаа шүү дээ. Энэ бичиг ямар утга агуулгатай юм. Шууд Ерөнхий сайдыг огцруулна гээд байгаа юм уу. Эсвэл бүтцээ цомхотго гээд байна уу?
-Би нэг зүйлийг хэлье. АН энэ сонгуулийн цикльд засагт хамтрахгүй. Гэхдээ ирэх сонгуульд ялалт байгуулаад Засгийн газраа байгууллаа гэхэд эхний 100 хоногтоо энэ бүх асуудлыг шийдвэрлэх санал санаачилгуудыг гаргаад ирнэ. Тийм бодит шийдлүүд бидэнд байна. Энэ талаар санаа зоволтгүй. Хэрэв манайх засаглаж байсан бол энэ бензиний асуудал гарах ч үгүй. Өмнөх түүхүүдэд гарч ч байгаагүй.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг огцруулаад дараагийн хүн хэн байх нь олонхын бүлгийн асуудал. Бид бол бодлогын шийдэл байхгүй, хий эргээд байгаа, улс орныг улам хүнд байдалд оруулаад буй Засгийн газрыг огцоруулъя гэсэн шаардлага л тавиад байгаа юм. Муу ажиллаж байгаа хүнийг дараагийнх нь бүр муу ажиллаж магадгүй гэсэн нэрийдлээр байлгаад байна гэдэг чинь логикгүй зүйл.
-АН-аас “Өөрчилье-Бүтээе” гэсэн хөдөлгөөнийг эхлүүлсэн. Саяны таны хэлдэг шийдэл, санаачилгыг эндээс гаргаж ирнэ гэж ойлгох уу?
-Өнгөрсөн 36 жилийн хугацаанд Монголын эдийн засгийг хөл дээр нь босгох, сайжруулах шийдэмгий санал санаачилгууд АН-аас л гарч байсан. Хамгийн сүүлд л гэхэд 2012-2016 онд 3000 км зам тавьсан байдаг. Тухайн үед эрчим хүчний салбарынхаа хүчин чадлыг 30 орчим хувиар нэмэгдүүлсэн. Энэ мэтчилэн бид засаг барьж байхдаа ажил хийж чаддаг гэдгээ харуулсан нам. Тэр утгаар “Өөрчилье-Бүтээе” гэдэг хөдөлгөөнийг иргэдтэйгээ санал, шийдлүүдээ ярилцах, асуудлуудыг нь сонсох зорилготойгоор эхлүүлсэн. Бидний хувьд ирэх оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгууль маш чухал.
Энэ хоёр сонгуульд одоогийн эрх баригчдыг өөрчлөхгүй бол энэ улс орон чинь дампуурлаа. Ер нь нэг нам ийм удаан хугацаанд төр барихаараа юу болдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Эд нараас одоо юу хүлээх юм бэ. Тийм болохоор АН-ын гишүүд хариуцлагаа ухамсарлаж байгаа. Улс эх орны хувь заяа бидний нуруун дээр байна.
Бид илүү сайн, ухаалаг байх ёстой. Эрх баригч намд улс орон, ард иргэдээ бодох тийм сэтгэл зүрхтэй хүн нэг ч байхгүй нь харагдлаа шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг бид л хийхгүй бол өөр хэн хийх юм. Тэгэхээр энэ хөдөлгөөнийхөө хүрээнд аймаг, дүүргүүдээр тойрч, хүмүүстэй уулзана. Тэр дундаа буруу, алдаатай бодлогын золиос болж байгаа хүмүүсийн үг, саналыг сонсмоор байна. Бизнес эрхлэгчидтэйгээ уулзах ёстой. Ер нь бид цаашид Монгол Улсаа ямар байдлаар төсөөлж байгаа юм. Яаж бид хамтдаа хөгжих юм гэдгээ ярилцана. Тэгэхгүй бол ний нуугүй хэлэхэд, ямар ч итгэл, хүсэл мөрөөдөл байхгүй болчихлоо. Улс төрийг бүхэлд нь бохир заваан зүйл гэж хардаг боллоо. Энэ нь магадгүй эрх баригчдын явуулга мөн. Өрсөлдөгч нараа хүртэл өөрсдийнхөө нэгэн адил мэтээр харагдуулах нь тэдэнд л ашигтай байгаад байна. Тиймээс бид аль болох л олон хүнтэй уулзаж, итгэлийг нь дахин бий болгохыг зорьж байгаа.
-Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль чухал гэж байна. тэгвэл АН нэр дэвшигчээ хэзээ тодруулах юм бэ?
-Мэдээж манай нам дотор сунгаа явна. Үеийн үед л явж ирсэн. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэлээд олон кандитат байгаа. МАН ч ялгаагүй байх. Яг цагаа тулахад нэр дэвшигчээ тодруулахын тулд өрсөлдөгч нам маань илүү зовох болов уу. Бидний хувьд эхлээд иргэдээ сонсоно. Ирэх сонгуулиар бид ардчилсан Ерөнхийлөгчтэй болох зорилго тавьж байгаа. Тиймээс энэ удаагийн аянаар ардчилсан Ерөнхийлөгч гэдгийг хүмүүс хэрхэн төсөөлдөг талаар нь сонсъё гэсэн бодолтой байгаа. Түүний дараагаар нам доторх сунгаа явагдана.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Т.ДАРХАНХӨВСГӨЛ











.png)
























































Сэтгэгдэл