ПАРИС-2024: Олимпын наадмын ес дэх өдрийн тойм мэдээ

Д.Тулга / Спорт

ЛОНДОН, 2024 оны наймдугаар сарын 5 /ВВС/. Өчигдөр буюу ням гарагт Олимпын тамирчид спортын 13 төрөлд 39 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Н.Жоковичийн “Алтан дуулга”

Сербийн нэрт теннисчин Новак Жокович түүхэн дэх “Алтан дуулга”-ын тав дахь эзэн болж байна. Ийм алдрыг Их дуулгын бүх тэмцээнд түрүүлж, Олимпын аварга болсон тамирчинд олгодог юм.

Их дуулгын 24 удаагийн аварга, өдгөө 37 настай Жокович Парист болж буй зуны Олимпын тоглолтын теннисний тэмцээний финалд Испанийн Карлос Алькарасыг 7:6 (7:3), 7:6 (7:2) харьцаагаар хожсоноор анх удаа Олимпын аварга гэдэг цолыг хүртэж байна.

Тоглолт гурван цагийн турш үргэлжилсэн бөгөөд тоглолт дуусангуут Жокович теннисний талбай дээр өвдөг сөхрөн унаж, цүнхнээсээ Сербийн төрийн далбааг гаргаж ирээд хөгжөөн дэмжигчдийнхээ зүгт намируулж байлаа.

Жокович 2008 оны Бээжингийн Олимпоос хүрэл медаль хүртэж, Лондонд дөрөвдүгээр байр эзэлж, Риод эхний шатанд хожигдон хасагдаж, Токиод хүрлийн төлөө тоглоод ялагдаж байв.

Парист алтан медаль хүртсэнээр тэрбээр “Их дуулга”-ын бүх дөрвөн тэмцээнд ялж, Олимпын аварга цол хүртсэн түүхэн дэх 5 дахь теннисчин болж, “элитүүдийн” эгнээнд элсэн орж байна. Түүнээс өмнө “Алтан дуулга”-ын эзэн болсон тамирчид бол Рафаэль Надаль, Серена Уильямс, Андре Агасси, Штеффи Граф нар юм.

“Энэ бол миний оролцож буй тав дахь Олимпын тоглолт. Өмнөх гурван Олимпод би хагас шигшээд шалгарч байсан боловч яагаад ч юм энэ давааг давж чадаагүй. Харин энэ удаад Алькарастай финалд тоглож эхлэхдээ би огт сандарч тэвдээгүй бөгөөд медаль аль хэдийнэ минийн халаасанд байгаа мэт санагдаж байсан. Би бүх хүчээ дайчлахыг хүсэж байлаа, би хэдийнэ финалд гарчихсан байсан нь сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсөн” хэмээн Жокович ярилаа.

Саяхан өвдгөндөө хагалгаа хийлгэсэн хэдий ч тэрбээр энэ удаагийн Олимпод ганц ч сет алдалгүйгээр аваргалсныг онцлон хэлэх нь зүйтэй.

Украинчуудын хоёр дахь алтан медаль

Эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд Олимпын аварга цолыг Украины тамирчин Ярослава Магучих хүртлээ. Энэ бол Украины багийн хувьд хоёр дахь алтан медаль бөгөөд 3-ны өдөр болсон туялзуур сэлмийн төрөлд Ольга Харлан тэргүүтэй Украины баг аваргалсан юм.

Я.Магучих 2 м дээгүүр харайсан бол Австралийн Никола Олислагерс мөнгөн медаль хүртэж, 1,95 м-ийн амжилт үзүүлсэн Австралийн Элеанор Паттерсон, Украины Ирина Геращенко нар хүрэл медалийг хувааж авлаа.

Я.Магучих өмнө нь Токиогийн Олимпоос хүрэл медаль хүртсэн бол өнгөрсөн оны ДАШТ-нд аваргалахдаа 2,1 м дээгүүр харайж дэлхийн дээд амжилт тогтоосон юм. “Юутай ч би Украин улсаа дэлхийн хөнгөн атлетикийн түүхэнд оруулж чадлаа” гэж тэрбээр өөрийн ялалтыг үнэлэн хэллээ.

Орос бүсгүйчүүдийн мөнгөн медаль

Теннисний эмэгтэйчүүдийн хос төрлийн финалын тоглолтод Оросын Мирра Андреева, Диана Шнайдер нар Италийн Сара Эррани, Ясмин Паолини нарт 7:10 харьцаагаар хожигдсоноор Олимпын мөнгөн медальтнууд боллоо.

2022 оны хоёрдугаар сард Оросын арми Украин руу халдан довтолсны дараа Орос, Беларусийн тамирчдыг олон улсын спортын тэмцээн уралдаанд оролцохыг хориглох тухай шийдвэрийг ОУОХ гаргасан билээ. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд уг хоригийг Олимпын хэд хэдэн спортын төрлүүдэд зөөлрүүлж, Орос, Беларусийн тамирчид “хатуу нөхцөлтэйгээр” бие даасан статустайгаар оролцох боломжийг олгосон юм.

Үүний зэрэгцээ 2024 оны Парисын Олимпын тоглолтод тус хоёр улсын тамирчдыг ганцаарчилсан төрлийн уралдаан тэмцээнд оролцохыг зөвшөөрч, харин багийн тэмцээнүүдэд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн билээ.

“Бид ялахын тулд боломжтой бүхнийг хийх болно. Ямар ч тохиолдолд гэртээ медальтай харина гэдэг маш гоё мэдрэмж, гэхдээ алтан медаль авчихбал үнэхээр сайхан” гэж Андреева финалын тоглолтын өмнө хэлсэн юм.

Дүрвэгсдийн багийн анхны медаль

25 настай боксчин бүсгүй Синди Нгамба Францын тамирчин Давина Мишелийг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялснаар 75 кг-ийн жингийн хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр нэгэнт хүрэл медалийн болзол хангасан тул дүрвэгсдийн багийн түүхэн дэх анхны медалийн эзэн болж байна.

Нгамба 10 настайдаа Их Британид ирсэн боловч Британийн паспортгүй тул тус улсын нэрийн өмнөөс тоглох боломжгүй байгаа юм. “Медаль хүртсэн анхны дүрвэгч болж байгаа нь миний хувьд маш чухал” гэж тэрбээр хэлжээ.

Дүрвэгсдийн баг анх 2016 оны Риогийн Олимпод оролцсон бөгөөд Токиогийн Олимпод ХамунДерафшипур каратегийн төрөлд, Кимия Ализаде тэквондогийн төрөлд 5 дугаар байрт шалгарч байсан нь хамгийн өндөр амжилт юм.


Нгамба Парисын Олимпын нээлтийн ёслолд дүрвэгсдийн багийн тугийг барьж жагссан бөгөөд одоо тэрбээр пүрэв гарагт Панамын Атейна Байлон-той мөнгөн медалийн төлөө тулалдана.

Тэрбээр бэлгийн чиг баримжааныхаа улмаас төрөлх Камерун улсдаа буцаж очиж чадахгүй байгаа юм. Учир нь, тэндхийн хуулиар ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог хүмүүсийг 5 хүртэлх жилээр шоронд хорьдог байна.

Их Британийн GB Boxing байгууллагаас эрх баригчдад хандан тус улсад 15 жил амьдарч буй Нгамбад иргэншил олгож, Британийн нэрийн өмнөөс боксын тэмцээнд оролцуулах хүсэлт гаргасан боловч одоог хүртэл асуудал шийдэгдсэнгүй.

Сена мөрөн дахиад л бохирдов

Өнгөрсөн долоо хоногийн эцсээр ширүүн бороо орсны улмаас Сена мөрний усны чанар муудаж, зохих түвшнээс доошилсон тул даваа гарагт болох ёстой триатлоны холимог багийн уралдааныг хойшлуулах шийдвэрийг зохион байгуулагчид гаргалаа.

Даваа гарагийн өглөөний 8 цагт тамирчдын бэлтгэлийн сэлэлтээ гүйцэтгэх тэр үед усны чанар сайжрах байх хэмээн найдаж байсан боловч талаар өнгөрөв. Гэдэсний савханцар зэрэг бактериудын хэмжээ нэмэгджээ.

10 км-ийн марафон зайн сэлэлт пүрэв, баасан гарагуудад болох ба шаардлагатай тохиолдолд уралдааныг сэлүүрт завь, каноэ завины уралдаан болсон Вэр-сюр-Марн гэдэг усан спортын цэнгэлдэх хүрээлэн рүү шилжүүлнэ. ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Ккккк [103.145.234.64] 2024-08-05 19:32:00

Дахиад блхирдсон биш, блхирдлоо арилгаж чадахгүй үившиг болж байна даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.