ПАРИС-2024: Олимпын наадмын 13 дахь өдрийн тойм мэдээ
Өчигдөр буюу пүрэв гарагт Олимпын тамирчид 14 спортын төрөлд 28 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Сербийн баг хагас шигшээ тоглолтод Америкийн сагсан бөмбөгийн оддыг хожих тун дөхсөн, дүрвэгсдийн багийн тамирчин анх удаа медаль хүртсэн, 200 м-ийн гүйлтэд хүрэл медаль хүртсэн Ноа Лайлз ковидын халдвар авсан гээд дуулианаар дүүрэн өдөр болж өнгөрлөө.
Бие даасан статустайгаар Олимпод оролцож буй Оросын тамирчид онолын хувьд хоёр медаль авах боломжтой байсан боловч аз дутжээ. Каноэ сэлүүрт завины 500 м-ийн зайн уралдаанд Алексей Коровашков, Захар Петров нар хүрэл медаль хүртсэн испаничуудаас ердөө 0,09 секундээр хоцорч барианд орсон бол каноэ завины эмэгтэй тамирчин Олеся Ромасенко 200 м-ийн зайд 47,92 секундийн амжилт үзүүлснээр 4 дүгээр байр эзэлсэн байна.
Сагсан бөмбөг: Америкийн супер одод хожигдох дөхөв
Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний хагас шигшээ тоглолтод NBA-гийн супер оддоос бүрдсэн АНУ-ын шигшээ баг финалаас мултрах тун дөхөж, дэлхий даяарх хөгжөөн дэмжигчдээ хөнгөн айдаст автуулав. “Денвер наггетс” багийн үлэмж биет тоглогч Никола Йокичоор ахлуулсан Сербийн шигшээ багийнхан америкчуудтай ач тач өрсөлдөж, 4 дүгээр үе эхлэхэд 13 оноогоор давамгайлж байлаа. Цаг дуусахаас 3 минут 40 секундийн өмнө Леброн Жеймс, Кевин Дюрант, Стивен Карри нарын хүчин чармайлтын ачаар америкчууд тооны харьцааг тэнцүүлж чадсан ба улмаар тоглолт дуусахаас 2 минут 20 секундийн өмнө давамгайлж эхэллээ. Яг энэ үед сербчүүд нэг дор 8 оноо алдав. Америкчууд ихээхэн чармайсны дүнд 95:91 гэсэн харьцаагаар Сербийн багийг буулгаж авлаа.
Ингэснээр америк одод Францын шигшээтэй финалд тоглох бөгөөд францчууд хагас шигшээд Германы багийг мөн л дөрвөн онооны илүүгээр буюу 73:69 харьцаагаар хожсон юм.
Риогийн алтаас Парисын алт хүртэл
Жинхэнэ ёсоор сэтгэл догдлуулсан ширүүн өрсөлдөөн эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн холын зайн буюу 10 км-ын уралдааны үеэр боллоо.
Уралдаан Сена мөрөнд явагдсан бөгөөд усны чанарын асуудал Олимпын наадмын үеэр яригдсаар байгаа билээ. Мөрний усанд агуулагдах бактерийн бохирдол нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул холын зайн уралдааныг цуцлах гэж байсан боловч лхагва гарагт дахин шинжилгээ хийсний дараа усанд сэлэлтийн марафоныг явуулахаар шийдвэрлэжээ.
Тамирчид эхлээд Сена мөрний урсгалын дагуу уруудан сэлж, дараа нь сулхан урсгалтай эргийн дагуу мөрнийг өгсөн сэллээ. Уралдааны туршид Австралийн 26 настай тамирчин Моша Жонсон тэргүүлсээр байсан боловч барианд орохын өмнөх сүүлчийн тойрогт Рио-2016 Олимпын аварга, Токиогийн Олимпын мөнгөн медальт Нидерландын Шарон ван Рувендаль огцом дайралт хийснээр австрали бүсгүйг гүйцэж түрүүлэн барианд оров. 2 цаг 3 минут 34,2 секундийн амжилт үзүүлж Олимпын хошой аварга болсон тэрбээр уснаас гарч ирэнгүүтээ бугуйн дээрх нохойн сарвууны дүрстэй шивээсээ сэтгүүлчдэд үзүүлжээ. Шарон Олимпын анхны ялалтаа бэлгэдэн өөрийн хайртай нохойг Рио гэж нэрлэсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард нас барсан нохойныхоо дурсгалд Парисын Олимпын алтан медалиа зориулж байгаагаа хэллээ.
Олимпын аваргаас ердөө 5,5 секундийн дараа барианд орсон Моша Жонсон мөнгөн медаль, Италийн усанд сэлэгч Жиневра Таддеуччи хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн холын зайн сэлэлтийн уралдаан өнөөдөр болно.
Дүрвэгсдийн багийн анхны медаль
Боксын эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жингийн хагас шигшээд шалгараад байсан дүрвэгсдийн багийн тамирчин, 25 настай Синди Нгамба мөнгөн медалийн төлөөх тоглолтод Панамын боксчин Атеина Байлонд ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр тэрбээр дүрвэгсдийн багийн түүхэн дэх анхны медалийн эзэн болж байна.
Дүрвэгсдийн баг анх 2016 оны Риогийн Олимпод оролцсон бөгөөд Токиогийн Олимпод Хамун Дерафшипур каратегийн төрөлд, Кимия Ализаде тэквондогийн төрөлд 5 дугаар байрт шалгарч байсан нь хамгийн өндөр амжилт юм.
Нгамба Парисын Олимпын нээлтийн ёслолд дүрвэгсдийн багийн тугийг барьж жагссан билээ. Тэрбээр бэлгийн чиг баримжааныхаа улмаас төрөлх Камерун улсдаа буцаж очиж чадахгүй байгаа юм. Учир нь, тэндхийн хуулиар ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орсон хүмүүсийг 5 хүртэлх жилээр шоронд хорьдог байна.
Нгамба 10 настайдаа Их Британид ирсэн боловч Британийн паспортгүй тул тус улсын нэрийн өмнөөс тоглох боломжгүй. Их Британийн GB Boxing байгууллагаас эрх баригчдад хандан тус улсад 15 жил амьдарч буй Нгамбад иргэншил олгож, Британийн нэрийн өмнөөс боксын тэмцээнд оролцуулах хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна.
200 м-ийн гүйлтийн сенсац
Хөнгөн атлетикийн тэмцээний үеэр дуулиан тарьсан үйл явдал болж, Ботствана улсын тамирчин Летсил Тебого 200 м-ийн гүйлтэд 19,46 секундийн амжилт үзүүлснээр Олимпын аварга боллоо. Мөнгө, хүрэл медалиудыг АНУ-ын Кеннет Беднарек /19,62 сек/, Ноа Лайлз /19,70 сек/ нар хүртэв.
Л.Тебого алтан медалиа авсныхаа дараа “ээж минь намайг тэнгэрээс хараад маш их баярлаж байгаа” хэмээн хэллээ. Түүний ээж энэ оны тавдугаар сард нас баржээ.
100 м-ийн гүйлтэд түрүүлж дуулиан тарьж байсан Ноа Лайлз Олимпын наадмаас нэг дор гурван алт авсан домогт гүйгч Усайн Болтын амжилтыг давж гарах зорилгыг өөртөө тавиад байсан юм. Гэвч тэрбээр гуравдугаар байр эзэлсэн төдийгүй барианд орсныхоо дараа тэргэнцэр дээр түрүүлэн талбайгаас гарч явжээ. Телевизийн NBC сувгийн мэдээлснээр бол, Н.Лайлз барианд орсныхоо дараа хүндээр амьсгалж байсан бөгөөд хоёр хоногийн өмнө өгсөн ковидын шинжилгээний хариу нь эерэг гарсан байжээ.
Өөр нэгэн дуулиан
Ямайк улсын хөнгөн атлетикийн тамирчид 2004 оноос хойш анх удаагаа эрэгтэйчүүдийн 4x100 м-ийн гүйлтийн финалд шалгарч чадаагүй нь дуулиан тарьсан тохиолдол байлаа. Тэд хагас шигшээ гүйлтэд 38,45 секундийн амжилт үзүүлж 11 дүгээрт бичигдсэнээр шилдэг найман багийн тоонд багтаж чадсангүй. Буухиа гүйлтийн финал өнөөдөр болно.
Өмнөх Бээжин, Рио, Лондоны Олимпын тоглолтуудад Ямайкийн гүйгчид аваргалж байсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: "МОНЦАМЭ" АГЕНТЛАГ
Сэтгэгдэл
wzqqsgzriq [185.220.101.2] 2024-11-07 04:34:23
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
lheuyxvarf [185.220.101.2] 2024-11-07 04:34:19
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?