Трамп, Харрис нар есдүгээр сарын 10-нд мэтгэлцэхээр тохиролцжээ
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 9 /CNN/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нар ирэх есдүгээр сарын 10-нд ABC телевизээр мэтгэлцэхээр болжээ.
“ABC News телевизээс есдүгээр сарын 10-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулна. Дэд Ерөнхийлөгч Харрис болон Ерөнхийлөгч асан Трамп нар ABC-ийн мэтгэлцээнд оролцоно гэдгээ батлан мэдэгдсэн” гэж тус телевиз мэдээллээ.
Флорида дахь Мар-а-Лаго эдлэн газартаа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп дэд Ерөнхийлөгчтэй мэтгэлцэхийг тэсэж ядан хүлээж байгаагаа илэрхийлээд, дараагийн мэтгэлцээнүүдийн талаар Fox News, ABC, NBC телевизүүдтэй тохиролцсон гэж хэлжээ.
Д.Трампын ахлах зөвлөх болон ABC сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, Д.Трамп есдүгээр сарын 4-нд Fox News, есдүгээр сарын 10-нд ABC, есдүгээр сарын 25-нд NBC телевизээр мэтгэлцэхээр тохиролцсон байна.
Өмнө нь ABC-гээр мэтгэлцэхийг зөвшөөрч байсан К.Харрисын хувьд пүрэв гаргийн орой уг мэтгэлцээнд оролцохоо батлан мэдэгдээд, цаашдын мэтгэлцээний товыг хэлэлцэхэд “бэлэн байгаагаа” илэрхийлжээ.
“Эцэст нь тэрбээр есдүгээр сарын 10-нд мэтгэлцэхийг зөвшөөрсөнд баяртай байна. Би үүнийг тэсэн ядан хүлээж байна” гэж К.Харрис Автомашин үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрчний эвлэлтэй /UAW/ хамтран хийсэн цуглааны дараа нисэх онгоцонд суухаасаа өмнө сэтгүүлчдэд хэлжээ.
Д.Трампын дурдаж буй бусад мэтгэлцээний талаар ямар бодолтой байгааг нь К.Харрисаас асуухад тэрбээр "би есдүгээр сарын 10-ны дараа болох дараагийн мэтгэлцээний талаар ярилцаж байгаадаа сэтгэл хангалуун байна" гэж хариулсан байна.
ABC-гийн мэтгэлцээний тухайд Д.Трамп, Ерөнхийлөгч Жо Байден нар өмнө нь тохиролцоод байсан юм. Харин энэ долоо хоногийн эхээр Д.Трамп мэдэгдэхдээ, хэрэв есдүгээр сарын 4-нд болох Fox News-ийн мэтгэлцээнд оролцохыг зөвшөөрөхгүй бол К.Харристай мэтгэлцэхгүй гэжээ.
ABC сувгийн эх сурвалж хэлэхдээ, штабынх нь зүгээс Харрисыг Fox News-ийн мэтгэлцээнд оролцуулахгүй гэж мэдэгдсэн тул ABC сувгаар явагдах мэтгэлцээн нь Д.Трамп ба дэд Ерөнхийлөгчийн хоорондох анхны мэтгэлцээн байх болно гэжээ
NBC-тэй хийсэн хэлэлцээрийн талаар мэдээлэл бүхий эх сурвалжийн хэлснээр, есдүгээр сарын 25 бол штабуудад хүргүүлсэн товуудын нэг юм. Тус суваг хоёр штабын аль алинтай нь хэлэлцээ хийж байгаа боловч К.Харрисын штаб албан ёсоор зөвшөөрөөгүй байгаа ажээ.
Мэтгэлцээн явуулах газар, дүрэм, модераторуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэтгэлцээнээс өмнө танилцуулна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ
Сэтгэгдэл