Атомын бөмбөгт амь хохирогсдын дурсгалыг хүндэтгэх ёслол Нагасакид боллоо
НАГАСАКИ, 2024 оны наймдугаар сарын 9 /NHK/. Дэлхийн II дайны үеэр Японы Нагасаки хот атомын бөмбөгт өртсөнөөс хойш яг 79 жил өнгөрч байна.
Атомын бөмбөгийн уршгаар амиа алдсан олон арван мянган хүний дурсгалыг хүндэтгэх ёслолыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс төлөөлөгчид ирж оролцдог. Харин энэ онд гадаадын зарим дипломатч энэхүү үйл ажиллагаанд оролцсонгүй.
Өнөө өглөө болсон ёслолын үеэр амь эрсэдсэн хүмүүсийн шинэчилсэн жагсаалтыг дурсгалын цогцолборт байрлууллаа. Үүнд атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн боловч өнгөрсөн 12 сарын хугацаанд нас барсан хүний нэрс багтсан байна. Жагсаалтад бичигдсэн нэрсийн тоо өдгөө 198 785-д хүрчээ.
1945 оны наймдугаар сарын 9-ний өдөр атомын бөмбөг хаясан яг тэр мөчид буюу өглөөний 11:02 цагт ёслолд оролцогчид нэг минут чимээгүй зогсон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна.
Хотын дарга Сүзүки Широ энх тайвны тунхаглалыг айлдлаа. Тэрбээр Украин болон Ойрх Дорнодод мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг дэлхийн удирдагчдад хандан уриалжээ.
Ёслолд “Долоогийн бүлэг”-ийн Японоос бусад гишүүн орны Элчин сайд нар оролцоогүй байна. Энэ нь Израилын Элчин сайдыг ёслолд урихгүй гэсэн С.Широгийн шийдвэртэй холбоотой ажээ. Тэрбээр үүнийг "улс төрийн шинжтэй биш, харин баасан гарагт тайван, ёс төртэй уур амьсгалд ёслолыг явуулахад чиглэсэн шийдвэр" гэж тайлбарлажээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ
Сэтгэгдэл
Зочин [203.23.199.215] 2024-08-13 10:15:04
одоо дахиад нэг атомдчихвал сайхан юм болно
Санаа [66.181.186.200] 2024-08-10 02:07:16
Японы энэ гашуун эмгэннэлт явдлыг хамт иэмдэглэн эмэгнэж байна. АНУ одоо ч гэсэн Украиныг дэмжих хоосон нэрээр Украиныг ч, Оросыг сүйигэж нүд аниулж буй. АНУ бол хамтран ажиллахад болгоомжлох орон. Өөрөө л ардчилсан орон гэж ярина. АНУ бол ардчилил байхгүй орон. Иймд Япон нөхөд санаа аван харилцаагаа нэг төвшинд байлгаасай. АНУ цөмийн олон хошуутай. Хаана хаяж мэднэ.АНУ болгоомж.