Д.Трамп: Хэрвээ сонгуульд ялбал И.Маскийг албан тушаалд томилно
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп хэлэхдээ, сонгуульд ялсан тохиолдолд тэрбумтан Илон Маскийг Цагаан ордны ямар нэгэн албан тушаалд томилоход бэлэн гэдгээ илэрхийлжээ. И.Маскийг зөвлөх эсвэл сайдаар томилох уу гэсэн Ройтерс агентлагийн сэтгүүлчийн асуултад Д.Трамп ийнхүү хариулсан байна.
“Тэр бол маш ухаалаг хүн, хэрэв өөрөө зөвшөөрвөл би түүнийг томилно, Маск бол гайхалтай мундаг залуу шүү” гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан тодорхойлжээ.
Энэ ярилцлага нийтлэгдсэний дараахан И.Маск Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа “Би хүчин зүтгэхэд бэлэн байна” гэж бичээд хиймэл оюун ухааныг ашиглан “Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах департамент” гэсэн бичигтэй индрийн ард өөрийгөө зогсож байгаагаар дүрсэлсэн зургийг нийтэлжээ.
И.Маск гуравдугаар сард мэдэгдэхдээ, Д.Трамп, Жо Байден хоёрын аль алиных нь сонгуулийн кампанит ажилд мөнгө хандивлахгүй гэж байсан юм. Харин Трамп долоодугаар сард халдлагад өртсөний дараа Маск түүнийг дэмжих болсон байна.
The Wall Street Journal сонинд бичсэнээр бол, Трампыг дэмждэг America PAC гэдэг байгууллагад сар бүр 45 сая доллар хандивлана гэдгээ дэлхийн тэргүүн баян мэдэгджээ.
8 дугаар сарын 12-нд Д.Трамп И.Маскийн эзэмшилд байдаг Х нийгмийн сүлжээнд /хуучнаар Твиттер/ эргэн бүртгүүлж, сонгуулийн сурталчилгааны бичлэгээ байрлуулсан төдийгүй хоёр цагийн ярилцлага өгсөн байна.
Илон Маск бол дэлхийн хамгийн баян хүн бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ 245-248 тэрбум доллар ажээ.
Сэтгэгдэл