Нутгийн 40 гаруй хувь нь бэлчээрийн нөөцтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцооллоо.
Зуншлага энэ сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумын нутгаар муу гэж үнэлэгджээ. Бэлчээрийн даацыг тооцоолбол, 47 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 21 хувь нь даац 1-3 дахин, 4 хувь нь даац 3-5 дахин, 8 хувьд нь даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд хэтэрсэн гэсэн үг.
Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн зарим сум, багийн нутгаар даац хэтэрчээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэнсумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд багтаж байв. Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумын нутгаар 3-5 дахин хэтэрчээ. Мөн нутгийн 21 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн аж.
Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ оны хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарчээ. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасбүрхэхэд цасан болон мөсөн зудын нөхцөл үүсэж, мал бэлчээрлэх боломжгүй болдог. Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрсэн аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог багасгах зэрэг арга хэмжээг эртнээс хэрэгжүүлж, өвөл, хаварт бэлтгэх шаардлагатай байгааг ОБЕГ мэдээлжээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.185.233] 2024-08-29 14:50:37
Нутгийн 70% зуншлага сайтай гэсэн байна шүү дээ. Баруун аймгуудад хүн амын хэдэн хувь амьдардаг вэ? Ихэнх нь Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Булганд малтайгаа нүүгээд ирчихсэн биз дээ? Одоо удахгүй нүүж ирсэн нутгаа бэлчээргүй болтол нь талхлах байх даа? яана аа?