Монголын үндэсний радио 90 нас хүрэв
“Анхаараарай. Радио хорооноос ярьж байна” хэмээн анх сонсогчидтойгоо мэндчилж байсан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио өнөөдөр 90 жилийн ойтойгоо золгож байна.
Монголчууд 1930-аад оны эхэн үеэс радиотой танилцсан түүхтэй. 1930 онд МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссын хамтарсан хурлаар “Агаарын мэдээ байгуулах явдал болбоос маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн” хэмээж байсан нь түүхийн хуудаснаа үлджээ.
1931 оны тавдугаар сарын нэгний Майн баяраар тухайн үед Засгийн газрын барилга, Ардын цэнгэлдэх хүрээлэн, Ленин клубийн үүд зэрэг газарт цагаан хоолой зоон, оройн 19 цагаас монгол, орос, хятад хэлээрх дуу хөгжим, илтгэлүүд нэвтрүүлж байсан аж. Улмаар 1934 оны есдүгээр сарын 1-нээс радио өргөн нэвтрүүлгийг албан ёсоор эхлүүлж, өдрийн 11 цагт Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй албаны хүмүүс радиогоор мэндчилгээ дэвшүүлж байжээ.
Монголын радио өнөөдөр өдөр бүр 06.00-23.00 цагийн хооронд орон даяар нэвтрүүлгээ түгээдэг. Монголын радиогийн өргөн нэвтрүүлгийг дамжуулж буй нэгдүгээр суваг болон хилийн чанадад таван хэлээр нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж буй. Монголын дуу хоолой радио, мөн залуу сонсогчдод зориулсан Р3 суваг зэрэг нийт 3 долгионоор нэвтрүүлгээ цацдаг ба 100 гаруй уран бүтээлч, сэтгүүлч редактор, инженер техникийн ажилтнууд ажиллаж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.184] 2024-09-02 19:01:24
Орон сууцны айлуудын хаалганы дээр радио байдаг байсан.
Баяр хүргэе. Хүүхэд байснаа саначихлаа. [66.181.191.37] 2024-09-02 17:54:29
1970 онд сургуульд орохын өмнөөс л радио сонсож эхэлсэн. Яагаад ч юм 11.45-аас Гимнастик, 14.00 цагаас Москваагаас нэвтрүүлж байгаа монгол хэл дээрх нэвтрүүлгийг их сонсдог байлаа. Радио орой 11 цагаас зогсдог байсан. Тэгэж байгаад л хүн болсондоо. Монголын Радионы хамт олонд Ойн байр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе! Та нар шүү!
Зочин [66.181.183.52] 2024-09-02 12:54:22
Түмний сонорыг мялааж яваарай. Монголын радиогийн 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Тэгэж байгаад радиод очиж чөлөөтэй ярилцлага хийнэ.