О.Батханд: Ард түмний эрх ашиг нэгдүгээрт гэдгийг улс төрчдийн өрөөний хананд томоор бичээд тархи, зүрхэнд нь шивж суулгах хэрэгтэй
“Өдрийн сонин”-д 2024 оны 09 дүгээр сарын 10-нд гарсан эрхзүйч, сэтгүүлч Осормаагийн Батхандын ярилцлагыг оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.
-Та төрийн хариуцлагатай албан тушаалууд хашиж байсан мөн хэвлэлийн салбарт олон жил ажилласан хүн. Өнгөрсөн хугацаанд хаана хаана ажиллаж ирэв?
-Би эрхзүйч, сэтгүүлч мэргэжилтэй. Аав маань намайг “Эмэгтэй хүн хос мэргэжилтэй яв.Хуультай нийгэмд амьдарна эрх зүй судал” гээд 2000 онд хөтөлж яваад хуулийн сургуульд оруулж байсан. Би өөрөө сонирхолоороо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд зэрэг элсэн орж, Сэтгүүлзүйн чиглэлээр давхар суралцан 08.00-20.00 сэтгүүлзүй болон эрхзүйн чиглэлээр их сургуульд суралцдаг байсан. Надад өдөртөө нэг сургуулиас нөгөө сургууль руугаа хүрэх 20-хон минут л чөлөөт цаг болж, энэ хугацаанд алхах зуураа хооллож хуулийн сургууль руугаа ордог байлаа. Төрийн ордны хоёр талд байдаг хоёр сургууль байсан болохоор ойрхон зайтай. Одоо бодох нь ээ, сайхан дурсамж үлдэж дээ. Сургуулиа төгсөөд анх ТВ-9 телевизэд сэтгүүлч, гадаад харилцааны албаны даргаар ажиллаж эхэлсэн. ТВ-9 телевизэд ажиллаж байхад УИХ-ын Тамгын газраас санал ирж, УИХ-ын дарга Дамдины Дэмбэрэл гуай байх үед Их хурлын хэвлэлийн албан албанд сэтгүүлчээр ажиллаж байсан. Ингээд тухайн үед Ч.Даваабаяр захирал ETV HD телевизийн захирал хийх санал тавьсан. Тэрээр маш няхуур хөдөлмөрч хүн учраас Телевизийг хэрхэн удирдахыг сурахаар саналыг нь хүлээн авч байлаа. Мөн УИХ-ын гишүүн агсан Гаваагийн Батхүү гуай намайг NTV телевизийн Медиа группт медиа хариуцсан захирлаар ажиллуулж байсан. Тэрээр амьд ахуйдаа “Би чамайг Медиа группын Ерөнхийлөгчөөр бэлдэж байгаа шүү” гэж надад хэлж байсан нь одоо ч өчигдөрхөн юм шиг тод санагдаж байна. Төд удалгүй УИХ-ын Тамгын газраас УИХ-ын хэвлэлийн албаны даргаар ажилла гэж үүрэг ирсэн. Би төрд ажиллах үүрэг авсан учраас Г.Батхүү даргаас уучлал гуйгаад УИХ руу явж байсан. Тэгээд УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын хэвлэлийн төлөөлөгчөөр гурван жил ажилласан. Мөн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн албаны даргаар ажиллаж байлаа. Бас Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гуайн гадаад орнуудад хийх олон улсын хурал цуглаан бүрийг хариуцан ТВ-9 телевизийн сэтгүүлч байхдаа сурвалжилж явсан даа.
-Улстөрч бүр өөр өөрийн харизмтай байдаг. Энэ хугацаанд юу бодогдож байсан бэ?
-Би нэг л зүйлийг боддог. Ер нь эцэстээ нам, улс төр гэж хэт хоёр туйл руу туйлшрах биш жинхэнэ монгол хүн байх, монголын ард түмний хүн байх гэдэг асар чухал юм байна гэдгийг мэдсэн. Монголын томоохон улстөрчид, төрийн тэргүүнүүд өөр өөрийн харизмтай, зарчимтай, өөр өөрийн өнгөөр түүхэнд тод үлддэг. Тэр бүхний гэрч болсондоо би баярладаг. Төрийн өндөрлөгүүд намайг итгэж ажиллуулсанд ч би хувь заяандаа өөртөө талархдаг. Би дарга болъё гэж гүйж очиж байгаагүй. Үүрэг авч, бас санал ирснээр төрд зүтгэж байсан гэж боддог. Ирээдүйд эдгээр Монголын түүх болсон нөлөө бүхий эрхмүүдээр ном бичнэ гэж төлөвлөдөг. Бас улс төр үргэлж, сэргэн мандалт биш, уналт, урвалт, ухаарал гээд маш олон гинжин холбоон дунд байдаг юм билээ. Хамгийн сүүлдээ улстөрчдөд хамгийн чухал үе бол уналтын үе нь гэж хардаг болсон. Тэр үед хүн бүхэн нүүрний маскаа авдаг, жинхэнэ бодит үнэн төрхийг олж харж чаддаг. Тэр үед нь л хүн бүхэн хүн байгаасай гэдгийг харж мэдэрч ирсэн дээ. Тиймээс би таньдаг мэддэг улстөрчдийг унасан үед л адлаж, мандсан үед нь баяр хүргэж гүйх дургүй. Би зүгээр л зөв замаар чимээгүй ажлаа хийж байгаа Батханд байхыг л хүсдэг.
-Зөв замаар чимээгүй урагшилж байх нь бас л тухайн хүний хүмүүжил, этиктэй холбоотой юм шиг ээ...
-Алдаа оноотой, зовлон жаргалтай амьдралыг хүн бүхэн туулдаг. Гэхдээ хуультай нийгэмд хуулиа дагаж, хулгай хийхгүй амьдрах нь чухал. Өнөөдөр Монголын нийгэмд байгаа хамгийн том хорт хавдар бол төсвийн хулгай, байгалийн баялгийн хулгай, авилга хээл хахууль болсон. Ямар ч хүн төрөөс нэг ширхэг зоос ч авч болохгүй. Тэр чинь төрийн мөнгө биш. Ард түмний татварын мөнгө. Төсвийн мөнгөний хулгай гэдэг бол хамгийн энгийнээр өлссөн хүүхдийн талхны мөнгийг дээрэмдэж авч байгаа гэмт хэрэг юм даа. Байгалийн баялгийн хулгай бол эх орон ард түмнээ суульж байгаа хэлбэр. Тиймээс одоо ард түмэн маш ухаантай хэрсүү болсон, төсвийн хулгай, байгалийн баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй, хулгайчийг зайлуулая гэдэг нийгэм бий болсон байна шүү дээ. Монгол Улс түүхэндээ ганцхан удаа ахмадуудын тэтгэврийг байгалийн баялгаараа тэглэж байсан удаатай. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гэсэн гурван өндөрлөг санал нэгдэж олон ахмадын тэтгэврийг тэглэж байсан. Яг энэ практик буюу байгалийн баялгийн орлогыг хүн бүр тэгш хүртдэг тэр нийгмийг байгуулж чадвал монголчууд өр зээлгүй, өвчин зовлонгүй, стресс бухимдалгүй, амар амгалан, биенээ үзэн яддаггүй нийгэм ирнэ. Тэр нийгмийн төлөө хүн бүр хичээх зүтгэх хэрэгтэй.
-Байгалийн баялгийн хулгай, төсвийн хулгай асуудалтай яаж тэмцэх хэрэгтэй гэж боддог бэ?
-Ерөөсөө С.Зориг агсны хэлснээр нэгдүгээрт улс орны эрх ашиг. Ард түмэн нэгдүгээрт гэдгийг энэ улстөрчдийн өрөөний ханан дээр томоор бичээд тархи, зүрхэнд нь шивж суулгах хэрэгтэй. Бас тийм тархи зүрхтэй хүмүүс ард түмний төлөө ажиллах ёстой.
Энгийнээр бодоход хүний сав ёроолоор байхад хэцүү, халихаараа бүүр ч хэцүү, дундуур сайхан бай гэж ахмад буурлууд хэлдэг. Бүгд дундуур сайхан амьдралдаа сэтгэл ханах хэрэгтэй. Их зүйлд шунах тусам их зовлон ирнэ гэж боддог. Социализмын үеийн дарга нар шиг мөнхөд хайрлагдах нэртэй, үлдэх мөртэй байхыг л одоогийн дарга бүр бодох хэрэгтэй. Тэрнээс хэт их алт мөнгө, авдар сав цуглуулаад аз жаргал гэдэг зүйл ирэхгүй ээ. Зүгээр л ард түмний хүн байгаач, чадвал нэг ядарсан хүүхдийн амьдралд чимээгүйхэн гэрэл асааж боломж олго, тэрийгээ зарлах ч хэрэггүй, эргээд буян нь булаг шиг ирэх байлгүй дээ гэж өнөөдрийн дарга сайд нарт хэлье дээ. Өөр юу ч хэлэх билээ би. Зүгээр албан тушаалын өндөр сэнтийгээсээ түр буугаад гэртээ харих замдаа зангиагаа тайлаад машины цонхоор харж явахдаа би хүний төлөө юу хийсэн бэ, өөрийнхөө төлөө юу хийж байгаа вэ гэдгээ вакум орчин, магтагч хүрээлэгчдээс холдоод нэг хором ч гэсэн бодож үзэх зүрхтэй байгаарай. Эцсийн дүндээ хүн гэдэг Хөдөлмөрийн баатар Хурц гуайн хэлснээр алдар хүнд, магтаал сайшаал биш, эд хөрөнгө элдэв зүйлээрээ биш бид тэр нутгийн тэр овогтой тэр гэдгээрээ л үлддэг юм билээ гэж боддог.
-Овог гэснээс та Осормаагийн Батханд гэж ээжээрээ овоглодог байх. Аав тань нэр яруу найрагч, цогтой тэмцэгч Зундуйн Дорж гэж эх оронч хүн байсан. Та яагаад ааваараа овоглоогүй бэ. Хүмүүс Зундуйн Дорж гуайн охин мөртлөө түүнээр овоглоогүйд нь асуудаг байх?
-Тийм ээ. Миний аав “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян” хэмээн тунхаглаж байсан Зундуйн Дорж гэж яруу найрагч хүн байсан. Бараг хүн болгон л чи О овогтой юм яагаад гэж асуудаг. Тэр бүрт би хувийн амьдралаа тоочих албагүй. Харин энэ удаа сонгууль болох гээд Дорж гуайн охин биш, З.Дорж гуай гандангийн хүрдэн дээрээс олсон хүүхэд л гэнэ, бутач хүүхэд гэнэ үү янз янзаар бичсэн харагдсан. Би үнэхээр гайхдаг л даа. Яагаад миний овог тийм сонирхолтой гэж? Намайг төрөхөд миний аав ХБНГУ-д радиод ажиллахаар явсан байсан. Тэр хугацаанд би төрсөн. Дүрэм, журмаараа төрсөн хүүхдийг нэг сарын дотор гэрчилгээг авах ёстой байдаг гэсэн. Тэгээд л хорвоод мэндэлсэн өлгийтэй Батханд ээжийнхээ овгоор овоглож байсан юм билээ. Аав маань ард түмэндээ хайрлагдсан, жинхэнэ эх оронч, жинхэнэ цогтой тэмцэгч, монголын төлөө шатах зүрх сэтгэлтэй тийм л хүн байсан. Шүлэг бүр нь, үлдээсэн үг бүр нь миний аавыг Монголын хүү байсныг харуулдаг. Би алдар нэртэй ааваараа овоглоод овгоо сольж болох л байсан. Гэхдээ би өлгийтэй жаахнаас минь өдийг хүртэл өсгөсөн ээжийгээ гомдоохыг хүсээгүй юм. Би гадаад дотоодод хурал уулзалтанд их оролцдог байлаа. Гадныхан овгоор дууддаг тал бий. Уулзалтанд миний урд Батханд биш хатагтай Осормаа гэж англиар ихэвчлэн бичсэн байдаг байсан. Ээждээ явуулахаар хүүеээ гээд л их баярладаг, миний охиныг ээжийнх нь нэрээр дуудсан байна гээд. Тэр бүхнийг би харж мэдэрч суухдаа би ээж минь баяртай байна гэж боддог байсан. Тиймээс замыг минь сүүгээр мялааж, сэтгэлээ хоёр хуваан намайг гэдэг ээжийгээ гомдоож овгоо солихыг хүсээгүй, солихгүй бас. Гэхдээ миний аавын цус миний судсаар урсаж байгаа цагт би аавынхаа хийж бүтээх ажлын үргэлжлэл байх болно. Аав маань сүүлд бичсэн “Америк бүсгүйчүүдийн инээмсэглэл” нэртэй номондоо миний зургийг “Миний охин Батханд АНУ-ын Харвардын их сургуулийн босгоор давж суралцаж байгаа” хэмээн миний зурагтай хамт бахархан оруулсан байсан. Би эх оронч хүний хүүхэд гэдгээрээ, би төрд 1 өдөр ажиллаагүй өөрийн хөлс хөдөлмөрөөрөө сайхан зам мөртэй олонд хүндлэлтэй явдаг ээжийн охин гэдгээрээ би бахархдаг. Хүмүүс аавынхаа нэрийг барилаа гэсэн байна. Би төрөхөөс үхэх хүртлээ аавыгаа ээжийгээ ярьсаар байх болно. Би өөр хэнийг ярих юм бэ. Би ээж ааваа үргэлж очсон газар бүртээ ярих болно. Хүн бүхэн аав, ээжээ л ярьж бахархдаг байлгүй дээ.
-Аав тань малын хулгайтай тэмцэж Эрүүгийн хуульд малын хулгайн заалтыг оруулж байсан гавьяатай хүн шүү дээ?
-Тиймээ. Аав маань ухамсарт амьдралаа яг миний түрүүн хэлсэн өөрийнхөө төлөө биш, малчин ардын төлөө зориулсан хүн. Япончууд бэлэглэсэн цагаан машинаа унаад, малын хулгайтай тэмцэхээр галтай цогтой тэмцэж байсан аав маань хааяа нүдэнд харагддаг. Буянт малд бузар бүү хүргэ гээд, адуу малаа зодож байгаа хүнд аав маань их дургүй байсан. Би аав шигээ адуу малынхаа төлөө тэмцэж байгаагүй, адуу малын зүс ч сайн мэдэхгүй л дээ. Худлаа хэлээд яахав. Гэхдээ би аавынхаа хийж байсан хулгайтай тэмцэх үйлсийг төсвийн хулгайч нартай тэмцэх ёстой гэж өөртөө хэлдэг, бодож явдаг. Аав маань Мал хамгаалах нийгэмлэгийн тэргүүн байхдаа 1993 онд Эрүүгийн хуулийн 123.1 дүгээр заалтад мал хулгайлах гэмт хэргийн заалтыг оруулж байсан юм билээ. Үүнийг "Зундуйн Доржийн заалт" ч гэж хуулийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Мал бол сандал, ширээ шиг эд зүйл биш. Өсөж үрждэг амьдралын эх үүсвэр Цаашилбал улс орны эдийн засгийн хөгжлийн хамгийн гол салбар. Тухайлан ач холбогдол өгч хамгаалахгүй бол орон байрны хулгайтай адилтгаж үзвэл малын хулгай буурахгүй гэж аав хэлдэг байсныг хүмүүс өнөөдөр ч ярьдаг. Ерөөсөө аав маань малын хулгайтай тэмцэж байсан шиг хүн бүр төсвийн хулгайг шат шатанд нь таслан зогсоохгүй бол манай улс хөгжихгүй ээ. Хүүхэд бүр тэгш боломж эдлэхгүй. Ирээдүйгээсээ зээлдэж, өр тавьж болохгүй. Өнөөдөр нэг монгол хүнд ноогдох өрийн хэмжээ 35 сая орчим төгрөг болсон байна. Төрсөн хүүхдээс эхлээд өтөл буурлууд хүртэл 35 саяын өртэй. Гэтэл ард түмэн дансандаа үлдэгдэл мөнгөгүй, талхны мөнгөгүй, үр хүүхдийнх нь гэдэс өлсгөлөн байхад зарим улс төрчид төрийн ордонд улаан хивсэн дээр шинэ гуталтай алхаад яах юм бээ. Нийгэм үе солигдоно, тэд үеийн үед хулгайч нэртэй үлдээд зогсохгүй гэмгүй хөөрхий хүүхдүүдээ ч хулгайчийн хүүхэд гэсэн нэрэнд унагана шүү дээ. Бизнес хийж, баялаг бүтээдэг бол өөр хэрэг. Харин цэвэр төрийн ажил хийгээд тэрбумтан болж байгаа бол ёстой төсвийн хулгайч, тендэрийн хулгайч гэдэг чинь шүү дээ.
-Та Ардчилсан намын хүн. Энэ удаагийн орон нутгийн сонгууль нэлээд ширүүн эхэлж байх шиг байна. Хотын дарга өнгөрсөн долоо хоногт АН руу чиглэсэн мэдэгдэл хийлээ. 30 женкочид буюу ажил хийж үзээгүй багаасаа хулгай луйвар хийсэн лайвчин, шантаажчид нэр дэвшиж байгаа гэж тэр хэлсэн. АН үнэхээр тийм хүмүүс нэр дэвшүүлж байгаа юм уу. Хотын даргын хэлсэн зүйлд та ямар байр суурьтай байна вэ?
-Хотын даргыг би зарим хийж байгаа ажлууд дээр нь дэмждэг. Би эсрэг нам байлаа гээд тэр хүний бүх үйлдлийг жадлан эсэргүүцбэл маш ухамсаргүй этгээд болно. Хувь хүн, хэн гэдэг нь бидэнд хамаагүй. Хотын даргыг албан тушаалаар нь харна, хүндэлнэ. Гэхдээ би үнэхээр гайхсан. Тийм өндөр албан тушаалын хүн хэдэн залууг багаасаа хулгай хийж ирсэн бацаанууд гэж хэлнэ гэдэг бол маш том улс төрийн алдаа, улс төрчийн хазгай гишгэлт. Хүн өндөр албан тушаал хаших тусмаа бусдыг доромжлох, гүтгэх, эсрэг намаа илт харлуулах нь ёс зүйн хувьд байж болохгүй. Залуу женкочид гэдэг нь ямар ч утгатай юм. Харин Женко гээд хэлэгдээд байгаа хүн нь хэн нэгэн яаж ч дайрч, доромжилж байсан нэг удаа гарч ирээд хэрүүл хийж, хов ярьж байхыг би хараагүй юм байна. Тамирчин хүний оюуны тэвчээр юм болов уу даа. Гэхдээ хотын дарга Хуульзүйн сайд байсан хариуцлагатай хүн шүүхээр гэм буруутай хулгайч, шантаажчин нь тогтоогдоогүй байхад 20-30 хулгайч гэж хэлэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Нөгөө бусдын талаар илт худал мэдээлэл тараавал ЭХ-ийн 13.14, Иргэний хуулийн 21 гээд хуулийн заалтууд бүхэлдээ бусдыг гүтгэх, доромжлох, илт худал мэдээлэл тараахтай холбогдсон зүйл ангиуд. Тиймээс хууль шүүх гэж хотын даргатай яриад яахав, надаас илүү хуулиа мэддэг ухамсартай хүн байхаа. Харин монгол хүний хувьд хулгайч байвал хулгайчаа нэрээр нь хэлээд, бусдаас нь уучлал гуйвал би тэр хүнээр бахархана. Япон, Солонгосын улс төрчид буруу үйлдэл хийвэл уучлал гуйдаг. Энэ бол буулт хийж буй биш харин маш том улс төрийн соёл гэж би боддог. Ер нь монголчууд хэт бид анархист биш нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг л бодох ёстой. Бас эрх дагаж, үүрэг ирдэг. Үүргээ хааяа умартаад хэт их эрх эдлээд байгаа санагддаг. Багаасаа хулгай хийсэн хүн бол одоо эрх нь хязгаарлагдсан л байгаа байх. Хулгай хийгээгүй, төрөөс сохор зоос, хугархай тэвэн авч байгаагүй, авах ч үгүй, тендер, ждү, концесс, нүүрс юу билээ тэр хууль бус бүхнээс би маш хол явж байгаа болохоор ил зоригтой яриад байна л даа. Яахав ингэж дуугарлаа гээд эмэгтэй хүнийх нь хувьд харлуулах, илт худал мэдээлэл тараах үйлдэл гарвал би ч бас эцсээ хүртэл, хуультай улсад амьдардагаа олон нийтэд нээлттэйгээр өдөр бүр ярьж харуулаад байж чадна. Би хулгай хийж, хууль зөрчиж байгаагүй болохоор юунаас ч айдаггүй. Ирээдүйд хулгай хийхгүй учраас бас юунаас ч айхгүй байна.
-Сүүлийн найман жил завсаргүй засагласан Ардын нам хотод юу хийв?
-Энэ ерөөсөө найман жил биш. Түүхэндээ хотын даргыг ганцхан удаа Э.Бат-Үүл дарга АН-аас хийж байсан. Бусад бүх хугацаанд хотын даргыг Ардын намын дарга нар удирдаж байлаа. Тэртээ 1996 онд байхаа, Баасанжав гээд хотын дарга байсан хариуцлагатай эрхэм М.Энхболд гуайд за би цэвэр устай карантнаас нь ус гоождог Улаанбаатар хотыг хүлээлгэж өглөө гэж ажлаа өгч байсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийн Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаагүй түлш нэртэй угаартуулах бодис, түгжрэл, газрын наймаа, авилга хороолол энэ бүхний буруутан хэн бэ иргэд өөрсдөө л бод. Би хэн нэгнийг харлуулах, муулчлах дургүй. Тиймээс тэр энэ тэгээд ингээд гэх мэт тогооны юм ярьмааргүй байна. Өөрөө баатар болох гэж бусдыг харлуулж бас суумааргүй байна. Өөрөөр бодлого, бодит ажил гэх мэт хариуцлагатай зүйлсдээ л анхаарлаа хандуулсан дээр.
-Хэрэв нийслэлд АН ялалт байгуулбал хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
-Сонгуулийн хуулийн дагуу амлалт өгөх, сонгууль ярих боломжгүй байнаа зөвөөр ойлгоорой. Хуультай улсад хуулиа л дагая даа .(Инээв)
Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно
Х.Нямбаатар: Автомашин, авто замын татварыг нэмэгдүүлснээр түгжрэл буурахад эерэг нөлөө үзүүлнэ
ТОЙМ: “Банталт”-тай, баривчилгаатай долоо хоног
Татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа
50 САЯ ТӨГРӨГИЙН СУПЕР АЗТАН ТОДОРЛОО
ШҮҮХ ХУРАЛ: "Хоёр жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү"
НИТХ: Эрчим хүчний шинэ шийдлийг танилцууллаа
БНСУ-д монгол залуу галд шатаж, амиа алджээ
Өнөөдрөөс татвар, торгуультай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй
ШҮҮХ ХУРАЛ: “Ё.Баатарбилэг танаар ууттай бэлэн мөнгө авахуулсан уу” гээд, эрүүдэн шүүлт явсан юм биш биз"