"Засгийн газрын шийдвэр тогтвортой бус байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээж байна"

Aдмин / Эдийн засаг

Монголын эдийн засгийг үүрч яваа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд хувийн хэвшлийн оролцоо, хяналт алдагдсан талаар брокерын компаниуд хамтарсан мэдэгдэл хийлээ.

Тодруулбал 2022 онд Засгийн газраас баталсан "Уул уурхайн биржийн тухай хууль" төлөвлөсөн хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явуулах эсэхийг тодруулж өгөхийг хүссэн юм.

Энэ талаар брокерын компанийн төлөөллүүд "Өмнө нь дөрөвдүгээр сарын 1-нд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөсөн ч тусгай зөвшөөрөл авсан брокерын компани цөөн, бэлтгэл хангагдаагүй болон сонгуулийн өмнөх аливаа эрсдэлээс болгоомжлох үүднээс аравдугаар сарын 1-ныг хүртэл хойшлуулсан.

Компаниуд тусгай зөвшөөрлөө авчихсан. Хойшлуулсан хугацаа нь дөхөж буй энэ үед Засгийн газрын гаргасан шийдвэр тогтвортой байгаа эсэх талаар мэдээлэл өгөхөөр ирлээ.

Учир нь сүүлийн үед уул уурхайн биржийн арилжааны хэмжээ эрс багаслаа. Цагийн сайханд сардаа бараг 1.4 их наяд төгрөгийн биржийн арилжаа явагддаг байсан бол өнөөдрийн байдлаар авч үзэхэд 100 орчим тэрбум төгрөгийн л арилжаа явагдсан баримт бий.

Энэ юуг харуулж байна вэ гэвэл дараагийнхаа алхмыг хийхгүй бол энэ салбарын биржийн арилжаа цаашид унах магадлал өндөр байна.

Мэргэжлийн зуучлагчийнх нь байгууллагыг оруулахгүй, ажлыг нь хийлгэхгүй бол тавьсан гол зорилго маань замдаа гацах асуудал үүсэх боломжтой. Нөгөө талаас бид бол хувийн хэвшлийнхэн. Бид төр засгийнхаа шийдвэрт итгээд өнөөдрийг хүртэл бэлтгэлээ хангасан. Бидэнд тодорхой хариулт хэрэгтэй байна" гэсэн юм.

Үргэлжлүүлэн "Тусгай зөвшөөрөл авсан брокерын 11 компани өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангасан. Хамгийн эхэнд дүрмийн сан буюу хамгийн багадаа нэг сая ам.долларын сантай байх ёстой. Нийт 11 сая ам.долларын хөрөнгө оруулалт гэж үзвэл ойролцоогоор 40 гаруй тэрбум төгрөг цугларсан гэсэн үг.

Эдийн засгийн салбарт алдагдсан боломж гэдэг ойлголт байдаг. Манай улсын бодлогын хүү 11 хувьтай гэж бодоход 40 тэрбум төгрөгийг хоёр жилээр нь тооцоход их хэмжээний боломжийг алдсан гэсэн тооцоо гарч буй. Түрүүн хэлсэнчлэн тодорхой шалтгааны улмаас зургаан сараар хойшлогдож, аравдугаар сарын 1-нд биржийн арилжааг нээх төлөвлөгөөтэй байгаа ч одоог хүртэл яах эсэх нь тодорхойгүй байна.

Монголын экспортын бараг 95 хувийг нь БНХАУ руу гаргадаг. Үүний бараг 85 хувийг нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын валютын орлогын 75 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнтэй шууд холбоотой байдаг." гэв.

Манай улсын хууль эрхзүйн орчин тодорхойгүй, богино хугацаанд нэг гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг байдал гаднын хөрөнгө оруулагчдыг үргээж байдгийг тэд онцоллоо.

эх сурвалж: ikon.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.