Брент газрын тосны үнэ 69 ам.доллароос доошилжээ
Лондоны ICE биржийн лхагва гаргийн арилжааны явцад Брент маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс хойш анх удаа нэг торх нь 69 ам.доллароос доошилж унасан байна.
Тодруулбал, 11 дүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 68.87 ам.доллар болж буурчээ. ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллага 2024, 2025 оны таамаглалаа бууруулсны дараа Брент газрын тосны үнэ ийнхүү доошилсон байна. Мягмар гарагт нийтэлсэн тус байгууллагын сар тутмын тайланд дурдсанаар, энэ онд дэлхийн зах зээлд газрын тосны эрэлт хоногт 2.03 сая баррельд хүрч өснө гэж таамаглажээ. Өнгөрсөн сарын тайланд хоногт 2.11 сая баррель болж өснө гэсэн таамаглаж байсан юм. АНУ, БНХАУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгаагаас шалтгаалан шатахууны эрэлтэд хөрөнгө оруулагчдын санаа зовниж байгаа нь үнэд нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ.
Газрын тосны үнийн бууралт өнгөрсөн долоо хоногоос хойш үргэлжилсээр байна. Есдүгээр сарын 4-нд Брент маркийн газрын тосны үнэ 2023 оны 12 дугаар сараас хойш анх удаа баррель нь 73 ам.доллароос доошилж буурсан бол есдүгээр сарын 6-нд байгуулсан фьючерс хэлцлийн /11 дүгээр сард нийлүүлэх/ үнэ 2023 оны гуравдугаар сараас хойш анх удаа 71 ам.доллароос доошилсон юм. Өнгөрсөн долоо хоногт Брент газрын тосны үнэ 10 хувиар, WTI газрын тосны үнэ 8 орчим хувиар буурчээ.
Сэтгэгдэл