Иргэн 40 сая төгрөгийн зээл авах гээд 14 сая төгрөгөө залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 673 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс 39 нь залилах гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд үүний улмаас иргэн хуулийн этгээдэд 369 сая төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад бүртгэгдсэн гомдол мэдээлэл 61 хувиар буурав.
Бүртгэгдсэн гомдол, мэдээллээс дурдвал:
- Иргэн Д “Нөхөн олговрын зээл олгоно” гэсэн фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдож 40 сая төгрөгийн зээл авахаар хүсэлт илгээсэн. Нөгөө талаас төлбөр, урьдчилгаа зэргийг нэхэмжилсний дагуу 14 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх,
- Иргэн Б үл таних этгээдийн цахим хаягт нийтэлсэн "Апликейшны зээл авах эрхийг нэмэгдүүлж өгнө” гэсэн зарын дагуу холбогдон нэвтрэх нэр, нууц үгээ өгсөн. Улмаар үл таних этгээд тус апликейшнаас 1.5 сая төгрөгийн зээл авч залилсан гэх,
- Иргэн М “Миний фэйсбүүк хаягийг хакердаж ойр дотнын таньдаг хүмүүсээс мөнгө гуйж мессеж бичээд нийт 2,7 сая төгрөг залилж авсан байна” гэх.
Иргэд цахим орчинд залилах гэмт хэргийн хохирогч болж байгаа нь дараах шалтгаан, нөхцөлтэй байна. Үүнд:
- Нийгмийн сүлжээ хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг өөрийн нэр, төрсөн огноо, утасны дугаар гэх зэргээр бусад хүн тааж тааварлаж болохуйц хялбар байдлаар үүсгэдэг.
- Өгөөш бүхий мэдээллийг уншихаар сонирхон дарж нэвтрэх нэр, нууц үгээ алддаг. Жишээ нь: “Буцалтгүй санхүүгийн тусламж үзүүлнэ”, “Гадаадаас илгээмж ирлээ” “Өв залгамжлал болон сугалаанд хожлоо” зэргээр иргэдийг төөрөгдөлд оруулж, амар хялбар аргаар мөнгө олох, өсгөх санаа, сэдлийг төрүүлэхүйц мэдээлэл үнэн зөв эсэх талаар нягтлан судалж үздэггүй.
- Цахим платформуудыг зохих түвшинд ашиглах мэдлэг дутмаг, хувь хүний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүйн онцлог, хайхрамжгүй байдал зэрэг нөлөөлж байна.
Та тухайн цахим хаягийн ард хэн байгааг мэдэх боломжгүй учраас цахим орчинд түгээгдэж буй аливаа зар мэдээлэлд шүүлтүүртэй хандаж нягталж судлах, урьдчилж ямар нэгэн төлбөр мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.30] 2024-09-17 10:40:03
Сошиал медиагаар бага хүүтэй зээл олгоно гэсэн бүх сурталчилгаанууд бүгд залилан шүү харанхуй оркуудаа.