Зимбабве улс ган гачигт нэрвэгдсэн иргэдээ өлсгөлөнгөөс аврахын тулд 200 зэрлэг зааныг заазална

Aдмин / Улстөр

Африк тивийн өмнөд хэсэгт оршдог Зимбабве улсын эрх баригчид ган гачгийн улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдээ хүнсээр хангахын тулд 200 зэрлэг зааныг заазлах шийдвэр гаргажээ.

Эль Ниньо цаг уурын үзэгдлийн улмаас энэ жил тус улсад сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй их ган гачиг нүүрлэсэн юм. Үүний улмаас хүн амынх нь бараг тал хэсэг хоол хүнсний ноцтой хомсдолд орох эрсдэл бий болжээ.

Зимбабве улс нь 84,000 гаруй зэрлэг заантай бөгөөд энэ нь дэлхийд зөвхөн Ботсвана улсын дараа орох өндөр тоо юм.

Гэхдээ тус улсын байгаль үүнээс бараг хоёр дахин бага буюу 45,000 зааны багтаамжтай тул заазлахад асуудал байхгүй гэж эрх баригчид үзэж байна.

Байгаль орчны сайд Ситембисо Ниони өнгөрсөн долоо хоногт парламентад үг хэлэхдээ “Зимбабве улс хэрэгцээнээсээ, ширэнгэ ойн багтаамжаасаа илүү их заантай” гэж мэдэгдэж байв.

Үүний улмаас хүмүүс болон заануудын хоорондын зөрчил нэмэгдсэнийг тэр бас хэлжээ. Тухайлбал энэ он гарснаас хойш Зимбабвед 31 хүн зэрлэг заантай зөрчилдсөний улмаас амиа алдсан гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Намиби улс бас ижил шалтгаанаар 700 зэрлэг амьтныг, түүн дотроо заануудыг хүнсний зориулалтаар заазлах шийдвэр гаргасан юм.

Сүүлийн байдлаар 150 гаруй амьтныг авлаж, 57 тонн орчим махыг иргэдэд хуваарилаад байгааг Намибийн эрх баригчид саяхан мэдээлжээ.

Зимбабве, Намиби улсуудад энэ он гарснаас хойш маш бага хур тунадас унасны улмаас ган гачиг нүүрлээд байгаа.

Гэхдээ дээрх улсуудын шийдвэрийг байгаль хамгаалагчид ширүүн шүүмжилж байна.

“Заануудыг заазлахыг эсэргүүцэж байна. Заанууд оршин байх эрхтэй. Ирээдүй үе маань заануудыг байгальд нь харах эрхтэй” гэж Зимбабвед үйл ажиллагаа явуулдаг Байгалийн Нөөцийн Засаглалын Төв байгууллагын тэргүүн Фарай Магуву сошиал хуудсаараа мэдэгджээ.

Тус улсын дархан цаазат газруудын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Тинаше Фараво “Зэрлэг ан амьтад нийгэмд аюул учруулж, хүмүүсийн амь насыг хохироосоор байна. Өнгөрсөн долоо хоногт манай улсын хойд бүс нутагт нэг эмэгтэй заанд гишгүүлж алагдсан. Өмнөх долоо хоногт нь бас нэг эмгэнэлт явдал гарсан. Тиймээс зааны тоо толгойг цөөрүүлэх нь зөв шийдвэр” гэж тайлбарласан байна.

Түүний мэдээлснээр Зимбабве улс 1988 оноос хойш ийм арга хэмжээ аваагүй байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.