УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Намрын чуулганаар хэлэлцэн батлах ёстой хамгийн гол хууль бол Төсвийн тухай хууль. Энэ хууль батлагдаж байж л улсын ажил эхэлдэг. Энэ хууль батлагдаж байж л төр, хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтаа эхлүүлдэг. Хийж байснаа үргэлжлүүлдэг. Тиймээс улс даяараа улсын төсөв хэрхэн батлагдахыг харж, хүлээж байна. Төсвийн хууль санаачлагч нь мэдээж Засгийн газар. Батлах ёстой субьект нь УИХ. Улмаар УИХ-аас баталсан төсвөөр Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг зарчимтай. Тэгэхээр өргөн барьсан төсвөө анхны хувилбараар нь батлуулах сонирхол Засгийн газар, тэр дундаа салбарын сайдад их бий. Хэрэв аль нэг сайдын багцын дүнг УИХ хэлэлцэх явцдаа өөрчилбөл тухайн яам салбарынхаа төлөвлөсөн ажлаа батлагдсан төсөвтөө уялдуулаад өөрчилж таарна. Энэ өөрчлөлт заримынх нь эрх ашигт нийцэхгүй, заримынх нь ажлыг гацаах ч эрсдэлтэй байдаг. Тиймээс л жил бүр төсөв хэлэлцүүлэх явцдаа өргөн барьсан төсвөө эх хувилбараар нь батлуулах гэж сайд нар гишүүдэд найр тавьдаг уламжлал тогтоод удаж байна. Үүнийг нь УИХ-ын гишүүд мэддэг учраас ямар нэгэн байдлаар улстөржилт хийж, зарим нь кнопоо худалдах үзэгдэл гардаг. Монголчууд энэ мэт дээр, дооргүй эрх мэдлээ ашиглаж, олдсон боломжоос ямар нэгэн байдлаар өөрт ашигтай байдлыг бүрдүүлэх гэж хичээдэг, хогийн хандлагатай. Ийм хандлага шинээр бүрэлдсэн анхны 126 гишүүнтэй парламентад ч саяхан тод харагдлаа. Ердөө 50-хан сая төгрөг дээр л Монголын ард түмний төлөөлөл болж төрийн жолоог атгаж яваа төрийн түшээд “ноён нуруугаа хугалчихлаа”. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд Тэрэлжийн таван одтой зочид буудалд цугларч, төсвийн хэлэлцүүлгийг хийсэн нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байна. Төсвөө хэлэлцэх нь зөв ч яагаад заавал Тэрэлжид гэж. Яагаад заавал үнэтэй, тансаг зочид буудалд гэж. Иргэд гайхаж байна. Тэр тусмаа хуралдсан зочид буудал, амралтын газар нь Ч.Номин сайдын хамаарал бүхий компанийнх болж таарч байдаг. Үүнээс илүү иргэдийн хамгийн их дургүй нь хүрч, шүүмжилж байгаа асуудал бол тус хурлын зардлыг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр хийсэнд байгаа юм. Тиймээс уг зардлыг хуралд оролцсон УИХ, Засгийн газрын гишүүд буцаан төлж, татвар төлөгчдийн үргүй зардлыг нөхөх ёстой гэсэн байр суурьтай иргэд олон байна. Тэрэлжид болох тус хэлэлцүүлгийн мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас УИХ-ын гишүүдийн нэгдсэн вайбэр групп чатанд анх мэдээлж. Улмаар тус хуралд УИХ-ын нэр бүхий 70 орчим гишүүн, Засгийн газрын ихэнх гишүүд очиж оролцсон байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдээс Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, О.Батнайрамдал, Э.Батшугар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Ж.Ганбаатар, М.Ганхүлэг, Г.Дамдинням, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд нар явж. Харин Засгийн газрын гишүүдээс Н.Учрал, С.Амарсайхан, Э.Одбаяр, Б.Тулга, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Ч.Номин, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарын нэрс хэвлэлээр яригдаж байна. Тэгвэл очоогүй гишүүд, сайд нарын нэрсийг ил болгож, нийтэд зарлахыг ЗГХЭГ-аас шаардаж байна, ард түмэн. Энэ парламентад жагсаалтаар орж ирсэн болон тойргоос сонгогдсон залуу гишүүдийн ихэнх нь очсон гэж байгаа. Эдгээр залуу гишүүдийн зарим нь уг хуралд яагаад очсон талаараа “Төрийн ажил явагдана гэж хэлсэн болохоор л очсон. Үнэхээр найр наадам болно гэж мэдээгүй. Цаашид иймэрхүү хэлэлцүүлэгт бид очихгүй” гэдэг тайлбарыг хэвлэлд өгч байна. Зарим нь хэлэлцүүлэг дуусгаад хот руу буцсан гэж байгаа бол зарим нь хэлэлцүүлэг өндөрлөсний дараа уг зочид буудалд тухлан саатсан байгаа юм. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар уг зочид буудалд УИХ, Засгийн газрын гишүүд манай танай нам гэлтгүй бүгд ууж, идэн шөнөжин найрласан аж. Ёстой аз жаргалтай, тав тухтай төсвийн хэлэлцүүлэг гэж энэ байх даа. Тэрэлжид байдаг тэрхүү таван одтой зочид буудалд энэ удаад л гишүүд очиж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм биш л дээ. Улстөрчид, томчууд тэнд байнга очиж эрх ашгаа нэгтгэдэг болоод удаж байгаа. Тэр дундаа МАН-ын том дарга нар уг газарт очиж улс төрийн нууц тохироо, хуралдаан, далд бодлогуудаа хэлэлцдэг жишээ олон. 2017 онд МАН-ын харьяалалтай УИХ, Засгийн газрын гишүүд Тэрэлжид очиж уулзалдаж байсан нь ил болж олны дургүйцлийг төрүүлж байсан. Яг одоогийнх шиг сонгуулийн дараахь УИХ, Засгийн газрын гишүүдийн уулзалт болж таарсан. Үүнийг тухайн үед УИХ-ын гишүүн байсан Д.Дамба-Очир тайлбарлан ярихдаа “…Өнгөрөгч баасан гаригийн орой Засгийн газрын гишүүд Их хурлын гишүүдээ хүлээж авсан нь үнэн. Гэхдээ оройн зоогийн ширээний ард суучихаад Таван толгой, Эрдэнэт ярина гэж байхгүй. Тийм ч зүйл болоогүй. Баасан гаригт Тэрэлжийн замд байдаг тэр газар амарцгаагаад ирсэн. Тэнд ямар нэг асуудал шийдээгүй. Зохион байгуулалттай хийсэн зүйл байхгүй ээ” гэж өөрсдийгөө өмөөрч байлаа.
Тэгэхээр иймэрхүү уулзалт, хэлэлцүүлэг, хурал МАН-ын уламжлалт арга хэмжээ гэж хэлж болохоор. Гол асуудал нь уг уулзалтынхаа зардлыг улсын төсвөөс гаргасанд л байгаа юм. Ард түмэн өнөөдрийнхөө идэх бүтэн талхнаас талыг аван байж улсдаа татвар төлдөг. Харин тэрхүү төлөгдсөн татвараар нь эрх баригчид найрлаж, тансаг зочид буудалд төрийн ажлыг явуулж байгаад ард түмэн үнэндээ зэвүүцэн, дургүйцэж байна. Угтаа УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг явуулах тусгай байр, ордонтой. Тэнд төрийн ажлыг явуулах хууль, журамтай. Явуулж байгаа үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэндээ ил тод, нээлттэй мэдээлэх үүрэгтэй.
Энэ утгаараа Тэрэлжид очсон УИХ, Засгийн газрын гишүүд хууль зөрчихөөс гадна, иргэдээ басан доромжилж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ үйлдэлдээ хууль тогтоогчид иргэдээсээ уучлалт гуйж, зарцуулсан төсвийн мөнгийг нөхөн төлөхийг олон нийт шаардаж байна. Шаардах нь ч зөв. Нөгөөтэйгүүр төсөв батлах нь УИХ-ын гишүүний үүрэгт ажил. Төсөвт алдаа байвал засч залруулах эрх нь УИХ-ын гишүүнд бий. Энэ ажлаа хийхдээ заавал Засгийн газар, сайд нарын лоббинд орж, өгсөн хоолыг нь “гудрах” ямар шаардлага байна. УИХ бол бага ард түмэн. Ард түмэн өлсгөлөн байж болно. Та нар ядаж өлөн баймааргүй байна, гишүүд ээ. Хийх ёстой ажлаа хуулийн дагуу хийгээд л явцгаа л даа. Төсвөө нийтийн эрх ашигт нийцүүлж, нөгөө бүсчилсэн хөгжлийнхөө үзэл баримтлалд тулгуурлан батал гэж та нарыг ард түмэн сонгоцгоогоо биз дээ. Гэтэл төсөв батлах эрх мэдлээ таваг хоол, тал шил архинаас худалддаг УИХ-ын гишүүн гэж байдаг аа. Ингэснээрээ та нар ард түмний саналыг худалдаж байна гэсэн үг. Ийм өчүүхэн бодолтой, өлөн гишүүд жар далаараа энэ парламентад байна гэхээр Монгол Улсын хөгжил, ирээдүй гэрэлтэй харагдах нь эргэлзээтэй юм аа. Юутай ч татвар төлөгчдийн хөрөнгөөс гоожуулсан 50 сая төгрөгөө дээрх нэр бүхий гишүүд буцаагаад төлчих.
Э.МӨНХТҮВШИН
Сэтгэгдэл
Зочин [202.179.31.242] 2024-10-31 12:43:35
mangasnuud
МОНГОЛ [202.55.188.100] 2024-10-30 08:40:44
Буруутан угаасаа ил Гацууртын Чинабатын эрх охин Номин авгай л байна ш дэ. Өөрөөр нь 10 нугалж төлүүлэх хэрэгтэй төрийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хас.
Зочин [59.153.115.161] 2024-10-29 16:06:58
Хохь нь ээ яах гэж сонгуульд саналаа өгөөгүй юм. Ер нь эд нар ингэж тансгалаж байхаар хотод нэг сургуулийн зааланд суугаад хуушуур өөрсдийхөө мөнгөөр авч идээд төсөвөө ярилцаж болно шүү дээ. Нөгөө баян, ядуу хоёр орны ерөнхийлөгч гадаадад онгоцоор айлчилсан явдал шиг л юм болж. Ингээд хөгжил яриалд я яахав дээ.
Зочин [66.181.187.200] 2024-10-29 10:13:46
хохь нь ээ, та нар өөрсдөө яах гэж хулгайч нарын төлөө санаа өгдөг юмб !??
малуудыг журамла [66.181.183.74] 2024-10-28 18:54:29
төр засгийн ажлыг явуулж бай гээд ьүмний хөрөнгөөр төрийн ордон, тусгаар тогтнолын ордон гээд ажлын байр ширээ сандал, техник хэрэгсэл дутаагүй шүү энэ малуудыг таоаавал зохино. хоол унд буудлын зардлааэс гадна баахан тээврийн хэрэгслийн зардал, за тэгээд архи гудрах хоол унд гээд асар их зардал гарч байгаа шүүдээ.
Монгол нь Швейцарын туршлагыг авья. [66.181.183.131] 2024-10-28 16:50:39
Ер нь Швейцарын парламент шиг болговол яасан юмб? Тэнд гишүүд нь парламентаасаа цалин хөлс авдаггүй буюу бараг авдаггүй гэсэн биздээ. Зүгээр үйл ажиллагааны зардлыг улсаас нь гаргаад өгчихдөг гэж эртээд ТВ-ээр гаргаж байсан.
Зочин [202.131.234.123] 2024-10-28 18:12:39
монголд 126 цалингүй идэж ууж найрлаад баяжаад байгаа шүү дээ.
ZOCHIN [66.181.180.65] 2024-10-28 16:40:56
ULS ORNOO SAIXAN XUGJUULCHIXDEG BOLOOSOI.
зочин [103.111.68.3] 2024-10-28 15:13:09
Төлөө ч ээ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,Ичдэггүй шаарнууд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
irgen [64.119.29.146] 2024-10-28 15:03:54
idej uusan bol tuluh estoi. Ard irgediin mungiig vrgvi zardald bvv taraaj tsats
Зочин [202.126.91.228] 2024-10-28 15:00:24
Төлүүл !
Зочин [202.70.34.27] 2024-10-28 14:51:32
За тэгдээ төл төл дээрээс нь ЭМДын санг юу ч үгүй хоосолсон бналээ эмнэлгийн үйлчилгээ йвах гэхээр л мөнгө нэхдэг болсон байналээ яагаад гэхээр 11,01нээс ЭМД-с өгөх мөнгө байхгүй болсон гэдэг хариу хэлж байналээ
Зочин [202.9.40.19] 2024-10-28 14:43:57
Төлүүл