Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсөвт хориг тавих уу
УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг энэ сарын 8-нд эцэслэн баталсан. Хуулийн төсөлд Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг,
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар тусгасан.
Мөн “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан. Тус тогтоолд төсвийн тодотголын төслийг энэ оны 12 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан билээ.
Ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахыг Засгийн газарт анхааруулж байв.
Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг батлагдсанаас хойш буюу 11 хоногийн дараа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн "А" танхимд өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийхээ мэдэгдэв. Нийгэмд Ерөнхийлөгч хэт тэлэлттэй, тооцоо судалгаа муутай 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавих байх гэсэн хүлээлт байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [202.9.46.148] 2024-11-20 09:05:52
монгол улсад банк хэмээх төриин тулгуур багн үнхээр ард иргэдииг шулж хөдөлмөр эрхлэх бизнес хиих уамарч боломжгүи залуус гадагшаа дүрвээд баигаагиин гол шалтгээн нь ёрдөө л энэ шүү дээ энэнд арга хэмжээ авахгүи юм уу банкни хүүг 3/ болгохгүи юм уу