Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн үргэлжилж байна

Aдмин / Энтертайнмент

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэнгийн нээлт fчигдөр (2024.11.23) Монголын үндэсний музейд боллоо.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үзэсгэлэнг нээж8 нийт зочдод Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн түүхэн хөгжил, туулсан замыг эргэн санах, ирээдүй хойчдоо таниулахаар үндэсний ой санамж болох архивын баримтуудыг ийнхүү дэлгэж байгааг тэмдэглэв.

Тэрбээр “Монголчууд өнө эртний баялаг түүх соёл, төрт ёсны уламжлалтай ард түмэн. Түүхийн хугацаанд төр улсаа төвхнүүлж, бүс нутаг болон дэлхий дахинаа алдар суугаа мандуулахын сацуу түүхийн зурвас үед гээсэн тусгаар тогтнолоо эргэн сэргээн мандуулж, төр улсаа хадгалж ирсэн.

Эрдэм ухаант, эрэлхэг зоригт тэмцэгч өвөг дээдэсийн маань халуун сэтгэл, мятаршгүй тэмцэл, гавьяагаар улсынхаа тусгаар тогтнолын төлөө нийгмийн бүх давхарга нэгдэж, тэмцэн 1911 оны Үндэсний хувьсгалаар Манжийн засгийг халж, Богд Хаанаа өргөмжилсөн.

Улмаар энэ тэмцлийн үр дүнгээ 1921 оны Ардын хувьсгал ялалтаар бэхжүүлэн, төрийн үйл хэргийг ард түмэн өөрсдөө эрхлэн мэдэх ардын засаглал, Бүгд Найрамдах Улсыг 1924 онд анх удаа хуульчлан баталгаажуулсан.

Монголын ард түмний нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж улс орныхоо тусгаар тогтносон бүрэн эрх, төрийн байгуулал, иргэдийн эрх, эрх чөлөө, нутгийн захиргаа зэрэг нийгмийн суурь харилцаануудыг анхдугаар Үндсэн хуулиар зохицуулж, баталгаажуулсан нь тухайн цаг үедээ үнэхээр шинэ содон зүйл байв” хэмээлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас 2024 оны эхээр байгуулсан болохыг дурдан “Ажлын хэсэг энэ хугацаанд эрдэм шинжилгээний хурал, Үндсэн хуулийн ач холбогдлыг сурагчдад таниулах ажлууд, мөн өнөөдрийн үзэсгэлэн, хүндэтгэлийн чуулган зэрэг олон арга хэмжээ төлөвлөсөн.

Улс орон бүр Үндсэн хуулиараа, төрт ёсны түүх, соёлоороо бахархдаг. Монгол Улс өнө эртнээс улбаатай төрт ёсны түүх, соёлтой” хэмээн тэмдэглээд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхээ бататган, тэмдэглэхийн учир утгыг нээлтээ хийж буй энэхүү “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт үзэсгэлэн илэрхийлнэ гэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан үг хэлэв. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд тус яам хамтран ажиллахын зэрэгцээ 11 дүгээр сарыг энэ сэдвээрх соёлын бүтээлч сар болгон зарласан болохыг дурдаж байв.

Монгол Улсын үе үеийн Үндсэн хуулийн ач холбогдол, түүх соёлын талаарх “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөг дахь 1924, 1940, 1960, 1992 онуудын Үндсэн хуулиудын талаарх баримтуудыг орчин цагийн уран бүтээлчдийн гэрэл зургуудтай хослуулан цоо шинэ, бүтээлч дэглэлттэй зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

Энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах газрын дарга Х.Мөнхбилэг хэлэхдээ “1924 онд монголчууд анхдугаар Үндсэн хуулиа боловсруулж, батлахдаа юу туулж, юу мэдэрч, ямар ирээдүйг мөрөөдсөн гэдгийг 100 жилийн дараа бид хараад зогсож байна.

Өнөөдөр сахин тунхаглаж буй Үндсэн хуулиараа бид ирээдүйд, дараагийн 100 жилд ямар чиг баримжаатай, хэрхэн амьдрах вэ гэдгийг бодох учиртай юм. Иймээс Үндсэн хуулиа бид өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээст харуулахаар “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнг дэлгэж байна.

Ард түмэн ирээдүйн төсөөллөө Үндсэн хуульдаа шингээдэг юм байна, Үндсэн хууль бидний ирээдүйн зорилгыг тодорхойлдог юм байна гэдгийг энэ танхимд дэлгэгдсэн анхдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулж эхэлсэн 1922 оны түүхэн баримтаас эхлэн өнөөдрийг хүртэлх баримт, бүтээлүүдээс харах боломжтой” гэлээ.

Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх төрийн тогтолцоо, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын суурь зохицуулалтуудыг мөрдлөг болгосон 1924, 1940, 1960, 1992 онуудын Үндсэн хуулиудыг таниулах зорилгоор архивын бичиг баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг дэлгэн олон нийтийн хүртээл болгож байгаа юм.

Мөн шинэлэг, өвөрмөц уран бүтээлүүдээрээ Үндсэн хуулийн ач холбогдол, зүйл заалтуудыг хүүхэд, залууст таниулан хүргэж буй орчин цагийн залуу уран бүтээлч, гэрэл зурагчдын төлөөлөл Ё.Чанцалдуламын бүтээлүүдээс дэлгэсэн байна.


Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 23-наас 30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Улсын Их Хурлаас “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан. Энэ дагуу Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.