АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжихгүй
Анхдугаар Үндсэн Хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр (2024.11.25) болж, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн, үе үеийн УИХ-ын гишүүнээр Ардчилсан намаас сонгогдон ажиллаж байсан гишүүддээ хүндэтгэл үзүүлэв.
Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж, 2024.11.22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, дэмжих боломжгүй гэж үзсэн байна.
2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хууль 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх учиртай. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар оруулж иржээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Монголд болж бүтэхгүй байгаа асуудлын үндсэн шалтгааны нэг нь улс төрийн намууд гэж үзэн, үүнийг залруулах үндэс нь Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт гэж нэг жилийн өмнө баталсан.
Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийн танилцуулгад улс төрийн намууд үлдэж буй хугацаанд зохион байгуулалтын дүрмийн өөрчлөлт хийж амжихгүй учраас 2027 оны наймдугаар сар хүртэл хойшлуулах талаар дурдсан байна.
2023 оны долдугаар сард батлагдаж, хэрэгжих хугацааг нь тодорхой заасан хуулийг хоёр жилээр хойшлуулах шаардлага байхгүй.
Хэрэв улс төрийн намууд бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөхөд хүндрэлтэй байгаа бол яагаад нэг, хоёр сараар хойшлуулахгүйгээр хоёр жилээр хойшлуулж байгаа юм бэ гэдэгт хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбар хэлж чадахгүй байна. Бид хуулийн дор амьдрах ёстой" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл