Хувиараа бизнес эрхлэгч 200 мянга гаруй иргэн байгаагийн 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд
МҮХАҮТ "Голомт" банктай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, бүтээмжийг дээшлүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтыг дэмжих, тэдэнд тулгарч байгаа зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ.
“Women Owned” тохирлын тэмдгийг одоогоор 50 гаруй ААН аваад байгаа бөгөөд тэдний хамтын ажиллагааг өрнүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилгоор “She leads” арга хэмжээг Монголын уран зургийн галерейд зохион байгуулав. Мөн тус арга хэмжээний үеэр эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан www.womenowned.mn вэбсайтыг нээж буйгаа зарлаж, танилцуулга хийсэн.
Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хэлсэн үгэндээ “Монгол Улсын хэмжээнд эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр буюу 68 хувь, үүнээс нийт эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна.
Хувиараа бизнес эрхлэгч 200 мянга гаруй иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд. Харин нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байдаг. МҮХАҮТ-ын нийт гишүүдийн 36 хувь нь эмэгтэй удирдлагатай байна.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь улс орны бизнесийн орчныг бүхэлд нь сайжруулаад зогсохгүй гэр бүлийн орлогыг өсгөж, амьдралын чанарыг сайжруулж, хүүхдийн эрүүл мэнд, боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг тухай судалгаа бий.
Энэ ч утгаар МҮХАҮТ-аас эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл бүрт тусган хэрэгжүүлж ажиллаж байна” гэлээ.
“Голомт” банкны Ерөнхийлөгч Г.Ганболд мөн энэ үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ хандаж үг хэлэв. Тэрбээр “Голомт банк он гаруут үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойтой золгоно. Энэ хугацаанд Монголын хувийн хэвшлийн банкуудыг түүчээлж, бизнесийг дэмждэг, ялангуяа шинээр, тогтвортой үр дүн бий болгож байгаа жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр тогтвортой ажиллаж, манлайлагч банк болсон.
Хамгийн гол нь, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд манай банкны зорилтын нэн чухал хэсгийг тогтвортой хөгжил, ногоон бизнесийг хөгжүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт рүү чиглэх болсон. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил МҮХАҮТ-тай хамтран “Woman owned” тохирлын тэмдгийг хамтарч гаргасан.
Манай харилцагчдын 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой бодлого явуулж ажиллаж байна. Цаашид ч энэ бодлогоо барьж ажиллах болно” гэлээ.
МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан Монгол Улсад бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл бодлогын түвшинд, эрхзүйн орчны хувьд ч эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр байдаггүй. Тиймээс МҮХАҮТ, “Голомт” банк санал санаачлага гарган ажиллаж буйг онцолсон юм.
Улмаар “Woman owned” тэмдгийг тодорхой шалгуур хангасан, нийт хувь нийлүүлэгчдийн 50-иас дээш хувь нь эмэгтэй, эсвэл эмэгтэй удирдлагатай, ажилчдынх нь 50-иас дээш хувь нь эмэгтэй ажилчинтай бизнес эрхлэгчдэд олгох боломжтой.
Энэхүү гэрчилгээг авсанаар бизнес эрхлэгчид “Голомт” банк болон МҮХАҮТ-аас явуулж байгаа бүхий л сургалт, дэмжлэгүүд, олон улсын үзэсгэлэнд оролцохоос гадна хамгийн гол нь “Голомт” банкнаас олгож байгаа зээлд хамгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломж бүрдэж буйг дуулгалаа.
Мөн энэ үеэр “Савана Органика” ХХК, “Глобал талент менежмент” ХХК, “Монфүүдланд” ХХК-иуд “Woman owned” тохирлын тэмдгээ гардаж авч, “Монголын She Trades Hub”-д гишүүнээр элслээ.
Түүнчлэн МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын албыг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар эмэгтэйчүүддээ зориулсан бизнесүүдийг хооронд нь танилцуулах, холбох, түншлэлийн харилцаагаа үүсгэх боломжийг олгосон сайхан арга хэмжээ болж байгааг онцлоод цаашид МҮХАҮТ-ын зүгээс эмэгтэй бизнес эрхлэгчдийнхээ бизнесийг дэмжих чиглэлээр олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгав.
Дэлхийн худалдааны байгууллага, Олон Улсын худалдааны төв хамтраад “She Trades” хэмээх дэлхий дахинд бизнес хийж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих санаачлагыг 2017 оноос эхлүүлсэн. Дэлхийн 17 улсад салбартай.
Монгол Улс 2023 онд 15 дахь улс нь болж, МҮХАҮТ-ын дэргэд “She Trades” буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг байгуулсан. Энэ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесийн харилцаагаа өргөжүүлэх олон давуу талыг олгож байгаа юм.
Монголын “She Trades Hub”-д гишүүнээр элссэнээр бусад улсуудтай хийх бизнесийн боломж нээгдэж байгаа гэдгээрээ хамгийн чухал. Үүгээр дамжуулан Монголын бизнес эрхлэгчдийг олон улсын болон бүс нутгийн зах зээлд өрсөлдөхүйц байх чадварыг бэхжүүлэх юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2024-12-07 18:23:43
лангууны ард байгааг нэг их ажил хийгээд байгаа юм шиг ярих юм аа. тэр чинь мөлжлөг шүү дээ