Евразийн эдийн засгийн холбоог дагаж “намираад,” үндэсний үйлдвэрлэлээ устгах уу

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад бусдыг даган дуурайж элссэн. Түүнээс хожсон зүйл гараагүй. Импортын тарифаа багаар тогтоож, бодлогын хувьд алдаатай шийдвэр болсон.

Яг түүнтэй нэгэн адил Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-нд элссэнээр Монгол Улс алдаагаа давтах нь. Өөрөөр хэлбэл, ЕАЭЗХ-д элссэнээр бараг адилдаа, нэг их давуу тал гарах нь юу л бол” хэмээн эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна.

Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах хүрээнд шинэ оноос өмнө тус холбоонд элсэж, 375 нэр төрлийн, биткус код бүхий, задрахаараа 2000 гаруй болох барааг тэг татвартайгаар, харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлохоор урьдчилсан байдлаар тохиролцжээ.

Хэрэв энэхүү түр хэлэлцээр байгуулагдвал Монгол Улсын дотоодын үйлдвэрлэгчид зах зээлээс шахагдаж, үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч, ажлын байр хомсдох бөгөөд орос голдуу бараагаар лангуунууд дүүрнэ гэсэн үг.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү хэлэлцээрт хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд бүгд оржээ. Тодруулбал, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаанбуудай, төмсө, өндөг, архи, пиво ундаа гэх зэргээр бүгд багтжээ. Хэрэв энэ гэрээ байгуулагдвал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрэхээс гадна Монгол Улсад импортын татваргүй бараа чөлөөтэй орж ирнэ гэсэн үг юм.

Сангийн сайд Б.Жавхланг хэлэхдээ "Энэхүү түр хэлэлцээр анх яригдаж байгаа асуудал биш. Арав гаруй жилийн хугацаанд ажиллаж байна. Манай улс хэрэглэгч улс. Үйлдвэрлэгч болохоор явж байгаа. Импортын бараа тэглэхэд сөрөг цохилт болох нь мэдээж. Үүн дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамд судалгаа маш сайн хийх ёстой. Бид дотооддоо үйлдвэрлэж байгаа ойрын ирээдүйд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний балансаа маш зөв гаргаад, импортын цохилтыг зөв тооцоолж, гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлэх нь зүйтэй" хэмээн хэлсэн.

Салбарын сайд Ж.Энхбаяр "Монгол Улсын Засгийн газар олон жилийн хугацаанд Евразийн эдийн засгийн холбоотой гааль, тарифын хэлцэл хийхээр ажиллаж ирсэн. Одоо эдийн засаг, хөгжлийн яам энэ гэрээг хариуцаад, хоёр талаасаа эцэслэх түвшинд явж байна.

ХХААХҮЯ-ны хувьд өөрсдөө үйлдвэрлэдэг 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор орж ирэх 375 нэр төрлийн бүтээгдэхүүнээс хасах хатуу байр суурь гаргаж хамгаална. Эдгээр 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг уг хэлэлцээрээс хасах ёстой гэдэг саналыг Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсэн. Мөн ОХУ-ын талд албан захидал илгээсэн" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тус түр хэлэлцээрийн гол нөхцөл нь, Еврази талаасөндөг, улаанбуудай, малын тэжээл, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэргийг татвар тэглэгдэх барааны жагсаалтад оруулах санал гаргасан байна. Монгол Улсаас ноос ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгөөр экспортлохоор төлөвлөжээ.

Евразийн эдийн засгийн холбоо ОХУ, Беларус, Казахстан, Киргиз, Армен гэсэн үндсэн таван улсаас бүрддэг. Монгол Улс дээрх таван орноос ОХУ-аас голлон бүтээгдэхүүн импортолдог.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны тэнцэл 97:3-ийн харьцаатай. ОХУ-аас импортолж буй бараа, бүтээгдэхүүнд дунджаар таван хувийн татвар ногдуулж байгаа бол ОХУ руу экспортлоход 50 орчим хувийн татвар төлж байгаа ажээ.

Хөгжиж буй орнуудын хувьд экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжөөгүй байдгаас импортын бараа тэлж, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюултай. Энэ нь Чөлөөт худалдааны хэлэлцээрийн гол сөрөг нөлөө юм.

Түр хэлэлцээр байгуулагдвал үр дүнд нь ижил төрлийн бараа үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, Монголын дөнгөж хөл дээрээ босох гэж ядаж буй аж ахуйн нэгжүүд улсаасаа ихээхэн татаас авч томорсон дээрх орны олигархи компаниудтай өрсөлдөж чадахгүй билээ.

Мах, махан, сүү, сүүн, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байхад импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны алдагдлыг улам ихэсгэн улсаа хорлох хэлэлцээр байгуулах ёсгүйг дотоодын үйлдвэрлэгчид онцолж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Тэдний хэлж буйгаар, Монголын үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд гарч амжаагүй байхад гаднаас татваргүй бараа ороод ирвэл дампуурах билээ.

Чөлөөт худалдааны хэлэлцээрийг үйлдвэрлэгч орон буюу зарах бараатай айл зах зээлээ тэлэх гэж хийдэг бөгөөд энх цагт аль нэг тал татаас, хөнгөлөлт, ханшийн давуу талгүй нөхцөлд байгуулдаг байна.

Монголын бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид тус түр хэлэлцээрийн талаар өнгөрсөн долоо хоногт анх удаа сонсчээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар, Монголын талаас чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг арваад жилийн өмнөөс тавьж ирсэн ч Оросын тал зөвшөөрдөггүй байж. Харин Путины сүүлийн айлчлалын дараа энэ асуудал эрчимжсэн гэж эх сурвалж мэдээлэв.

Татваргүй хүнс оруулж ирэх тухай уулзалтууд маш нууц түвшинд явж иржээ. УИХ-ын гишүүд хүртэл энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй, эрх бүхий хүмүүсээс хувийн шугамаар тодруулж,ойлголттой болсон талаараа хэлж байна.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас түр хэлэлцээрийн талаар тодруулбал “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна” хэмээн мэдээлсэн юм.

ОХУ-ын Москва хотноо арванхоёрдугаар сарын 20-нд Евразийн Эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын хурал товлогдсон. Тус хуралд Шадар сайд С.Амарсайхан бизнесийн төлөөллийн хамт оролцох аж.

Эрх баригчид монгол төрийн бодлогыг тогтвортойгоор үргэлжлүүлж, хүнс, хөдөө аж ахуйн салбараа хамгаалж, гаднаас татваргүйгээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх энэхүү түр хэлэлцээрийг байгуулахыг эсэргүүцэж, хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах нь чухал юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Zochin [178.51.216.46] 2024-12-11 01:37:00

Tegeed heniig daga geh geed baigaa um be ergen toirond baigaa ulsuudtai evtei togtvortoi baih chuhal biz dee. Holiig joohon harchih, bas neg buruu um bicheed tarhi ugaah geed demii

Зочин [66.181.180.150] 2024-12-10 23:52:49

Оросоос хүнс авахад чанмр муу. Ногоо жимс гэж бүр байхгүй. Дотооддоо үнэ нь тэнгэрт хадаж байгааг харж байгаа биздээ. Беларусь хүнс гайгүй. Учир нь тэд хүнс үйлдвэрлэхдээ соц үеийн стандартаа барьж байгаа. Элчин консулынхаа судалгаа дүгнэлтийг сайн сонсож сонголтоо зөв хийх хэрэгтэй. Манайхаас гарч байгаа бүхэн чинь цэвэр натураль эд шүү дээ. Тэд булаацалдаад л авна. Чанартай юмаа гуйж үнэгүй шахуу өгөөд рүний ямарч чанаргүй их үнэтэй хор болсон юм оруулж ирж үйлдвэр э/з аа дампууруулж, улс хохироод хоцрох юм хийв дээ. Тэр гарын үсэг зурах нөхөр хүнд үүрэг өгөөд ёайлгүй өөрөө гардаж, судлаж, нүдээрээ үзэж гараараа барьж төрийн өмнөөс асуудал шиыдэж байгаа хүн шиг байж.эцсийн хариуцлагыг хүлээх ёстой. Манай удирдагчдын нэг джтагдал бий. Баахан гарын үсэг зурж.гэрээ хэлцэл хийж албаны дүр эсгэчихээд сүүлд нь түүндээ дүн шинжилгээ хийж, алдаа оноогоо тооцдоггүй хариуцлагаас зугтаад алга болдог. Энэ хэлцэлийн үр дүн хариуцлагыг би үүрнэ гээд гараа өргөөд гараад ирэх сайд удирдагч байна у

Стратегиа баримтлах нь чухал. [66.181.183.61] 2024-12-10 19:33:48

Орос, Хятад 2-ын орж байгаа эдийн засгийн байгууллагад ЗААВАЛ элсэж байх ёстой. Тэр нь ашигтай, ашиггүй байх нь гол асуудал БИШ. Хоёр хөршөө ЮҮ Ч болсон түших нь ЧУХАЛ. Монголд өөр хэн ч, аль ч улс ТУСАЛЖ чадахгүй.

У. Ням [202.131.233.11] 2024-12-10 10:46:43

Хямд юм орж ирвэл ард иргэд бидэнд л хэрэгтэй шүү дээ, дураараа үнээ нэмдэг ард иргэдийг дэндүү дорд үзэж бензин тос, эрчим хүчний үнэ нэмэгдэх сурагаар шулаагаа эхэлдэг биз дээ тэр үнэнтэй нь жишиж харьцуулна биз банкыг ч гэсэн оруулж ирмээр байна

Зочин [122.201.31.48] 2024-12-10 10:34:22

Үндэсний үйлдвэрлэл гэж яг юу байгаан? Хэдэн олигархуудыг хэлж байна уу? Дотооддоо юу ч үйлдвэрлэсэн өртөг нь дэлхийн зах зээлээс 2-3 дахин өсчихдөг парадоксыг хэлээд байна уу? Монголын үндэсний үйлдвэрлэл гэж яг юу юм?

зочин [202.131.226.197] 2024-12-10 10:22:42

Хамгийн буруу зүйл ярьж байна болохгүй шүү

Зочин [66.181.187.92] 2024-12-10 10:06:00

1996 онд Ардчилсан холбоо эвсэл УИХ-ын сонгуулиар 50 суудал авч ялалт байгуулж, М.Энхсайхан Ерөнхий сайд болж, импортын гаалийн татварыг тэглэсэнээр Монгол улсад бүх үйлдвэрлэл зогссон. Социализмийн үеээс үлдсэн ч гэсэн техник, технологийг нь шинэчлээд авч явж чадсан бол одоо яригдаж байгаа хөнгөн үйлдвэрийн паркад байгуулах арьс шир, нэхмэл, сүлжмэл, оёдлын үйлдвэрүүд, шилний үйлдвэр бүгд байсан. Татваргүй бараа бүтээгдэхүүн оруулах хэлэлцээрт нэгдэх биш, дотоодын үйлдвэрлэлээ сэргээхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг татваргүй оруулах хэрэгтэй.

Зочин [122.201.31.48] 2024-12-10 10:35:03

Тэр чинь алдагдлын үйлдвэрлэл байсан учир шууд дампуурсан. Хоцрогдсон технологи.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.