"Оюутын ордын хайгуулын ажлын үр дүнд 2079 оноос хойш дахин 10 жил ажиллах боломж нээгдсэн"

Aдмин / Эдийн засаг

Дэлхийн том компаниуд улс орныхоо эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж буй. Тодруулбл, Саудын Арабын “Saudi Aramco” тус улсын ДНБ-ний 40 хувийг, БНСУ-ын “Samsung Group” 22 хувийг, Германы “Volkswagen” компани 8 хувийг, Швейцар улсын “Nestle” компани 1.5 хувийг, АНУ-ын “Apple” компани 0.5 хувийг тус бүр бүрдүүлдэг байна.

Монгол Улсын Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ДНБ-ий 5.3 хувийг бүрдүүлжээ.

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 оны гүйцэтгэлээр төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлж, 4 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 2 их наяд төгрөг давсан татвар хураамжийг төсөвт төвлөрүүлжээ.

Энэ талаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон өчигдөр (2024.12.11) Гадаад харилцааны яаманд болсон “Монгол Улсын нийгэм, эдийн засагт “Эрдэнэт” үйлдвэрийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал дээр мэдээлэв.

Тэрбээр үйлдвэр өнгөрсөн хугацаанд хайгуул-олборлолтоос боловсруулалт-хуваарилалт руу шилжиж, өдгөө өртгөө нэмэгдүүлж, орлогоо зузаатгах, Үйлдвэр технологийн парк байгуулах зорилго тавин ажиллаж буйг танилцуулсан юм.

Г.Ёндон "Үйлдвэрийн хүдрийн зэсийн агуулга анхны 0.89 хувиас 0.38 хувь болж, (цаашид 0.24 хувь болохоор байгаа) жил ирэх бүр буурсаар байна. Бид хөрөнгө оруулалтаа дээшлүүлж, одоо байгаа нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн хөрөнгө оруулалтыг үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байна.

Нөөцийн хувьд дахин 55 жил буюу 2079 оныг дуустал ашиглах боломжтойн ТЭЗҮ-ээр гаргаж ирсэн. Мөн Оюутын орд дээр хийж байгаа хайгуулын ажлын үр дүнд 2079 оноос хойш дахин 10 жил ажиллах боломж гарч ирсэн гэж ойлгож болно" гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон мөн үйлдвэрийнхээ Тогтвортой хөгжлийн тайланг танилцуулж, энэ талын шалгуур үзүүлэлтүүдийг баталснаа тодотголоо. Үүнд:

  • Хөрөнгийн биржээс компани, ААН-үүдэд тавьдаг Тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүд,
  • Тогтвортой уул уурхайн төлөө” олон улсын TSM стандарт,
  • Мөн олон улсын Copper mark стандарт,
  • Олон улсын бусад байгууллагаас гаргасан ESG шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн боловсруулж мөрдөж буйг танилцуулав.

Тэрбээр “Бид олон улсын стандарт шалгуураар Тогтвортой хөгжлийг хангасан, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн байж үндэсний баялгийг бүтээнэ. Энд бизнесийн ёс зүй, сайн засаглал чухал бөгөөд мөнгөн урсгалын орох гарах үйл ажиллагаанаас эхлээд ил тод, нээлттэй болгосноор геологийн нөөц, хүний нөөц, техник, технологид түшиглэсэн системээр ажиллана” гэж тодотгосон юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.