"Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдүгээр сарын 6-наас бүрэн хүчин чадлаар эрчим хүч нийлүүлнэ"
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллалаа.
Тэрбээр "2024-2025 оны өвлийн оргил ачааллын үе эхэлж, эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, өнөөдрийн байдлаар бүх цахилгаан станц бүх хүчин чадлаараа ажиллаж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 мВт блок ашиглалтад орж, туршилт тохируулгын ажил хийгээд явж байна. Эхний хэсгийг төвийн системд холбож, эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Энэ станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа.
"Бодь" группийнхэнд Эрчим хүчний сайдын хувьд талархал илэрхийлж байна. Эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна. Том бүтээн байгуулалтын ард гарч байна. Нэгдүгээр сарын 6-наас 150 мВт-ын бүрэн хүчин чадлаараа төвийн системд эрчим хүч нийлүүлнэ. Тиймээс цаашид цахилгаан хязгаарлахгүй.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг ирэх жил арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Гурав, дөрөвдүгээр блокийг 2027, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Нийт 600 мВт-ын хүчин чадалтай станц барих юм" гэлээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл