АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп: Америкийг дахин аугаа болгох гэж бурхан намайг аварсан...

Д.Тулга / Улстөр

Доналд Трамп АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр албан ёсоор томилогдлоо. Тэрээр Вашингтоны цагаар үд дүнд ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол АНУ-ын Конгрессын ордны дотор төв танхимд зохион байгуулагдсан ба өмнө нь 1985 онд мөн л цаг агаарын нөхцөл байдлаас болж Роналд Рейганы тангараг өргөх ёслолыг дотор зохион байгуулж байжээ.

Тангараг өргөх ёслолд Д. Трамп АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены хамт хүрэлцэн ирсэн байна. Тангараг өргөх ёслолын өмнө Д. Трамп гэргий Меланиагийн хамтаар Цагаан ордонд Ерөнхийлөгч Ж. Байден болон тэргүүн хатагтай Жилл Байдентай өглөөний цай уусан юм. Ж. Байден Д. Трампыг Цагаан ордны үүдэнд угтан авахдаа, "Гэртээ тавтай морил" хэмээн мэндчилсэн нь Америкийн үе үеийн ерөнхийлөгчдийн шинээр томилогдох ерөнхийлөгчийг угтан авч, эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх уламжлалыг сэргээсэн явдал байв. 4 жилийн өмнө Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр Д. Трамп Жо Байденыг гэргийн хамт Цагаанд ордонд угтан аваагүйгээс гадна тангараг өргөх ёслолд нь ч оролцоогүй билээ.

АНУ-ын Конгрессын төв танхимд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Доналд Трампын гэр бүл, ойр дотныхноос гадна АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар гэргий нарын хамт оролцсон байна. Уламжлал ёсоор Америкийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд гадаадын төрийн тэргүүнүүдийг урьдаггүй ч энэ удаагийн тангараг өргөх ёслолд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Эквадорын Ерөнхийлөгч Даниэл Нобоа, БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Хан Жэн, Японы Гадаад харилцааны сайд Такэши Иваяа, Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон уригдан оролцсоноос гадна 600 орчим зочид төлөөлөгчид дотор дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын удирдлагууд байсан нь олны анхаарлыг ихээр татсан байна. Тэдний дотор Дэлхийн хамгийн чинээлэг хүн, Tesla болон SpaceX компанийн ерөнхий захирал Илон Маск, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчезийн хамт, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, Google компанийн захирал Сундар Пичаи, TikTok компанийн гүйцэтгэх захирал Шоу Зы Чю, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук нар багтжээ.

Тангараг өргөх ёслол залбирлаар эхэлсэн ба залбирлыг Америкийн нэр нөлөө бүхий номлогч Фрэнклин Грэм уншсан байна. Уламжлал ёсоор дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс эхэлж тангараг өргөсөн ба тэрээр ерөнхийлөгчийг нас барсан, албан тушаалаасаа огцорсон болон албан тушаалаасаа татгалзсан тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.

Жэй Ди Вэнс тангараг өргөсний дараа АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертсын удирдлага доор Доналд Трамп ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн байна. Тэрээр тангараг өргөхдөө гэргий Меланиагийн гартаа барьсан хоёр библи дээр нэг гараа тавьсан байна. Хоёр библийн тухайд нэг нь ээжийнх нь түүнд өгсөн библи бол нөгөө нь Ерөнхийлөгч агсан Абрахам Линкольны тангараг өргөх ёслолдоо ашиглаж байсан библи аж.

Үүний дараа АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр албан ёсоор томилогдсон Д. Трамп үг хэлсэн байна. Д. Трампын хэлсэн үг 30 минут орчим үргэлжилсэн ба өмнөх 2017 онд ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгнээс хоёр дахин урт байв. 2017 онд тэрээр 1433 үг хэлсэн бол энэ удаа 2885 үг хэлжээ.

Хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Д. Трамп түүхэн тогтоолуудад гарын үсгээ зурахаа мэдэгджээ. Эдгээрийн дотор АНУ-Мексикийн хил дээр онц байдал тогтоож, цагаачлалыг үйл явцыг таслан зогсоож, гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг албадан гаргана, хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг зөвшөөрдөг болно хэмээн онцолжээ.

Трамп тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ түүнчлэн, АНУ-ийн уналт энд хүрээд зогсоно, АНУ-ийн хэрэглэгчдийн төлдөг татварыг болиулж гаднын улсуудад тариф тогтооно, гадаад татварын байгууллагатай болохын зэрэгцээ АНУ-ийн алтан үе эхэлж байна хэмээн онцолсон юм. Мөн АНУ-д цахилгаан машиныг хязгаарлаж, АНУ-ийн машины үйлдвэрлэлийг дахин сэргээнэ гэжээ. Мөн жендерийн асуудлаар, 2 төрлийн хүйсийг л зөвшөөрнө. Энэ нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйс гэв.

Тэрчлэн гадаадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах "Гадаад орлогын алба"-г бий болгож, Америкийн ажилчдын өрсөлдөөнийг тэгшитгэнэ, Ногоон шинэ хэлэлцээр болон цахилгаан тээврийн хэрэгслийн мандатыг цуцалж, Америкийн эрчим хүчний эсрэг дайныг зогсооно, эрчим хүчний салбарын бүрэн боломжийг нээхийн тулд үндэсний хэмжээнд эрчим хүчний онцгой байдал зарлана, Панамын сувгийг хяналтандаа авна гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.188] 2025-01-21 14:04:37

Гэрийн эзэн шиг ярьжээ болтугай

Зочин [202.55.191.194] 2025-01-21 13:32:19

хятад л барайж байгаа даа чаавас, пүтин ханцуй дотроо залбирч суугаа

k [103.9.90.100] 2025-01-21 13:15:13

панамын сувгийг хяналтандаа авна гэсэн нь юуг өгүүлж байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.