ХБНГУ: Ф.Мерц: Хэрвээ Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө

Д.Тулга / Улстөр

Бундестагийн ээлжит бус сонгуулийн дүнгээр миний бие Канцлераар томилогдсон тохиолдолд Германы эдийн засгийн ба цагаачлалын бодлогод мэдэгдэхүйц өөрчлөлт оруулна хэмээн Христийн Ардчилсан холбоо намын дарга Фридрих Мерц амлалаа. Тэрбээр бямба гарагт долоо хоног тутмын Bild am Sonntag сонинд ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ.

Эдийн засгийн өсөлтийг хангах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн зэрэгцээ орогнол хүссэн цагаачдын урсгалыг эрс хязгаарлах, дотоодын аюулгүй байдлын бодлогыг өөрчлөх шаардлагатай болсныг Ф.Мерц онцолжээ.

Үүнтэй холбогдуулан дурдахад, Христийн Ардчилсан холбоо ба Христийн нийгмийн холбоо намуудын хамтран санал болгосон “Цагаачлалын талаарх хууль тогтоомжуудыг эрс чангатгах” тухай тогтоолыг нэгдүгээр сарын 29-ний өдөр Бундестаг дэмжсэн юм. Хэдхэн хоногийн өмнө Магдебург, Ашаффенбург хотуудад хүний аминд хүрсэн халдлагууд гарсны дараа дээрх консерватив намууд цагаачлалын бодлогыг чангатгахыг шаардах болсон бөгөөд тогтоолын төслийг Чөлөөт ардчилсан намын депутатууд ба “Германы төлөөх өөр сонголт” намын барууны үзэлт популистууд дэмжсэн байна.

Харин Германы Социал-демократ нам ба “90-ийн холбоо/Ногоон нам эвслийнхэн үүнийг эсэргүүцэж, Германы Үндсэн хуулиар баталгаажсан орогнол хайх эрхийг зөрчиж байна гэж үзжээ. Уг тогтоолыг Холбооны засгийн газар ба төрийн байгууллагууд заавал хэрэгжүүлэх албагүй юм.

Улмаар нэгдүгээр сарын 31-нд Германы парламентын гишүүд “цагаачлалыг хязгаарлах тухай” хуулийн төслийг ялимгүй олонхийн саналаар хүлээж аваагүй байна. Уг төсөлд “эрх баригчдын шийдвэрээр тус улсаас гарч явах ёстой гадаадын иргэд хариуцсан бүсэд нь байх аваас Германы цагдаа нар тэднийг албадан гаргаж болно” гэсэн утгатай заалтыг оруулсан байжээ. Үүнтэй зэрэгцэн барууны популистууд Ардчилсан намыг дэмжиж байгаа нь зүүний улс төрийн хүчнийхний дургүйцлийг төрүүлжээ. Сүүлийн өдрүүдэд Германы хэд хэдэн хотод Христосын Ардчилсан холбоо ба “Германы төлөөх өөр сонголт” намууд хамтарч буйг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд болсоор байна. Гэвч Мерц үүнийг үгүйсгэсээр байгаа юм. Германы парламентын ээлжит бус сонгууль хоёрдугаар сарын 23-нд болох бөгөөд түүнд улс төрийн 29 нам оролцоно.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.