Монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангиас өгдөг болно

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох “Монгол хэл, бичгийн шалгалт”-ыг зайлшгүй өгч, босго оноо болох 400 оноог давсан тохиолдолд их, дээд сургуульд элсэн суралцах боломж бүрддэг. Уг шалгалтыг зөвхөн 12 дугаар ангидаа өгөх боломжтой байсныг өөрчилж, 10 дугаар ангиас эхлэн шалгуулах боломжтой болжээ.
Уг асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа мэдээлэл өглөө. Тэрээр "Дөрөвдүгээр сарын 17-19-нд зохион байгуулагдах элсэлтийн шалгалтын үеэр 10, 11 дүгээр ангийн хүүхдүүд монгол хэл, бичгийн шалгалтаа өгч болно. Хэрэв монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо нь 400 хүрчих юм бол уг шалгалтын үр дүнгээ насан туршдаа ашиглах боломжтой.
400 оноондоо хүрээгүй бол 12 дугаар анги төгстлөө шалгалт өгөх боломжтой. 10, 11 дүгээр ангийн хүүхдүүд өөрсдийн хүсэлтээр монгол хэл, бичгийн шалгалтыг дахин өгөх бол шалгалтын төлбөрийг эцэг, эх хариуцна" гэв.
Сэтгэгдэл