Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг хэлэлцэж эхлэв

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2025.03.28)-ийн нэгдсэн хуралдаан Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийн санал хураалтаар эхэллээ. Санал хураалтын өмнө Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн үг хэлж, чоно, ирвэс зэрэг зэрлэг амьтад амьдрал ахуйд нь хүндрэл учруулж буйг хөдөө, орон нутгийн иргэд, малчид их ярьж, бодитой, шуурхай шийдвэр шаардлагатай байгааг хэлж байсан тухай дурдсан юм. Гол нь амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол эрхийн бичиг, тусгай зөвшөөрөл авах, гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн энэ нэмэлтийг өөр зориулалтаар ашиглахгүй буюу хуулийн хэрэгжилтийг зөв, сайтар хангаж ажиллах шаардлагатай гэсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Ингээд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхлэв. Тайлангуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

2020 онд батлагдсан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа 2050” бодлогын эхний таван жилийн гүйцэтгэлийг дүгнэх хугацаа энэ оны тавдугаар сард болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд дурдаад, өнгөрсөн таван жилийн хугацаанд Ковид19 цар тахал, ОХУ-Украйны дайн зэрэг олон улсын геополитикийн тогтворгүй нөхцөл байдал тулгарсан ч урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайлан, хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр 67.0 хувьтай гарсныг мэдээлсэн юм. “Алсын хараа 2050” бодлогоор Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын 47 зорилтыг дэвшүүлж, 243 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг тэрбээр дурдаад, Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн Чингис хааны музей, Өөдөө тэмүүлэх Монгол буюу Гөү Монголия үндэсний брэндинг, Нүүдэлчин ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын талаарх эерэг ойлголт 57.0 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан гэлээ.

Хүний хөгжлийн зорилтын хүрээнд дэлхий нийтийг хамарсан цар тахлыг эрсдэл багатай даван туулсан, орон даяар зохион байгуулсан эрт илрүүлгийн оношилгоонд 1.5 сая иргэнийг хамруулсан, 2020-2024 онд улсын хэмжээнд 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтанд оруулсан, нийслэлд 27 хорооны 26800 хүүхдийг цэцэрлэгт хамруулж, сугалааг халсан зэргийг дурдлаа. Амьдралын чанар ба дундаж давхарга зорилтын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулж, стратегийн ордуудын 34 хувьд ноогдох ноогдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар зарцуулахаар шийдвэрлэснийг онцолж, одоогоор төрийн өмчийн компаниудаас 495.6 тэрбум төгрөг иргэдийн хадгаламжинд төвлөрөөд байна гэв. Энэ эх үүсвэрээр 5000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлсэн талаар нэмж дурдлаа.

Эдийн засгийн зорилтын хүрээнд Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласны үр дүнд 2023 онд 600 мянган, 2024 онд 800 мянган жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1,5 тэрбум ам.долларт хүрснийг Ерөнхий сайд тэмдэглэв. “Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа Улаанбаатар хоттой 7000 гаруй км хатуу хучилттай авто замаар бүрэн холболоо гэж тэрбээр танилцуулаад, одоо аймгийн төвүүдийг хооронд нь, мөн хилийн боомттой холбох зорилт хэрэгжиж байна гэсэн юм. Чойбалсан, Багануур, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлснээр эрчим хүчний нийт хүчин чадал 358 мВт-аар нэмэгдсэн байна. Эдийн засгийн өсөлт Ковид19 цар тахлын үед 4.6 хувь байсан бол 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувьтай гарчээ. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс өнөөдрийн байдлаар 80.0 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Нэг хүнд ноогдох ДНБ 2020 онд 4121 ам.доллар байсан бол гурван жил дараалан тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6008 ам.долларт хүрсэн бөгөөд 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6890 ам.долларт хүрэхээр байна. Олон улсын зэрэглэл тогтоогч агентлагуудаас манай улсын зээлжих зэрэглэлийг 2024 онд нэг шат ахиулж, B+ тогтвортой зэрэглэлд шилжүүлээд байна.

Засаглалын зорилтын хүрээнд 2023 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг Ерөнхий сайд онцолж, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд парламентад таван нам, эвсэл суудалтай болж, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4 хувьд хүрч, Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсныг өгүүлсэн юм. Мөн E-Mongolia платформыг хэрэглээнд нэвтрүүлсэн, үүгээр 1263 үйлчилгээ үзүүлж байгаа, 1.9 сая хэрэглэгчтэй болсон зэрэг тоог хэлж, цахим засаглалын индексээр 28 байр урагшилсан болон хиймэл дагуулын асуудлыг ийдвэрлэх шаардлагатай байгааг ярив.

Ногоон хөгжлийн зорилтын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, биологийн төрөл зүйлийг сэргээн хамгаалах экосистемийг хадгалахын тулд тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн хэмжээг өргөтгөх, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нүүрс хүчлийн хийн ялгаралыг багасгахаар ажиллаж, энэ хүрээнд ногоон хөгжил, хүний хөгжлийг дэмжсэн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлж буйг танилцууллаа. Амар тайван, аюулгүй нийгэм зорилтын хүрээнд батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, хууль, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын сайжруулах стратегийг тодорхойлох, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, амьдралын таатай байдлын үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, нийгмийн эрсдэлийг бууруулах, хүн төвтэй хөгжлийн үзлийн баримтлалын тулгуур илэрхийллийг эрх зүйн баримт бичигт тусгахаар ажиллаж байна гээд, Бүс ба орон нутгийн хөгжлийн зорилтын хүрээнд 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хууль эрх зүйн болон татварын орчныг боловсронгуй болгох гэж байгаагаа өгүүлэв. Улаанбаатар хот ба дагуул хот зорилтын хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудлыг цогцоор шийдвэрлэхэд 12,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг одоо хийхээр төлөвлөсөн байна. Мөн 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарлаж, агаарын бохирдол, авто замын түгжрэлтэй холбоотой дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр штабын зохион байгуулалтаар ажиллаж байгааг мэдээлсэн юм. Улаанбаатар хотын хөгжлийн 24 төслийг үе шаттайгаар эрэмбэлж, Туулын хурдны зам, Багахангай-Хөшгийн хөндийн төмөр зам, метро, трамвай, дүүжин тээврийн замын ажлуудыг эхний таван төсөл гэж үзэн, “20 минутын хот” үзэл баримтлалтай уялдуулсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг боловсруулсан байна. Төлөвлөгөөний төсөлд 2028 он гэхэд автомашины түгжрэлийг 50 хувь бууруулахаар тооцжээ. Айл өрхийн түлшний хэрэглээг хийн түлшинд шилжүүлэх, “Тавантолгой түлш” ХК-д технологийн өөрчлөлт хийж сайжруулах ажлуудыг үе шаттай хийж байна гэж Ерөнхий сайд танилцуулгадаа дурдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 34.0 хувийн урьдчилсан биелэлттэй байна гэж дүгнэгдсэн байна. Хөтөлбөрт 14 мега төслийг тусгаж, ДНБ-ий хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, хүний хөгжлийн бусад зорилтуудыг урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой бүрдүүлэх зорилт тавьсныг Засгийн газрын тэргүүн танилцуулж, үүний хүрээнд Гашуун сухайт-Ганц мод боомтын хил холболтын Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсан, Монгол, Францын хамтарсан уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц (УЦС)-ын зээлийн гэрээ байгуулагдсаныг онцлон тэмдэглэв. Эгийн голын УЦС-ыг хөдөлгөхөөр ажиллаж байгаагаа мөн дурдлаа. Улсын Их Хурал, Засгийн газар хамтран эрчим хүчний үнийг чөлөөлж чадсан гээд тэрбээр одоо энэ салбарын орлого зарлагын тэнцэл эдийн засгийн хувьд илүү ашигтай болох боломж бүрдээд байгааг хэлж, үүний үр дүнд Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануурын цахилгаан станцын төслүүд гацаанаас гарч, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх ажил эхэлж байна гэв. Мөн Тавантолгойн цахилгаан станцын болон ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх хийн хоолойн төсөлд анхаарал хандуулж байгаагаа хэллээ. Түүнчлэн, төмөр замын баруун, зүүн коридорын буюу гурван улсын төмөр замын төслүүдийг хэрэгжүүлж эхлэх цаг хугацаа болсныг сануулав.

Дараа нь дээрх үндсэн чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Монгол улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцууллаа. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд туссан 243 арга хэмжээний 108 нь шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгааг тэрбээр дурдаад, 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэснийг дурдав. Уг үндсэн чиглэлийн нийт төсөл, арга хэмжээний 14.8 хувь нь үр дүнтэй, 50.2 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 32.5 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 2,5 хувь нь үр дүнгүй хэмээн дүгнэгджээ. Үндсэн чиглэлийг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу иж бүрэн судалгаа тооцоотой боловсруулаагүйгээс төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй, гүйцэтгэлийг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг бууруулсан байна. Мөн тусгасан арга хэмжээг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлэх явц болон төлөвлөсөн санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгжилт хангалтгүй, төлөвлөсөн хугацаанд үр дүнтэй гүйцэтгээгүй тохиолдолд тооцох хариуцлагын тогтолцоо сулаас хэрэгжүүлэгч байгууллагын албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй байх нөхцөл бүрдсэн байгааг Ерөнхий аудитор анхааруулав. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бодит гүйцэтгэл, холбогдох нотлох баримтад үндэслэн үнэн, зөв үнэлээгүй, зөвхөн 2024 оны гүйцэтгэлээр тайлагнасан нь нийт таван жилийн бодлого, зорилго, зорилт хэрхэн хангагдаж байгааг дүгнэх боломжгүй нөхцөл үүсгэж байна гэв. Холбогдох яамд зорилт арга хэмжээг хэдэн хувьтай хэрэгжүүлсэн бэ гэдэгт ач холбогдол өгч байгаагаас бус нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө бий болгож байгааг харгалзан үздэггүй, энэ нь үр нөлөө багатай арга хэмжээг хэрэгжүүлж, үргүй зардал гаргах нөхцөлийг үүсгэж болзошгүй байгааг анхааруулав.

Үндсэн чиглэлд тодорхойлсон зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2021-2024 онд 21.7 их наяд төгрөг зарцуулсан ч нийгэм, эдийн засагт ямар эерэг өөрчлөлт бий болсон нь тодорхойлогдохгүй байна гэж тэрбээр онцлоод, Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн Төсвийн тухай хуулийг батлахдаа хоорондын уялдаа, нийцэлд анхаарах, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагад хариуцлага тооцох, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн саналд үндэслээгүй, судалгаа тооцоололгүй арга хэмжээг хэлэлцүүлгийн шатанд нэмж тусгахгүй байхад анхаарахыг Улсын Их Хуралд зөвлөв. Мөн Засгийн газарт Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд шаардагдах хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж тэдгээрийн тоо, санхүүжилтийн зохистой харьцааг бодитой тооцож төлөвлөх, санхүүжилт бүрэн шийдэгдээгүй асуудалд дүн шинжилгээ хийж, зохицуулж ажиллах, хууль, журам, аргачлалд заасны дагуу судалгаа, тооцоо, үнэлгээг иж бүрэн хийх, үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр бий болгох үр нөлөөг тодорхойлж, түүнд чиглэсэн зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхой төлөвлөн, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, хэрэгжүүлэх хугацааг хариуцах байгууллагыг тооцоо судалгаанд үндэслэн бодитой хэмжигдэхүйцээр тодорхойлох, оролцогч талуудын хуулиар хүлээсэн чиг үүргийг хангуулж ажиллах, бодит гүйцэтгэл, нотлох баримтад суурилсан цогц хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тодорхойлдог, бодлогын хэрэгжилтийг статистикийн өгөгдөлд оруулж, нийтэд ил тод мэдээлж байх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн иргэдийн саналыг авч, хэлэлцүүлж ажиллахыг зөвлөмж болголоо. Түүнчлэн бүх шатны төсөвт захирагчдад өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

Харин Монгол Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд найман тэргүүлэх чиглэл, төсвийн 24 ерөнхийлөн захирагчийн 53 хөтөлбөрийн 194 төсөл, арга хэмжээнд нийт 13.9 их наяд төгрөгийн хөрөнгө шаардагдахаар баталж, гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг зарцуулсан байна. Эдгээрээс гурван тэргүүлэх чиглэлийн гурван төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн түвшин, биелэлтийг дүгнэх боломжгүй гэсэн дүгнэлтийг Аудитын ерөнхи й газраас гаргасан байна. Бусад таван тэргүүлэх чиглэлийн үр дүн 74.3 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчдын үр дүнгийн гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 56.9 хувь, хөтөлбөрийн үр дүнгийн дундаж үнэлгээ 56.6 хувь, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 52.1 хувьтайгаар үнэлэгджээ. Аудитын дүгнэлтэд үндэслэн Засгийн газарт хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг төлөвлөх, тайлагнах хяналт шинжилгээ, үнэлгээ хийх цаглаварыг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийг хийх, төлөвлөлт тайлагналын үр дүнг тооцох аргачлал, шалгуур үзүүлэлттэй болгох зэрэг нийт 12 зөвлөмжийг өгсөн байна.

Гүйцэтгэлийн тайлангуудыг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулсан юм. “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний гүйцэтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар 45.1 хувийн, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 57.2 хувийн, Үндэсний аудитын газар 52.1 хувийн, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 47 зорилтод хамаарах 243 арга хэмжээний хэрэгжилтийг 2024 оны байдлаар Улсын Их Хурлын Тамгын газар 52.6 хувийн, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 65.0 хувийн Үндэсний аудитын газар 67.7 хувийн биелэлттэй гэж тус тус дүгнэсэн байна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын Тамгын газар дунджаар 25.3 хувь буюу үр дүнгүй гэж үнэлжээ. Түүнчлэн уг хөтөлбөрийн зорилтуудаас 22.2 хувь буюу 138 зорилтын хэрэгжилт хангалтгүй гэж үнэлэгдсэн байна.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар тайлангуудыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хэрэгжилт хамгийн өндөр буюу 40 хувь гэж дүгнэсэн ч бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тайланг үнэлэх аргачлал өөр өөр, үйл ажиллагааны биелэлт, үнэлгээ хоорондоо хол зөрөөтэй байгаа шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц гүйцэтгэлийн тайланд хийсэн үнэлгээнүүд хоорондоо зөрүүтэй, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд хангалтгүй, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-аар үнэлэх аргачлалаа баримталж үнэлгээ хийсэн эсэх, засаглалын үзүүлэлтийг сайжруулах зорилтыг үнэлэх Дэлхийн банкны үнэлгээ гараагүй шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг авлигын үзүүлэлт буурсан эсэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ямар индексээр тооцож ахиц дэвшил гарсан гэж үнэлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандухай “Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах” тэргүүлэх чиглэлийн шалгуур үзүүлэлтийг үнэлэх дүгнэх боломжгүй байгаа шалтгаан, үнэлэх аргачлалыг баталсан эсэх, хэмжих нэгж байхгүй байгаа шалтгаан, цаашид хэрхэн үнэлэх талаар, Эмээлтийн үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын үйл явц, аль байгууллага хариуцан хэрэгжүүлж байгаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах зорилт биелэгдээгүйг анхаарч, уг зорилтыг үнэлэх аргачлалыг сайжруулах, шинэчлэх, энэ чиглэлээр чанарын судалгаа хийдэг эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах” тэргүүлэх чиглэлийн биелэлт хангалтгүй байгаа шалтгаан, Үндэсний аудитын газар болон холбогдох байгууллагын үнэлгээний дүн зөрүүтэй байгаа үндэслэл, эдгээрийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажилласан талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний шинэчлэлийн талаар Эрчим хүчний яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн зохицуулалт, тэдгээр ямар бодлогын дэмжлэг үзүүлэх, Төрийн өмчит компаниудын хариуцлагагүй байдал ашиггүй ажиллаж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих тэргүүлэх чиглэлийн үр дүн, хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрчим хүч, ногоон эдийн засгийг дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгох хуулийн төслүүдийг Засгийн газраас Улсын Их Хуралд хэзээ өргөн мэдүүлэх, хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах бодлого, төрийн хэмнэлтийн бодлогын хэрэгжилт нийслэлийн дагуул хотын төлөвлөлтийн талаар тус тус асуулт асууж хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг намууд Засгийн газарт хамтарч ажиллаж байгаагаа анхаарч, алдаа оноогоо тодорхой ярилцах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын нийтлэг эрх ашиг, хөгжилд хүрэх эрэмбийг тодорхойлж ажлыг дэс дараалалтай эрчимжүүлэх. Үүнд хүний хөгжил, дэд бүтэц, дагуул хот, эрчим хүч, уур уурхайн салбарын асуудал, ашигт малтмал, уур уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг тодорхойлж шинэчлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар төлөвлөгөөний үр дүнгийн биелэлт хангалтгүй, эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн төсөл, арга хэмжээнүүдийг хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох эсэх, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ бий эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг гаргах бөгөөд хүний хөгжлийн, нийгмийн хөгжлийн, байгаль орчны, засаглалын, бүсийн хөгжлийн, үндэсний өрсөлдөх чадварын, шинжлэх ухаан технологийн зорилтот хөтөлбөрүүдийг уялдаа холбоо дэс дараатай боловсруулж өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд төлөвлөгөө дунджаар 67.7 хувьтай хэрэгжсэн байгаа хариуцлагыг хэн хүлээх, таван жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тайланг дүгнэхдээ сонгуулийн жилийн өмнөх өмнө хийх үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл үнэлгээнд чанарын судалгаа хийх аргачлалыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг хэмжигдэхүйц, хүрэлцэхүйц үзүүлэлттэй байх, зорилтот түвшинтэй уялдах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг анхаарах, зарцуулалтыг сайжруулах, хариуцлагыг тодорхой байлгах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир холбогдох эрх бүхий байгууллагуудын үнэлгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох, зорилго, зорилтуудын эцсийн дүнд иргэдийн амьдралын чанар сайжирсан байх ёстой атал үнэлгээ, бодит байдал хоёр зөрөөтэй байгааг Засгийн газар анхаарч ажиллах, Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлт, зөвлөмжид хэрэгжилт хангалтгүй төсөл, арга хэмжээнд төсвийн асуудлыг баталж өгдөггүйгээс санхүүжилт хангалтгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир үнэлгээ зөрөөтэй байгаа шалтгааны талаар, хүрэх үр дүнг зөв тооцоогүй, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хоорондын зөрчлийг арилгахад анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандухай үнэлгээг ойлгомжтой болгох, хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах чиглэлийн хүрээнд бодлогын яамны хувьд аргачлалыг тодорхой тусгах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Засаглалын үзүүлэлтийг сайжруулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тайланг хэлэлцэх ажлын хэсгийг оновчтой тогтоох, асуудал эрхэлсэн сайд, асуудал хариуцсан гол албан тушаалтныг оролцуулах, үнэлгээ хийх аргачлалыг тодорхой болгох, үнэлэх аргачлалыг нэгтгэх, ойлгомжтой байх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар саналаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн хийсэн танилцуулга болон аудитын дүгнэлт, Байнгын хороодын санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж үг хэлж эхлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Монгол Улсын ардчиллын үзүүлэлт буурч, олон улсын судалгааны тайлангаар автократ дэглэмтэй улс гэгдсэнд хэрхэн анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж эрчим хүчний шинэчлэлийн ажлын хурд саарч, үнэ нэмснээр өөр зүйл хийгээгүйд дүгнэлт хийх, дунд шатны ашиг сонирхлын зөрчилтэй дарга нарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг бүсчилсэн хөгжлийн дэмжих жилийн үйл ажиллагааны хэрхэн хэрэгжсэн, Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох бодлогын хэрэгжилт ямар байгааг асууж, хөдөө аж ахуйн зарим асуудлаар санал хэллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр Малчны тухай хуулийн хэрэгжилт, старлинк сүлжээний ашиглалт, гадаад адууны импортын талаарх Засгийн газрын бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний реформын гол бодлогуудын хэн зангидах, энэ асуудалд нэгдэж чадахгүй байгааг хэрхэн зохицуулах, тус салбарын ажилчдын цалинг нэмэх эсэх талаар тус тус асууж хариулт авлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хөгжлийн бодлогын төлөвлөлт, түүний хэрэгжилт, үр дүнг тооцох, хэмжих, үнэлэх арга, аргачлалыг сайжруулах талаар тодорхой санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал стратегийн ордуудыг эзэмшиж байгаа компаниудтай хийж буй хэлцэл ямар шатанд явааг асууж, Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авч гадаадад суралцсан хүмүүсийн зээлийн эргэн төлөлт муу байгааг анхаарч ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Эмээлтийн түүхий эд боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл хэрхэн боловсрогдсон, 10 аймгийн дулааны станцыг шинэчлэн сайжруулах төслийн хэрэгжилт яагаад зогсонги байдалд орсон, малчдаас ноолуур худалдан авах бэлтгэн нийлүүлэлтийн ажил удаашралтай байгааг анхаарч ажиллах зэрэг асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөгжлийн бодлоыг харилцан уялдаатай боловсруулж, төлөвлөлтөд суурилан төсөвлөж хэрэгжүүлэхэд анхаарахыг Засгийн газарт зөвлөв. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхий аудитор, Нийслэлийн Засаг дарга нар хариуллаа.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөж, хэлэлцүүлгийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.234] 2025-03-31 23:35:31

Эрүүгийн хуульд биедээ хутга авч явдаг заалт

Зочин [15.204.97.212] 2025-03-30 04:51:03

s avna xuxnu 88011885

Зочин [202.126.90.127] 2025-03-29 20:51:40

БААВАЙГ яах уу.

DR. ADITY [105.119.2.17] 2025-03-29 16:52:09

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Bb [103.168.34.110] 2025-03-29 14:16:57

Чоно бол яахав дэлхийд 4000 монголд 1000 орчим бгаа ирвэсийг бол мал руу халдлаа гээд устгаад байхуу. Далимдуулаад тууж өгнө биз


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.