Трампын импортын татвар

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын сонгогчид ерөнхийлөгчөө албан тушаалдаа орсноос хойш,эхний 100 өдөр өнгөртөл эсэргүүцэж, шүүмжилддэггүй байсан уламжлал энэ удаа алдагдав.Америкийн хотуудад олон тооны либерал үзэлтнүүд цугларч, ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлогыг эсэргүүцэн жагсав. Энэ жагсаалыг “Савраа тат!” эвсэл зохион байгуулж, бүх 50 муж улс даяар 1200 хотод жагсаал хийхээр төлөвлөжээ. Эхний жагсаалууд Бостон, Нью-Йорк, Чикаго, Лос Анжелес, Вашингтон хотод болж, олон иргэд оролцжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн тогтоосон татвар мэдээж гадаад улсуудын эдийн засагт том саад учруулах болно. Энэ янзаараа удвал бүр эдийн засгийн хямралд ч хүргэж магадгүй. Гэхдээ Трампын зарласан тариф бол импортын татвар учраас хор уршгийг нь хамгийн түрүүнд АНУ-ын ард иргэд төлж, энэ улс эдийн засгийн хүчирхэг гүрэн байх боломжоо нэгмөсөн алдаж магадгүй шинжтэй болов.Үүнийг энгийн үгээр тайлбарлавал ийм юм.

АНУ-ын хоол хүнс, машин, хувцас үйлдвэрлэгчид түүхий эдээ ихэвчлэн гадаадаас худалдаж авдаг учир Америкт үйлдвэрлэсэн барааны үнэ ч шууд нэмэгдэнэ. Жишээ нь, шоколадыг какао, шош хоёроор хийдэг. Эдгээрийг Кот-д'Ивуараас импортолдог. Гэтэл тэндээс нийлүүлдэг бүх бүтээгдэхүүн одоо 20 хувийн татвартай болов. Мөн ирэх тавдугаар сараас эхлэн Трамп америкчуудыг гадаадын онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхдээ нэмэлт татвар төлөх болгож буй учир одоо гаалийн татваргүй ирдэг байсан 800 ам.доллар хүртэл үнэтэй илгээмж илүү үнэтэй болно. Мөн Америкийн тариаланчид болон аж үйлдвэрүүд бусад орнуудын хариу татвараас болж хохирч эхэлнэ. Иймээс тэднийг татаас буюу татвар төлөгчдийн мөнгөөр дэмжихгүй бол ажилтнуудаа цомхотгож, ажилгүйдэл нэмэгдэнэ.Өөр нэг асуудал бол Хятад шиг худалдааны илүүдэлтэй орнууд АНУ руу экспорт хийж долларын орлого олох бүртээ Америкийн засгийн газар, корпорациудад хөрөнгө оруулж, зээл олгож байсан. Одоо энэ мөнгөнөөсөө хагацсан АНУ-ын хувьд төсвийн асар их алдагдлаа санхүүжүүлж, бизнесээ хөгжүүлэхэд илүү хэцүү нөхцөл үүснэ.

Тэгэхээр хамгийн эхний асуудал бол АНУ-ын экспортын хэмжээ буурч, энэ улсын мөнгө багасна. Хоёрдугаарт, одоо Америкт борлуулж чадахгүй болсон бусад үйлдвэрлэгчид бараагаа бусад зах зээл рүү илгээх болно. Ингэснээр дэлхийд ам.доллар хэрэггүй болж эхэлнэ. Энэ бол Трампын хийсэн гол зүйл бөгөөд АНУ-д ирж буй хамгийн том аюул юм. Бизнес бол итгэл байдаг учир орон гаран шийдвэр гаргадаг ерөнхийлөгчийг гаргаад ирдэг энэ улсад одоо хөрөнгө оруулах тэнэг хүн дахиж олдохгүй. Харин тэд “АНУ-д ийм том үйлдвэр барьж, ийм их хөрөнгө оруулалт хийнэ” гэж Трампыг хууран, ирэх жил болох завсрын сонгуулийг хүлээн, эдийн засгийн агшилтаас хөрөнгөө хамгаалж, өөрсдийн мөнгөөр алт худалдаж авцгаах болно.

Трампыг импортын татвар зарлангуут Америкийн хамгийн том 500 пүүсийг хамруулдаг "S&P 500"-ийн ханш тэр өдрийнхөө үд дунд гэхэд ойролцоогоор 3.5 хувиар буурч, "Nike", "Apple" зэрэг томоохон компаниудын дэлхий даяарх хувьцааны ханш огцом унав. Их Британийн "FTSE 100" хувьцааны индекс 1.5, Германы “Dax” индекс 3.0, Францын "Cac 40" индекс 3.3 хувиар тус тус буурсан. Харин нэг унци алтны үнэ 3167.57 ам.долларт хүрч, гэнэт дээд амжилт тогтоосон бол эргээд 3090 ам.доллар болж буурчээ. АНУ-ын "Dow Jones" 2.8, "Nasdaq" 4.1 хувиар унажээ. Түүнчлэн ам.долларын ханш суларсан. Азийн зах зээлүүд огцом унаж, Японы "Nikkei" бараг 2,9, Хонгконгийн "Hang Seng" индекс 1.5 хувиар буурчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дараа өдөр нь Орос зэрэг газрын тос экспортлогч 23 орон багтдаг “ОПЕК+” картелийн гол найман улс “Тавдугаар сараас эхлэн гол гишүүн Саудын Араб, Орос, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Ирак зэрэг улсууд нийлүүлэлтээ өдөрт 411.000 баррелиар нэмэгдүүлнэ” гэж зарлав. Энэ нь 2020 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Өнөөг хүртэл зах зээлд өдөрт ердөө 138 мянга буюу үүнээс гурав дахин бага нефть нийлүүлнэ гэж төлөвлөж байсан билээ. Шинэ төлөвлөгөөний дагуу тавдугаар сард Саудын Араб гэхэд л өдөрт 9.2 сая баррель түүхий нефть олборлож эхлэх гэнэ. Энэ найман улсын уулзалт ирэх сарын 5-нд болж, дараагийн шийдвэрээ гаргах аж. Ийнхүү Трампын засаг захиргааны тариф нефтийн үнийг уналтад оруулав.Трамп шийдвэрээ зарлангуут Лондон дахь “Брент” маркийн нефтийн фьючерс үнэ шууд таван пунктээр доошилж, баррель нь 70, маргааш нь 67, нөгөөдөр нь 65.58 ам.доллар болж өдөр өдрөөр доошилж эхлэв. Ийнхүү Оросын Төв банк засгийн газартаа өгсөн хаалттай тайландаа “ОПЕК-ийн орнуудын олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөө нь нефтийн үнийн уналтад хүргэж болзошгүй бөгөөд зах зээл дээрх энэхүү хямралын цар хүрээг ЗХУ задрахаас өмнөх 1980-аад оны хоёрдугаар хагасын хямралтай харьцуулж болох юм” гэж анхааруулсан нь хэрэгжиж эхлэв. Тухайн үед Саудын Араб газрын тосны олборлолтоо гурав дахин нэмэгдүүлснээр баррель нефтийн үнийг 30 ам.доллараас 10-15 ам.доллар болтол бууруулж байсан явдал энэ удаа ч давтагдахаар болов.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [86.85.55.114] 2025-04-07 17:51:46

Манай улсад огт хамаагүй юу? Яма хамаатай талаар мэргэжлийг газраас асууж энэ нийлэлээ бичиж байвал яасын? Өөр харь гаригийг мэдээ тавьж байгаа юм шиг Монголын хөрсөндөө огт буулгахгүй мэдээ тавих юм? Тэр жагсаалтанд нь манай хөршүүд бусад азийн орнууд орсон байна лээ. Манайхыг оруулсан оруулаагүйг нь хараад хэлж болохгүй юу сэтгүүлч гуай дуракаа

Зочин [202.9.40.136] 2025-04-07 15:53:58

Жомбого Трамп


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.