Гэнэтийн уулзалтуудын үр дүн энх тайвныг зөгнөж байна уу

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд “Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын тусгай элч Стивен Виткофф нар энэ сарын 25-ны баасан гаригт Москвад уулзаж ОХУ, Украины хооронд шууд хэлэлцээ хийх боломжийг хэлэлцсэн.

Тэд гурван цагийн турш ажил хэрэгч, маш ашигтай яриа өрнүүллээ. Путин, Виткофф нарын хэлэлцээ Украины асуудлаарх төдийгүй олон улсын бусад олон асуудлаар АНУ, Оросын байр суурийг цаашид ойртуулах боломж бий болгосон.

Москва, Вашингтоны хооронд үр бүтээлтэй яриа хэлэлцээ цаашид ч хамгийн идэвхтэй хэлбэрээр явагдах болно” гэж мэдээлэв. Энэ нь Трампын тусгай элч Владимир Путин хоёрын Орост хийж буй дөрөв дэх уулзалт юм.

Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Москва хэлэлцээр байгуулахад бэлэн байгаа хэдий ч түүний зарим хэсгийг эцсийн байдлаар шийдвэрлэх шаардлагатай. Бид яг энэ талаар завгүй ажиллаж байна. Трамп бол дайн дэгдсэн "үндсэн шалтгаан”-ыг арилгах шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн дэлхийн цорын ганц удирдагч. Талууд зөв чиглэлд явж байна” гэж мэдэгдэв.

Яг энэ үеэр Балтийн гурван улс болон Франц, Чех, Их Британи, Украины парламентын Гадаад Харилцааны Хорооны дарга нар энэ сарын 25-ны баасан гаригт хамтарсан мэдэгдэл гаргаж “Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаар буулт хийхээс татгалзах хэрэгтэй” гэсэн байна.

Эстонийн парламентын албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичигт “Эдгээр хороодын тэргүүнүүд Дональд Трамп болон АНУ-ын Конгресст хандан "Бид Оросын шантааж, хууран мэхлэлтэд автахгүй байхыг та бүхэнд хатуу зөвлөж байна.

Орос түрэмгийлэгч орон болохын хувьд дэлхий дахинд учирч буй аюул заналхийллийн эсрэг өөрийн манлайллыг харуулах ёстой" гэж уг мэдэгдэлд дурдсан гэдгийг онцолжээ.

Уг хамтарсан мэдэгдэлд мөн Украиныг Европын холбоо болон НАТО-д элсүүлэх үйл явцыг түргэтгэх, Оросын битүүмжилсэн хөрөнгийг Киевийн талд ашигтайгаар хураан авах, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон түүний бүх хамсаатнууд дайны гэмт хэрэгт биечлэн хариуцлага тооцохыг шаардаж "Бид 1938 онд Мюнхенд гаргасан алдаагаа давтахгүй байх ёстой. Дайны гэмт хэрэгтэн Путинтэй хийсэн яриа хэлэлцээ утгагүй зүйл. Түүний гол зорилго бол манай холбоотон АНУ-ыг сулруулж, доромжлох явдал” гэж дурджээ.

Энэхүү мэдэгдэлд Эстони, Латви, Литва, Франц, Чех, Украин, Их Британийн парламентын Гадаад Харилцааны Хорооны дарга нар гарын үсэг зуржээ. Их Британийн ерөнхий сайд Невилл Чемберлен, Францын ерөнхий сайд Эдуард Даладиер, фашист Италийн удирдагч Бенито Муссолини, нацист Германы фюрер Адольф Гитлер нар Германы Мюнхен хотноо 1938 оны есдүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан гэрээгээр Чехословакийн нутаг Судетийг Германд нэгтгэсэн юм. Харин Чехословакийн удирдагчийг энэ гэрээнд гарын үсэг зуруулаагүй бөгөөд энэхүү гэрээ түүхэнд “Мюнхений гэрээ” нэрээр үлдсэн. Барууны түүхчид Их Британи, Францын улстөрчид Европыг бүхэлд нь хамарч болзошгүй дайнаас айж, Гитлерийг Чехословакийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг хүлээн авсны дараа тайвширна гэж найдаж, энэ гэрээг байгуулсан нь алдаа болсон гэж үздэг билээ.

Пап лам Францискийг оршуулах ёслолд оролцохоор Ромд ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social цахим хуудаснаа "Орос, Украинтай хэлэлцээр, уулзалт хийхэд таатай өдөр. Тэд хэлэлцээрт тун ойрхон байгаа бөгөөд хоёр тал одоо маш өндөр түвшинд уулзаж, үүнийг дуусгах шаардлагатай байна.

Ихэнх гол асуудлуудыг тохиролцсон. Цус урсгах явдлыг ОДОО зогсоо. Бид хаана ч байсан энэ харгис хэрцгий дайныг зогсооход туслах болно” гэж бичжээ. Удалгүй ерөнхийлөгч Зеленский Ромын Гэгээн Петрийн сүмд ерөнхийлөгч Трамптай ганцаарчлан уулзсан бөгөөд тэд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нартай хамт ярилцсан байна.

Дональд Трамп энэ уулзалтын дараа өөрийн "Truth Social" хуудсандаа "Сүүлийн хэдэн өдөр Путинд энгийн иргэдийн хот, тосгон руу пуужин харвах ямар ч шалтгаан байгаагүй. Энэ нь намайг магадгүй тэр дайныг зогсоохыг хүсэхгүй байгаа, тэр зүгээр л надтай тоглож байгаа, бид түүнтэй банкны салбар, эсвэл хоёрдогч хориг арга хэмжээ авах зэргээр өөрөөр хандах хэрэгтэй гэж бодоход хүргэж байна” гэж бичжээ.

Цагаан ордны Харилцаа холбооны захирал Стивен Чунг “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ромын пап Францискийг оршуулах ёслолын өмнө Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй маш үр дүнтэй яриа өрнүүлсэн" гэж мэдээлэв.

Харин Украины ерөнхийлөгч өөрийн Telegram хуудсанд “Сайн уулзалт болсон. Бид ганцаарчлан олон зүйлийг ярилцаж чадсан. Үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Ард түмнийхээ амь насыг хамгаална. Болзолгүйгээр гал зогсооно. Найдвартай, бат бөх, энх тайван байдал бий болж дайн дахин давтагдахаас хамгаалах түүхэн уулзалт болсон байх магадлалтай. Дональд Трамп үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Ерөнхийлөгч танд баярлалаа” гэж бичжээ.

Үүний дараа ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Оросын эрх баригчид ямар ч урьдчилсан болзолгүйгээр Украинтай хэлэлцээр хийхэд бэлэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч энэ тухай АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткоффт Москвад болсон хэлэлцээний үеэр мэдэгдсэн” гэж мэдээлэв.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мөн Ром хотноо Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй уулзаж, Киев болон Европын Холбооны хоорондын хамтын ажиллагаа, ОХУ-ын эсрэг авах 17 дахь хориг арга хэмжээг бэлтгэх, Украиныг Европын Холбоонд нэгдэх алхмуудын талаар ярилцжээ.

Энэ тухай Урсула фон дер Лейен өөрийн Х хуудсанд “Эрхэм Владимир Зеленский, Европ энх тайвны төлөө Украины талд үргэлж зогсох болно. Шударга, мөнхийн энх тайван тогтоохын тулд та хэлэлцээрийн ширээний ард бидний дэмжлэгт бүрэн найдаж болно” гэж бичжээ.

Харин Украины удирдагч олон нийтийн сүлжээний өөрийн Telegram хуудсанд “Бид украинчуудын амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг сэргээж, болзолгүй гал зогсоохыг ойртуулах алхмууд болон Украин Европын Холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа Европыг дахин зэвсэглэх санаачилгын талаар ярилцсан.

Европын Холбооны 17 дахь багц хориг арга хэмжээг бэлтгэхэд бид онцгой анхаарал хандуулсан. Энэ хориг нь Оросын эдийн засгийн гол салбаруудад чиглэж, энх тайвныг сэргээхийн тулд Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно" гэж бичжээ.

Ийнхүү Ромын пап лам Францискийг Ватиканы Ариун Мария Маджорын сүмд оршуулах хүндэтгэлийн ёслолын үеэр болсон барууны гол улсуудын удирдагчдын уулзалтууд санаанд оромгүй үр дүн үзүүлэв. Ромын пап лам Франциск оршуулгынхаа үеэр хүртэл хүн төрөлхтөнд энх тайван тогтооход нь тус болов.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Монгол [59.153.113.50] 2025-04-28 16:02:36

Бас ч болоогүй бн. Харж л байя. Чиний бичиж байгаа шиг, Украиныг ялна гэж мөрөөдөж байгаа шиг юм болох нь уу үгүй юу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000