Зэсийн баяжмал, хүрэн нүүрсний 99.9 хувийг БНХАУ-д экспортолжээ

Монгол Улсын гадаад худалдааны 2025 оны эхний таван сарын гүйцэтгэлийн мэдээ гарчээ. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа аж.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4834.5 сая ам.доллар буюу 89.1 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 334.3 сая ам.доллар буюу 6.2 хувь; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 68.6 сая ам. доллар буюу 1.3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.5 хувийг эзэлсэн байна.
2025 оны эхний 5 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрс, 100.0 хувь БНХАУ-д; зэсийн баяжмалын 99.9 хувийг БНХАУ-д; хүрэн нүүрсний 99.9 хувийг БНХАУ-д; самнасан ноолуурын 52.9 хувийг Итали-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 88.6 хувийг эзэлжээ.
Монгол улс дэлхийн 66 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.8 хувь, Швейцар-т 5.3 хувь, АНУ-д 0.9 хувь, ОХУ-д 0.5 хувь тус тус ногдож нийт экспортын 98.5 хувийг дээрх орнууд эзэлсэн байна.
Импортоор нийт 4540.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 144.9 сая ам.доллараар буюу 3.3 хувиар өсчээ. Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.3 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.6 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа,1.0 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байгаа аж.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 922.8 сая ам.доллар буюу 20.3 хувь, эрдэс бүтээгдэхүүн 951.4 сая ам.доллар буюу 21.0 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 836.5 сая ам.доллар буюу 87.9 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 475.9 сая ам.доллар буюу 27.8 хувь.
Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1043.7 сая ам.доллар буюу 23.0 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 377.5 сая ам.доллар буюу 8.3 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 249.0 сая ам. доллар буюу 5.5 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 87.9 хувь ногджээ.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 18.6 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 29.2 хувь, АНУ-д 28.1 хувь, БНСУ-д 16.5 хувь, ХБНГУ-д 11.0 хувь, Турк-д 4.2 хувь тус тус ногдож байгаа аж.
Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 56.9 хувь, БНСУ-д 15.4 хувь, БНХАУ-д 11.6 хувь ногдож буй юм байна.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 26.5 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 57.3 хувь, Энэтхэгт 27.7 хувь, Францад 9.6 хувь, Итали-д 3.0 хувь тус тус ногджээ.
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсэн байна. Уг зээлийн 63.1 хувийг Энэтхэгээс, 12.7 хувийг Францаас, 8.3 хувийг БНСУ-аас тус тус олгожээ.
Нийт 47.5 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 83.6 хувь, БНХАУ-д 12.4 хувь тус тус ногдож буй аж.
Монгол Улс дэлхийн 137 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 36.7 хувь; ОХУ-д 24.3 хувь; Японд 13.2 хувь; БНСУ-д 4.3 хувь; АНУ-д 4.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.6 хувийг эзэлжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Жоохон үндэстэн өчүүхэн зүйл бүтээх юмдаа. [66.181.160.93] 2025-06-09 14:16:41
З,5 саяаас 1 сая гаруй нь л хөдөлмөрлөж баялаг бүтээж байгаа учир долларын нөөц 5 тэрбумаас дээш гарахгүй байгаа юм. Бүх юм зээлээр буюу өрөөр хийгдэж байгаа учир бүтээсэн бүтээгдэхүүний орлогоос монголчууд бидэнд үлдэж байгаа зүйл ховорхон ш дээ.
Зочин [202.9.46.44] 2025-06-09 09:47:47
Экспортлоод л байдаг долларын нөөц нь 5 тэрбумаас дээш өсдөггүй, төгрөгийн ханш нь чангардаггүй гадаад өр нь нэмэгдээд л байдаг яасан хачин юм бэ?