Москва, Пёньян хооронд арилжааны шууд нислэг үйлдэж эхэлжээ
ОХУ ням гарагт Москва болон Пёньяны хооронд байнгын нислэг үйлдэж эхэлжээ. Энэ нь хоёр улсын улам бүр ойртож буй харилцааг илтгэж байна.
Нийт 400 гаруй зорчигч тээвэрлэсэн Оросын Nordwind агаарын тээврийн компанийн анхны нислэг Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлаас хөөрчээ. ОХУ-ын Тээврийн яамнаас мэдээлснээр, одоогийн байдлаар сар бүр нэг удаа нислэг үйлдэх бөгөөд эрэлтээс шалтгаалж нэмэгдүүлж болзошгүй аж.
Энэ сарын эхээр Хойд Солонгосын шинэ Вонсан-Кальма далайн эргийн амралтын бүсэд зочилсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ким Жон Унтай уулзах үеэрээ орос жуулчдыг уг цогцолборт зочлоход нь дэмжлэг үзүүлэхээ амалжээ.
Уг амралтын газар ойролцоогоор 20,000 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд энэ нь Ким Жон Уны Хойд Солонгосын эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд жуулчлалыг хөгжүүлэх бодлогын гол хэсэг аж.
Хойд Солонгос цар тахлын үеэр тавьсан хилийн хязгаарлалтуудаа аажмаар сулруулж, үе шаттайгаар хилээ нээж эхэлсэн. Гэвч олон улсын жуулчлалд үүд хаалгаа бүрэн нээх эсэх талаар одоогийн байдлаар албан ёсоор мэдэгдээгүй байгаа ажээ.
Владивосток болон Пёньяны хоорондын байнгын нислэгийг 2023 онд цар тахлын улмаас зогсоосны дараа дахин сэргээсэн байна.
Сүүлийн жилүүдэд Орос, Хойд Солонгос хоёрын цэргийн болон бусад хамтын ажиллагаа эрс нэмэгдэж, Пёньян Оросын Украинд явуулж буй дайныг дэмжих зорилгоор зэвсэг болон цэргийн хүч нийлүүлж буй тухай мэдээлэл бий.
Эх сурвалж: AP, CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.212.162.197] 2025-07-29 11:53:16
Таарсан таар шуудай нар. Монгол яг эсрэгээрээ Оросуудыг Монгол руу орохыг хязгаарлахаар байгаа юмдаа