Трамп: Ерөнхийлөгч Путинд маш их урам хугарсан

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Украин дахь дайнтай холбоотойгоор хэлэлцээрт хүрэхэд одоо ердөө 10-12 хоногийн хугацаа үлдээд байна” хэмээн онцолжээ. Тэрбээр анх олгосон 50 хоногийн хугацааг багасгаж буйгаа долдугаар сарын 28-ны даваа гарагт Шотланд улсад мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч “Би өнөөдрөөс эхлэн 10, эсвэл 12 хоногийн шинэ хугацаа тогтоож байна. Хүлээх ямар ч шаардлага байхгүй” хэмээн цохон тэмдэглэжээ.
Трамп “Би Ерөнхийлөгч Путинд маш их урам хугарсан” гэж мэдэгдээд, “Тиймээс бид нөхцөл байдлыг дахин харж, анх өгсөн 50 хоногийн хугацааг багасгах хэрэгтэй гэж үзсэн” гэж мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлийг тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертэй уулзах үеэр хэлжээ.
Трамп мөн “Юу болохыг би хэдийнэ мэдэж байгаа. Бид олон удаа тохиролцсон мэт санагдсан. Гэтэл Ерөнхийлөгч Путин гэнэт Киев шиг хот руу пуужин харваж, асрамжийн газар, эсвэл өөр хаа нэгтээ олон хүний аминд хүрч байна. Гудамжинд хүмүүсийн цогцос хөглөрч байна” гэж нэмж дурдсан байна.
Киев Трампын мэдэгдлийг талархан хүлээн авчээ
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак АНУ-ын Ерөнхийлөгчийн хатуу байр суурийг талархан хүлээн авсан бөгөөд Трампыг “хүчээр энх тайвныг авчрах тухай тодорхой, хүчтэй мессэж өгсөнд” талархаж буйгаа илэрхийлжээ.
Ермак Telegram хуудастаа “Путин зөвхөн хүчийг ойлгодог. Үүнийг Трамп маш тодорхой, чангаар илэрхийллээ. Энэ бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэмждэг зарчим” хэмээн бичжээ.
Трамп долдугаар сарын дунд үеэр Путинд Украин дахь энх тайвны хэлэлцээрт хүрэхэд 50 хоногийн хугацаа өгсөн. АНУ-ын Ерөнхийлөгч НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн хамт Цагаан ордонд уулзахдаа "Хэрвээ энэ санал биелэхгүй бол АНУ Оросын худалдааны түншүүдэд 100 хувийн, хоёрдогч гаалийн татвар ногдуулна" гэж мэдэгдсэн билээ.
Трамп “Би олон зорилгоор худалдааг хийдэг. Худалдаа нь дайныг зогсоох маш сайн хэрэгсэл” гэж нэмж хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч "Киевд пуужингийн цохилт өгсний улмаас хүмүүс амиа алдсаар байна. Энэ зогсох ёстой” гэж шаардсан бөгөөд Кремльтэй хэдэн сарын өмнө тохиролцоо хийнэ хэмээн найдаж байснаа дурджээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл