Зеленский Трамптай видео уулзалт хийхээр Берлинд ирнэ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский наймдугаар сарын 13-ны лхагва гарагт Берлинд ирж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Европын удирдагчдын хамтарсан видео хурлын ажиллагаанд оролцоно гэж Германы төрийн эх сурвалжийн мэдээллээс иш татан DPA агентлаг мэдээлжээ.

Трамптай хийх энэ уулзалтыг зохион байгуулах санаачилгыг Германы канцлер Фридрих Мерц гаргасан бөгөөд уулзалт Трамп, Путин нарын Аляскт хийх уулзалтын өмнө явагдах аж.

Видео хуралд Зеленский, Трамп, Мерц нараас гадна Их Британи, Итали, Польш, Финлянд, Францын төр, засгийн тэргүүнүүд, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын холбооны Зөвлөлийн дарга Антониу Кошта, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс нар оролцох юм байна.

Германы засгийн газрын мэдээлснээр, оролцогчид “ОХУ-д цаашид дарамт шахалт үзүүлэх боломжууд”-ыг хэлэлцэх бөгөөд “мөн боломжит энхийн хэлэлцээний бэлтгэл, түүнтэй холбоотой газар нутгийн маргаан болон аюулгүй байдлын асуудлууд”-ыг авч үзэх аж. Видео хурал Берлиний цагаар 15:00 цагт эхэлнэ гэж Bloomberg агентлаг мэдээлжээ.

Путин ба Трампын дээд хэмжээний уулзалт Аляскт

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт наймдугаар сарын 15-ны баасан гарагт Аляскийн "Элмендорф-Ричардсон" цэргийн баазад болно. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левиттийн мэдээлснээр, уулзалтын дор хаяж нэг хэсгийг Трамп, Путин нар зөвхөн орчуулагчдын хамт, зөвлөхүүдгүйгээр хийх аж.

Трамп энэхүү уулзалтыг “туршилтын” гэж нэрлэсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Ерөнхийлөгч, 'Би энэ хүнтэй нэг ширээний ард суугаад ярилцах хэрэгтэй. Би түүнтэй нүүр тулж уулзах хэрэгтэй. Би түүний үгийг өөрөөс нь сонсох ёстой. Би түүнийг хараад нөхцөл байдлыг үнэлэх ёстой' гэж хэлсэн" хэмээн тайлбарлажээ.

Дээд хэмжээний уулзалтын талаар зарласны дараа Европын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, “Дипломат замаар шийдвэрлэх нь Украины болон Европын аюулгүй байдлын амин чухал ашиг сонирхлыг хамгаалах ёстой” гэж онцолсон байна.

Мэдэгдэлд “Бид эдгээр ашиг сонирхолд Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үр дүнтэй хамгаалахад шаардлагатай бат бөх, найдвартай аюулгүй байдлын баталгаануудыг багтаах ёстой гэдэг дээр санал нэг байна” гэж дурджээ. Мөн “Украинд энх тайвны замыг Украины оролцоогүйгээр тодорхойлох боломжгүй” хэмээн тэмдэглэсэн байна.

Зеленский “Одоо Путин манай Херсоны өмнөд хэсэг, Запорожье, Луганскийн бүх нутаг, Донецк муж, Крымыг булаан эзэлснээ уучлуулахыг хүсэж байна. Украиныг хоёр дахь удаа хуваах оролдлогыг бид зөвшөөрөхгүй. Украин хатуу, тодорхой байр сууриа чанд хадгална” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.163] 2025-08-13 17:52:58

Буруу хүмүүстэй бүү нөхөрлөөрэй гэж аав ээж багад сургадаг байж билээ . Буруу гарын хүмүүс хүнийг алж мэднэ . Унтаж байхад чинь чамайг зарчихаж ч чадна . Чиний амьдралаар тоглочихож ч мэднэ гэж сургадаг үг улс оронд ч тохиолддог юм байна . Үүний нэг жишээ бол УКРАЙН улс болов .


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.