Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв.

Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно. Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдлийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн тулгын гурван бодлогыг баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо.

Энэ хүрээнд амьдрах орчныг стандартын түвшинд хүргэхийн зэрэгцээ ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга, чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах шалгуурыг төрийн худалдан авалтын бодлогод тусгана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болно.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зам, талбай, тээвэр, дэд бүтцийн байгууламж, цахим үйлчилгээний хүртээмжийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөвтэй уялдуулна. Улсын төсвөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд нийцүүлж сайжруулна.

Төрийн худалдан авалтын шаардлагад ч энэ талаар тусгах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд татварын бодлогоор дэмжих хөнгөлөлт, зохицуулалтыг татварын реформд тусгахаар төлөвлөжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хөгжлийн хоцрогдол, сонсгол, хараа хөдөлгөөний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгээ хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцоллоо.


Сэтгэгдэл

Зочин [203.98.77.101] 2025-08-15 11:04:01

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төв гэдгээ байгуулаад ийм хүмүүс нь өөрсдөө яамандаа төсөл бичих замаар өөрсдийн хийж хэрэгжүүлэх саналаа амьдралд бодитоор хэрэгжүүлээд явах нь илүү амьдралд ойр, бодитой байх. Харин ТББ нь ямар байх шалгуур, шалгуур, ил тод байдал, санхүүжилт зэрэг нь олон нийтэд ил тод, тухайн чиглэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ, тэдний ар гэрийнхэнд хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн байх гэх мэт заалт шалгуураар байгуулагдаж төсөлд оролцдог бол зүгээр. Ер нь бол төрдөө гомдсон, мөнгө нэхэх хандлагатай олон жил явж ирлээ. Сүүлдээ илүү сэтгэцийн асуудалтай, нэг л хүн загнаж хашгирсан, гадаа жагссан, Мөнх-Эрдэнэ шиг хүмүүс их байгаа шүү.

Зочин [203.98.77.101] 2025-08-15 10:59:16

Худлаа хоосон попрохоо больмоор юм. Эхлээд Хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүн ямар боловсрол, чадвартай байгаа, ямар салбарт ямар чиглэлээр ажиллах боломжтойгоо тодорхойлчихоод хаана ямар газарт хандаж байсныг нь судлачихаад тэгээд энийгээ ярихгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүн болгоныг ажилд авна гэсэн наанаа хэт энэрэнгүй хүмүүнлэгийн сонсогдож байгаа ч тухайн байгууллагад ажиллахад хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл олон гарна. Эсрэгээрээ ажил олгогч эздийн холбоо ч билүү ҮЭ нь энэ талаар хэлэлцээд ямар чадвартай, ямар бэрхшээлийн хэддүгээр зэрэгтэй ч гэдэг юмуу ийм хүмүүсийг ажилд авах боломжтой гээд эдгээр хүмүүсийн судлагаа, бүртгэл нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамандаа бүртгэгдээд тэндээсээ бусад төр, хувийн хэвшилд санал болгох замаар ажилд авахаас биш, зүгээр нэг хуулийн заалт уншаад амьдрал хүнд хэцүү байна гээд заавал ав гээд шахаад байх нь утгагүй. Эсвэл эдгээр хүмүүст өгөх тэтгэмжийн мөнгөө нэмэгдүүлэх хэрэгтэй.

Зочин [202.126.90.43] 2025-08-15 08:59:13

Худлаа тунхаг зарлаж попрохоо болио.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.