О.Цогтгэрэл: Ардчиллын ялалт бол Монгол Улсын ялалт тул өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ

Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар Ардчилсан намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг 100 хувийн саналаар ёсчиллоо
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та ялалт байгуулж, Ардчилсан намын дарга боллоо. Ямар бодлого зорилт дэвшүүлж байна вэ?
-Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 63 хувийн санал авснаар Ардчилсан намын даргаар сонгогдлоо. Өндөр дээд итгэл хүлээлгэсэн Ардчилсан намынхандаа, төлөөллийн төв байгууллагын гишүүддээ талхархал илэрхийлье. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу Ардчилсан намын даргыг их хурлаар ёсчлон батламжлах ёстой.
Ардчилсан нам УИХ-ын 2028, 2032 оны сонгуульд дараалж давхар ялах улс төрийн амбиц, зорилго хамтаараа тавих ёстой. Дараалж ялна гэдэг нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуульд ч ялах ёстой гэсэн үг.
Ингэж байж ардчилсан тогтолцоо, хувийн өмч, хүний эрх, жижиг төрийг дээдэлсэн тогтолцоо сонгуулиас сонгуулийн хооронд батжих ёстой гэсэн ийм л тодорхой зорилтыг нөхдөдөө уриалж байна.
-Ерөнхий сайд Г.Занданшатар хамтарсан Засгийн газарт танай намыг уривал та хүлээн авах уу?
-Миний хувийн байр суурь бол Ардчилсан намыг Засгийн газарт хамтрахыг зөв гэж боддоггүй. Гэхдээ нам гэдэг өөрөө дарга биш олон нийтийн байгууллага, институц. Нам шийдвэрээ гаргавал дарга ч байсан, хэн ч байсан биелүүлэх үүрэгтэй.
-Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг боловсруулахдаа улсын төсвийг алдагдалтай байхаар төлөвлөсөн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Сүүлийн найман жилийн хугацаанд Монгол Улсын татвараар авч байгаа төсөв зургаа дахин нэмэгдсэн. Зургаан их наядаас 30 их наяд болсон. Энэ бүх тоо баримтыг харахад Монгол Улсын хувьд хийх ажил тодорхой байна. Төр энэ хэмжээгээр томорсон. Монгол Улс төсөвжсөн, төвлөрсөн, энийг задлах хэрэгтэй.
Төрийн өмчит компанийг задлах хэрэгтэй, уул уурхайн орлогыг эрх баригч нам захиран зарцуулдаг, халамжийн бодлого болгож тараадаг, энүүгээр дамжуулж улс төрийн эрх мэдлийг авдаг схемийг эвдэх хэрэгтэй. Энэний дараа олон олон зүйл хийгдэх ёстой гэж боддог.
-Та намын дарга болбол намаа таван сонгуульд дараалан ялалт байгуулна гэдэг амлалт өгсөн?
-Мэдээж бид амбицтай том зорилгыг хамт олноороо тавих хэрэгтэй. Гол нь уриалж хашгираад зорилгод хүрэхгүй. Гол нь энэний цаана Ардчилсан намыг институц, систем болгох талд онцгойлон ажиллах ёстой. Ардчилсан нам асар олон баатартай, Ардчилсан намд стратегийн жанжин нар хэрэгтэй байна. Энэ бол институцийг хийх эхний ажлууд байх болно.
-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын удирдлага МАН-аас хараат явж ирсэн. Ардчилсан намыг эрх баригч хүчнээс туурга тусгаар байлгахын тулд юу хийх вэ?
-Ардчилсан намын удирдлага болж байгаа хүн энэ намыг бусдын хараат бус бие даасан байдлыг нь хангах ёстой. Бие даасан шийдвэрээ гаргах эрх нь ирчихвэл дотоод энерги ихтэй нам л гэж боддог.
-Сонгогчиддоо хандаж юу хэлэх вэ?
-Ардчилал бэхжих ёстой. Ардчилсан намын ялалт гэдэг бол Монголын ардчиллын ялалт байх ёстой. Монголын ардчиллын ялалт бол Монгол Улсын ялалт байх ёстой. Энэ зорилгын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.156] 2025-09-01 09:11:51
Ардчилал гэж байхгүй шүү замбараагүй хүмүүсийн хуйвалдаан гэж Трамп хэлсэн шүү зүгээр л чин сэтгэлээсээ эх орон ард түмнийхээ төлөө үнэнч зүгтгэ одоо монголчуудын амьдрал ямар өөрчлөлт гарах на уу харах л үлдлээ