Трамп Украины асуудлаар Путинд "урам хугарч", сэтгэл дундуур байгаагаа дахин илэрхийллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гараг (есдүгээр сарын 2)-т радиод өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украины дайныг үргэлжлүүлж байгаад буруутгаж, “маш их урам хугарсан” гэж мэдэгджээ.
Трамп Америкийн сэтгүүлч Скотт Женнингст өгсөн ярилцлагадаа “Утга учиргүй дайнд мянга мянган хүн амиа алдаж байна. Бид хүмүүст амьдрахад нь туслах ямар нэг зүйл хийх болно. Энэ дайныг зогсооход би тусалж чадах ёстой, тэгэх ч үүрэгтэй гэж бодож байна” хэмээн хэлжээ.
Тус ярилцлагын үеэр сэтгүүлч Трампаас "Хятад, Орос хоёр АНУ-ын эсрэг эвсэл байгуулж байгаа нь санааг тань зовоож байна уу" гэж асуухад тэрбээр “Үгүй, би огтхон ч санаа зовохгүй байна. Манай улс дэлхийн хамгийн хүчирхэг армитай, энэ нь эргэлзээгүй. Тэд хэзээ ч бидний эсрэг зэвсэг хэрэглэж зүрхлэхгүй. Надад итгээрэй” гэж хариулжээ.
Трамп: "Сонирхолтой зүйлүүд" олж мэдсэн, удахгүй олон нийтэд зарлана
Мөн есдүгээр сарын 2-нд Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч түүнээс Путинтэй дахин холбогдсон эсэхийг асуухад, Трамп “Сонирхолтой зүйлүүд” олж мэдсэн бөгөөд “удахгүй олон нийтэд зарлана” гэж мэдэгдсэн байна.
Трамп анх удаа урам хугараагүй
Трамп 2025 оны долдугаар сарын дунд үед Путинд Орос-Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээрийг 50 хоногийн дотор байгуулах хугацаа өгсөн. Хэрэв биелүүлэхгүй бол ОХУ-ын худалдааны түншүүдэд 100 хувийн хоёрдогч тариф ногдуулна хэмээн анхааруулж байв.
Тэрээр долдугаар сарын 28-нд “маш их урам хугарсан” гэж мэдэгдээд, дээрх хугацааг 10–12 хоног болгон багасгасан билээ.
Трамп одоогийн байдлаар зөвхөн Энэтхэгийн Оросоос худалдан авч буй газрын тосонд 50 хувийн тариф тогтоогоод байгаа юм.
Аляскийн уулзалт ба Вашингтоны хэлэлцээр
Трамп, Путин нар наймдугаар сарын 15-нд Аляскт уулзсан. Уулзалтын дараа Трамп Украины асуудлаарх “гэрээ хэлцэл хийх талаар тохиролцоогүй”-г хүлээн зөвшөөрсөн ч “боломжтой хэвээр” гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Үүний дараа Трамп Вашингтонд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг хүлээн авч уулзсан билээ.
Тэрбээр Путин, Зеленский хоёрын шууд уулзалт болох боломжтойг дурдаж байсан ч наймдугаар сарын сүүлээр гурван талт хэлэлцээр хийх нь илүү бодитой гэж үзэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн.
“Өргөн хүрээг хамарсан” томоохон хориг тавих эсэх шийдвэр есдүгээрр сарын 5-нд гарна
Трамп наймдугаар сарын 22-нд “хоёр долоо хоногийн дараа” Орост “өргөн хүрээг хамарсан (асар том) хориг” тавих эсэх, эсвэл юу ч хийхгүй байх эсэх шийдвэрээ гаргана гэж амалсан. Энэхүү эцсийн анхааруулгын хугацаа есдүгээр сарын 5-нд дуусгавар болох юм.
Axios цахим хэвлэл мөн наймдугаар сарын 30-нд АНУ-ын өндөр албан тушаалтай эх сурвалжийн мэдээллийг иш татан "Трамп Украины дайныг зогсоох хэлэлцээрээс түр хугацаанд гарч магадгүй. Учир нь "нэг, эсвэл аль аль тал нь илүү уян хатан хандахгүй байна" хэмээн үзэж буйг онцлон мэдээлсэн билээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ.
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.0] 2025-09-03 20:17:32
трамп тагнуулчинд булдэгчуулчихсэн