Путин Ким Жон Уныг ОХУ-д айлчлахыг урилаа

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжин хотноо болсон уулзалтын дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг тээврийн хэрэгсэл рүү нь хүргэж, үдэж өгсөн байна.

Ким Жон Ун орчуулагчаараа дамжуулан:“Удахгүй дахин уулзъя” хэмээн Путинд хэлсэн бол Владимир Путин “Тэгэлгүй яах вэ! Бид таныг хүлээж байна. Заавал ирээрэй” хэмээн хариулжээ.

Мөн Ким Жон Ун ОХУ-ын төрийн тэргүүнд эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөсөн бол Путин:“Чамд ч мөн адил!”) хэмээн найрсгаар хариулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар есдүгээр сарын 3-нд Бээжин хотноо уулзсан бөгөөд энэ нь тэдний биечлэн хийсэн дөрөв дэх уулзалт юм.

БНАСАУ-ЗХУ

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (КНДР) 1948 оны 9 дүгээр сарын 9-нд Дэлхийн II дайны дараа ЗХУ-ын нөлөөллийн бүсэд байсан Солонгосын хойгийн хойд хэсэгт байгуулагдсан. Зөвлөлт Холбоот Улс БНАСАУ-тай хамгийн түрүүнд (1948 оны 10 дугаар сарын 12-нд) дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1950-1953 оны Солонгосын дайны үеэр БНАСАУ-ыг дэмжиж байсан.

Тус улсын анхны удирдагч Ким Ир Сен (1948–1994) ЗХУ-д зургаан удаа албан ёсоор айлчилж, тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч нартай уулзаж байжээ. Эдгээр айлчлалын үеэр хоёр улсын хооронд найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ (1961 он) зэрэг чухал хоёр талт гэрээнүүдийг байгуулсан аж. Уг гэрээнд гадаад улстай зөрчилдөх тохиолдолд цэргийн тусламж үзүүлэхийг тусгаж байжээ.

БНАСАУ – ОХУ

БНАСАУ 1991 оны 12 дугаар сард Зөвлөлт Холбоот Улсын залгамжлагч улсаар Оросын Холбооны Улсыг хүлээн зөвшөөрсөн ч 1990-ээд оны туршид хоёр улсын харилцаа бараг тасалдахад хүрсэн байна.

1996 оны 12-р сард, ОХУ болон БНАСАУ-ын Гадаад харилцааны яамд нот бичиг солилцож, 1961 оны Гэрээ “бодитоор хэрэгжихээ больсон”-ыг харилцан мэдэгджээ.

Хоёр орны харилцаа 2000 оноос дахин сэргэж эхэлсэн. Энэ онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д албан ёсоор айлчилж, тухайн үеийн удирдагч Ким Чен Иртэй (1994–2011) уулзжээ.

Уулзалтын үр дүнд хоёр тал Найрамдалт, хөршийн сайн харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулж, улс төрийн харилцааг идэвхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлээр тодорхой тохиролцоонд хүрсэн байна.

Мөн Оросын тал 2000 онд хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын үеэр дэвшүүлсэн Солонгосын хойгийг энхийн замаар, гаднын оролцоогүйгээр, үндэсний эв нэгдлийн үндсэн дээр нэгтгэх тухай санаачилгыг дэмжиж байгаагаа баталжээ.

Ким Чен Ир болон Ким Жон Ун нарын ОХУ-д хийсэн айлчлалууд ба хоёр улсын харилцаа

Ким Чен Ир ОХУ-д гурван удаа айлчилсан түүхтэй аж. Тодруулбал:

  1. 2001 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 18-ны өдрүүдэд Ким Чен Ир галт тэргээр Пёньян хотоос Москва хүртэл аялж, замдаа Улаан-Үд, Санкт-Петербург зэрэг хотуудаар зочилсон байна.

  2. Наймдугаар сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Москвад хамтарсан тунхаглал гаргасан.

    • Тус тунхаглалд харилцаагаа тогтворжуулж, ялангуяа худалдаа-эдийн засгийн салбарт өргөжүүлэх зорилтыг тодорхойлсон.

  3. 2002 оны наймдугаар сард Ким Чен Ир хоёр дахь удаагаа ОХУ-д айлчилжээ. Энэ нь Оросын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийг судлах зорилготой дөрвөн өдрийн аялал байсан бөгөөд Владивосток хотод дахин Владимир Путинтэй уулзсан байна.

  4. 2011 оны наймдугаар сар. Түүний гурав дахь айлчлалын хүрээнд наймдугаар сарын 24-нд Улаан-Үдийн ойролцоох “Сосновый бор” цэргийн баазад ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хэлэлцээ хийжээ. Уулзалтын үеэр ОХУ, БНАСАУ, БНСУ гурван талт хамтын ажиллагаа, төслийн талаар хэлэлцсэн байна.

Ким Жон Ун – ОХУ-д хоёр удаа айлчилсан

  1. 2019 оны дөрөвдүгээр сарын 25: Ким Жон Ун анх удаа ОХУ-д айлчилж, Владивосток хотод Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Солонгосын хойгийн нөхцөл байдал, цөмийн зэвсэггүйжүүлэлт, хоёр талын харилцааны асуудлыг хэлэлцсэн.

  2. 2023 оны есдүгээр сарын 13: Хоёр орны удирдагчдын хоёр дахь уулзалт “Восточный” сансрын буудалд (Амур муж) болж, бүс нутгийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцжээ.

2024 оны гэрээ: Стратегийн түншлэлийн шинэ шат

Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны зургадугаар сарын 18, 19-нд БНАСАУ-д хоёр дахь удаагаа айлчилсан. Уулзалтын үр дүнд “Бүх талыг хамарсан стратегийн түншлэлийн гэрээ” байгуулсан. Уг гэрээнд аль нэг талд хэн нэгэн довтолвол харилцан цэргийн тусламж үзүүлнэ гэж заажээ.

БНАСАУ-аас ОХУ-д үзүүлсэн дэмжлэг

БНАСАУ 2022 онд ОХУ Украинд тусгай ажиллагаа эхлүүлсний дараа Москвагийн байр суурийг дэмжиж, Донецк, Луганск, мөн Запорожье ба Херсон мужуудын ОХУ-д нэгдэх тухай референдумын үр дүнг хүлээн зөвшөөрсөн бөгөөд НҮБ-ын Оросын эсрэг тогтоолуудад эсрэг санал өгсөн.

Ким Жон Ун 2025 оны долдугаар сарын 17-нд 1000 сапёр (мина буюу тэсрэх бодис устгаж саармагжуулах цэрэг) ОХУ-д илгээж, 5,000 цэргийн барилгачин ОХУ-ын эвдэрсэн дэд бүтцийг сэргээх ажилд оролцуулах шийдвэр гаргасан.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

Экспортлогч, импортлогчдын холбооноос мэдээлснээр, 2024 онд хоёр улсын хоорондын бараа эргэлт 34 сая ам.долларт хүрчээ.

ОХУ-аас БНАСАУ руу хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд, ашигт малтмал, БНАСАУ-аас ОХУ руу хими үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, металл, нэхмэл эдлэл.зэргийг нийлүүлжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.