Путин Хятадад хэвлэлийн бага хурал дээр юу ярив

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалаа албан ёсоор дуусгажээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Хятадад газардсан бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн.

Айлчлалынхаа хүрээнд Оросын төрийн тэргүүн Хятадын удирдлагууд болон бусад орны өндөр түвшний төлөөлөгчидтэй олон удаагийн уулзалт, хэлэлцээ хийжээ.

Ерөнхийлөгч Путин Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр айлчлалынхаа үр дүнгийн талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Эерэг үр дүн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнг "маш эерэг" хэмээн дүгнэжээ. Түүний хэлснээр, ШХАБ-д оролцогч бүх орны эв нэгдэл, нэгдмэл байр суурь нь нааштай уур амьсгалыг бүрдүүлж, хамтын зорилгодоо хүрэх итгэлтэй байгааг харуулсан аж.

Путин "Бүх оролцогч талуудын зүгээс баталсан баримт бичгүүд ирээдүйд чиглэсэн шинж чанартай байлаа. Энэ хүрээнд Хятадын зүгээс гаргасан дэлхий нийтийн засаглалын санаачилгыг онцгойлон дурдахыг хүсч байна. Миний бодлоор энэ нь цаг үеэ олсон, чухал алхам болсон" хэмээн онцолсон байна.

Мөн тэрбээр энэ удаагийн урт хугацааны айлчлал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан бус орчинд олонтаа уулзаж, хоёр орны хувьд чухал ач холбогдолтой олон сэдвийг илэн далангүй хэлэлцэх боломж олгосныг тэмдэглэжээ.

Путины хэлснээр, Хятадтай байгуулсан хий нийлүүлэх шинэ хоолойн гэрээнүүдийн ачаар ОХУ ирэх жилүүдэд БНХАУ-д экспортлох хийн хэмжээгээ жилд 100 тэрбум шоо метрээс давуулан нэмэгдүүлэх боломжтой болсон аж.

Оросын Ерөнхийлөгч "Эдгээр гэрээнүүд нь Оросын талд ч, Хятадын талд ч ашигтай. Хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа үргэлжилж байна" хэмээн онцолжээ.

1. Хоёр талын хоолойн гэрээ – бизнес, тусламж биш

Путин "Энд аль нэг талын зүгээс буяны үйл ажиллагаа явагдаагүй. Энэ бол харин эрх тэгш, харилцан ашигтай түншлэлийн гэрээ юм. Маркетийн зарчмаар, энэ бүс нутгийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжиж байна. Түүнчлэн бүтээгдэхүүний үнэ өнөөгийн үнийг харгалзан биш, харин тодорхой томьёоны дагуу тогтдог" гэжээ.

Тэрбээр "Энэ гэрээнүүд нь олон улсын зах зээлийн зарчмуудад үндэслэсэн, харилцан ашигтай бизнес харилцаа. Мөн зөвхөн ашиг хонжоо биш, мөн нэр хүнд, эдийн засагт үр өгөөжтэй хэлцэл юм" хэмээн хэлсэн байна.

2. Зеленскийтэй уулзалт хийх тухайд

Путин энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Зеленскийтэй хийх уулзалт хэзээ ч боломжгүй гэж үзээгүй. Америкийн Ерөнхийлөгч Трамп надаас ийм яриа зохион байгуулах хүсэлт тавьсан.

Украины Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрхийг сунгах талаар хэн нэгэнд зориулсан механизм байхгүй. Тийм учраас Европын одоогийн нөхцөл байдлаар (Зеленскийг идэвхтэй Ерөнхийлөгч, эсвэл удирдагч гэж нэрлэхэд бэрх) энэ уулзалт ‘хэнд ч хэрэггүй, ямар ч үр дүнгүй’ байх магадлалтай” гэжээ.

3. Цэргийн тусгай ажиллагаа болон аюулгүй байдлын баталгааны тухай

Путин Украиныг өөрсдийн аюулгүй байдлын зохицуулалтыг сонгох эрхтэйг хүлээн зөвшөөрсөн ч энэ эрхээ ОХУ-тай тооцоо бодох зорилготой ашиглах ёсгүйг анхааруулжээ. Тэрбээр "Украинд нутаг дэвсгэрийн нөхцөлтэйгээр аюулгүй байдлын баталгаа олгох тухай ямар нэгэн яриа огт өрнөж байгаагүй" хэмээн мэдэгдсэн байна.

Путин "Ард нийтийн хаалттай санал асуулгын үр дүнд ОХУ-д нэгдэх санал өгсөн иргэдийн үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Энэ нь ардчилал юм. Цэргийн тусгай ажиллагаа нь ОХУ-ын хувьд зөвхөн нутаг дэвсгэрийг хамгаалах тухай биш, харин хүмүүнлэгийн эрх, иргэний эрхийг хамгаалах үйл явц" гэж онцолжээ.

Ерөнхийлөгч мөн 2022 онд Орос улс Украины Донбассаас цэргээ гаргаж, мөргөлдөөнийг дуусгах санал тавьсан боловч Оросын цэргүүд Киевээс ухарсны дараа Украин энэ бодлоо өөрчилсөнийг сануулсан байна.

Путиний онцолсончлон, Оросын Зэвсэгт хүчнийн бие бүрэлдэхүүн бүх чиглэлд амжилттай довтолж байгаа аж. Тэрбээр "Довтолгоо өөр өөр хэмнэлтэй явагдаж байгаа бөгөөд дайсан "нүх сүвийг бөглөж" байна.

Украины Зэвсэгт хүчний анги нэгжүүдийн бүрэлдэхүүн томоохон хэмжээний довтолгоо хийх чадваргүй болж, хилийн шугам барихыг оролдож байгаа ч Оросын Зэвсэгт хүчин хүчээ сулруулах ёсгүй" гэж хэлсэн байна.

Путиний онцолсноор, Оросын дайчдын дийлэнх цэргийн тусгай ажиллагааны хүрээнд зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа аж.

Украины асуудлын шийдлийн талаар Оросын Ерөнхийлөгч "хонгилын үзүүрт гэрэл харагдаж буй" гэж үзэж байгаа бөгөөд "Орос улс даалгавраа цэргийн аргаар ч шийдэхэд бэлэн байна. Украины мөргөлдөөнийг бүх талд хүлээн зөвшөөрөгдөх байдлаар дуусгах боломж бий" гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.

Трампын тухайд

Путин Трамптай уулзахдаа "англиар хальт хульт" ярьсан гэжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр, Хятадад уулзсан дэлхийн бүх удирдагчид Путиныг Аляскт Трамптай уулзсаныг дэмжсэн байна. Тэд бүгд Америкийн хамтран ажиллагчийн байр суурь нь Украины мөргөлдөөнийг дуусгах хөшүүрэг болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Мөн Путин Трампын "Орос, Хятад, Хойд Солонгос нийлсэн эвсэл"-ийн тухай мэдээллийг шүүмжилсэн байна. Трамп цахим сүлжээндээ "Хятад улсын дарга Ши болон гайхамшигтай Хятадын ард түмэнд аз жаргалтайгаар баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.

Владимир Путин, Ким Жон Ун нарт миний халуун мэндийг дамжуулаарай. Та нар АНУ-ын эсрэг эвсэл байгуулах гэж байгаа юм байна" гэж бичжээ.

Путин Америкийн хамтрагчаа хошин мэдрэмжтэйгээр ялгаатайг онцолсон байна. Оросын тэргүүн одоогийн байдлаар Трамптай Орос улсад хийх магадлалтай уулзалтын бэлтгэл ажил хийгдээгүй бөгөөд уулзалтын хугацаа тодорхойгүйг хэлсэн байна. Гэсэн хэдий ч тэрбээр Америкийн хамтрагчаа Москвад урьснаа баталжээ.

Орос, Азербайжаны харилцааны талаар

Путин Хятадад айлчлах үеэрээ Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев болон түүний гэргий (мөн Үндэсний ордны дэд Ерөнхийлөгч) нартай мэндчилж, "хоёр гурван үг" солилцсон байна.

Оросын тэргүүн Орос, Азербайжаны харилцаанд зарим асуудал байгаа ч бүх зүйл өөрийн байр сууринд орно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Азербайжан, Орос хоёр улс харилцаагаа харилцан хөгжүүлэх сонирхолтойг онцолсон байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.