Бүгд Найрамдахчууд Трампыг Путины тоглоом боллоо гэж үзсээр байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны наймдугаар сарын 15-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Аляскийн Анкориж дахь цэргийн баазад угтан авсан. Энэхүү уулзалтаас хойш Трамп энхийн хэлэлцээрт найдлага тавьсан ч үр дүн гараагүй байгаа бөгөөд Путин Украины дайнд түрэмгий үйлдлээ үргэлжлүүлж, АНУ-ын бизнес рүү халдаж, Польшийн агаарын орон зайд дроноор халдсан нь НАТО-г түгшээж байгаа аж.
Трамп өөрийн Truth Social хуудастаа “Оросын дронууд Польшийн агаарын хилийг зөрчиж байна. Ямар хэрэг байна вэ?” гэж бичжээ. Тэрбээр өмнө нь Путинийг “тоглож байж магадгүй” гэж ярьж байсан ч бодит алхам хийгээгүй, амалсан хугацаануудаа зөрчсөөр буй.
Бүгд Найрамдах нам (GOP)-ын зарим гишүүд Трампыг Путинээр “тоглуулаад” байна гэж шуудхан хэлэх болжээ: Сенатор Жони Эрнст (Айова):“Трамп Ерөнхийлөгч энх тайвныг эрэлхийлж байгаа ч Путин өөрөөр нь тоглож байна" гэж хэлсэн байна.
Сенатор Том Тиллис (Хойд Каролина) “Орос биднээр яг төгөлдөр хуур шиг тоглож байна” гэсэн бол сенатор Рожер Викер (Миссиссипи) “Путин энхийн хэлэлцээрийг элэг доог болгож, тоглож байна” гэжээ.
Түүнчлэн Трампын танхимын гишүүн Сангийн сайд Скотт Бессент хүртэл уулзалтаас үр дүн гараагүйг хүлээн зөвшөөрсөн бол Францын Ерөнхийлөгч Макрон, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар ч Путины үйлдлийг шүүмжилжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энхийн хэлэлцээр хийхээр хичээж байгаа ч Бүгд Найрамдах намын зарим гишүүд үүнийг мухардмал алхам гэж үзэж байна.
Сенатор Жони Эрнст хоёр ч удаа “Путин АНУ-аар тоглож байна. Трамп үүнийг ойлгож байгаа” гэж мэдэгдсэн аж. Гэвч олон нийт "Хэрэв Трамп Путинд хууртаж байгаагаа ойлгож байгаа юм бол яагаад энхийн уулзалтаа үргэлжлүүлсээр байна вэ? Яагаад Орост хатуу хориг тавих шийдвэрээ хойшлуулсаар байна вэ?" гэсэн асуултын хариуг эрэлхийлэх болжээ.
Трамп саяхан Энэтхэгт Оросын нефтийг худалдаж авсны төлөө өндөр тариф оноосон ч Москвагийн эсрэг илүү өргөн хүрээний хориг тавих Конгрессын санаачлага (тэр дундаа найз Линдси Грэмийн дэмжсэн)-ыг төдийлөн авч хэлэлцээгүй.
Төлөөлөгч Дон Бэкон (Небраска) “Бид Трампыг зөв байр суурь руу шилжинэ гэж найдсан ч тэр тэгсэнгүй. Түүний Оросын талаарх бодлого сул, тодорхой бус байна. Путин үүнийг овжин ашиглаж байна” хэмээн CNN-д ярьжээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.43] 2025-09-11 16:25:07
наймаачин тагнуулчинд булдэгжуулчихсэн.