Axios: Трамп Путинд нөлөөлж чадна гэдэгтээ эргэлзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд нөлөөлж, Украин дахь дайнтай холбоотойгоор гал зогсоох шийдвэр гаргуулах чадвартай эсэхдээ эргэлзэж эхэлсэн талаар Axios мэдээлжээ. Тус портал энэхүү мэдээллийг эх сурвалж дамжуулсан талаар есдүгээр сарын 13-ны бямба гарагт нийтэлсэн байна.
Трамп буруу үнэлэлт өгснөө хүлээн зөвшөөрчээ
Axios-ын мэдээлснээр, Трамп өөрийн хүрээллийн хүрээнд "Путины энх тайвныг эрмэлзэх хүсэл тэмүүллийг буруу үнэлсэн" хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Сарын өмнө Трамп Путинд хандан: хэрвээ Украины дайныг зогсоох, эсвэл энхийн хэлэлцээ эхлүүлэх алхам хийхгүй бол "ноцтой үр дагавар" тулгарна гэж мэдэгдэж байв.
Путин гал зогсоох, Зеленскийтэй уулзахаас татгалзсан
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд гал зогсоох, эсвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах саналд ямар нэгэн хариу өгөөгүй, шууд татгалзсан. Трамп үүний хариуд ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ шууд аваагүй юм.
АНУ Европоос илүү хатуу арга хэмжээ шаардав
Трампын засаг захиргаа шинэ хориг тавихын оронд Европын Холбоо (ЕХ)-г ОХУ болон БНХАУ-ын эсрэг илүү хүчтэй хориг арга хэмжээ авахыг шаардаж, Вашингтон ЕХ-оос Оросод нэмэлт хориг тавина хэмээн найдан хүлээж байгаа аж.
Трамп: НАТО-гийн бүх орон хоригт нэгдэж, Оросын нефтийг зогсоох ёстой
Трамп есдүгээр сарын 13-нд Truth Social хуудастаа бичихдээ, хэрэв НАТО-гийн бүх орон хориг арга хэмжээнд нэгдэж, Оросын нефтийн худалдааг бүрэн зогсоовол тэр үед л ноцтой хориг тавихад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Мөн тэрбээр Путинд хандаж хэлсэн "Миний тэвчээр барагдаж байна" гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл