АН: Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзав

“Олон улсын Ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар зохион байгуулж буй Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт /2025.09.15/ Улаанбаатар хотод эхэллээ. Чуулга уулзалтын хүрээнд Ардчилсан намын удирдлагууд Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзсанаас гадна “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг Ардчилсан намын төв байрт өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдээс гадна Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн 16 гишүүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Ардчилал бол эрх тэгш оролцоо. Ардчиллын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд эмэгтэйчүүд чухал нөлөө үзүүлдэг. Учир нь эмэгтэйчүүдийн эрх чөлөөний мэдрэмж маш өндөр байдаг. Тэр ч утгаараа аль ч орны улстөрч эмэгтэйчүүд авлига авах нь бага байдгаас гадна хүний эрх, эрх тэгш оролцоо, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь асуудалд үргэлж манлайллыг үзүүлдэг. Гэхдээ эмэгтэйчүүдийн нэг асуудал нь улс төрд нэг нэгнээ дэмждэггүй. Тиймээс Ардчилсан намаас улс төрд эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог бодитоор нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал Улс төрийн намын тухай хууль болон манай намын Үндсэн дүрэмд УИХ-д нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульд тусгасан. Мөн намын төлөөллийн төв байгууллага болон удирдах бүх шатны байгууллагад 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. Монголчууд эрт үеэсээ эмэгтэйчүүдийн эрхийн мэдрэмжтэй улс байсан. Монголын түүхэнд онцгой гавьяатай, манлайлагч хатад, эмэгтэйчүүд олон бий. Өнөөдөр ч мөн монголчууд эмэгтэйчүүдийн оролцоо, боловсролд онцгой анхаарч байна. Орон нутагт ихэвчлэн хөвгүүд нь хөдөөдөө үлдэж, охид нь их дээд сургуульд сурах үзэгдэл түгээмэл байна. Магадгүй 10 жилийн дараа манай улсад жендер асуудал гэхээр эмэгтэйчүүд биш эрчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар яриад сууж магадгүйгээр болсон” хэмээн ярилаа.
Мөн хэлэлцүүлгийн үеэр БНЭУ-ын парламентын гишүүн Чару Прагя “Юуны түрүүнд биднийг хүлээн авсан Ардчилсан намын удирдлагуудад талархал илэрхийлье. Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн энэхүү чуулга уулзалтаар бидний зовлон жаргал нэг юм байна гэж харж байна. Эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувь болгож нэмэгдүүлж байгаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа Монголын энэ туршлага нь маш их урам зориг өгч байна. Бидний өмнө сорилт их байгаа ч том алхам хийж байгаа та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.
Харин Малайз улсын парламентын гишүүн Мас Эрмийяти Бинти Самсудин “Би Малайзын парламентад гурван удаа сонгогдсон. Монголын туршлагаас нутагтаа очоод хуваалцах зүйл их байна. 20 жилийн өмнө манай улсад эмэгтэйчүүдийн квот 15 хувьтай байсан бол өнөөдөр ч мөн хэвээр байна. Гэр бүлийн асуудлаас гадна эдийн засаг, байгаль орчин зэрэг олон асуудалд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй. Монгол Улс 2028 он гэхэд эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэдэг нь бидэнд том урам зоригийг өгч байна. Малайзад очоод өөрчлөлт гаргах том боломж гэж үүнийг харж байна. Тиймээс энэхүү үйл ажиллагаанд ихээхэн талархалтай байна” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл