Г.Занданшатар: Дэглэсэн жүжиг шиг, хуйвалдааны шинжтэй мэтгэлцээн өрнөж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаан дээр Ерөнхий сайд Г.Занданшатар парламентын үүрэг, үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, төсөв, цалин, тэтгэврийн бодлого, Оюутолгойн асуудал зэрэг чухал сэдвүүдээр гишүүдийн асуусан асуултад хариулж буй юм.
Тэрбээр парламентыг зөвхөн "хэрүүлийн талбар" болгон хувиргаж байгааг шүүмжилж, бодлогын түвшинд мэтгэлцэх шаардлагатайг онцоллоо.
Ерөнхий сайд ““Парламент гэдэг бол хэрүүлийн танхим биш, нотлогч, няцаагч хоёр талын мэтгэлцээний талбар байх ёстой. Үүний тулд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Ийм зорилгоор 126 гишүүнтэй болох санаачилгыг анх 2019 онд гаргаж байсан ч хэрэгжиж чадаагүй. Харин 2023 онд бүрэн хэрэгжүүлсэн" хэмээн онцлов.
Тэрбээр өнөөгийн нөхцөл байдлыг “дэглэсэн жүжиг шиг, хуйвалдааны шинжтэй мэтгэлцээн өрнөж байна” гэв.
Ерөнхий сайд "Засгийн газар хуулийн хүрээнд, УИХ-аас тогтоосон төсвийн хязгаартад тулгуурлан төсөл боловсруулдаг. Энэ утгаараа цалин, тэтгэвэр нэмэх асуудалд тодорхой хязгаар бий.
Засгийн газарт олгогдсон хүрээ, хязгаарт багтаан, төсвийн төслийг боловсруулдаг. УИХ төсвийн төсөлд урсгал зардлыг 24 хувиас хэтрүүлж болохгүй гэж заасан.
Хэрэв шаардлагын дагуу нэмбэл урсгал зардал 25–26 хувь хүрэх эрсдэлтэй. Иймээс бид эхний ээлжид төсвийн сахилга батыг баримтлах ёстой. Үүний дараа цалин, тэтгэврийн нэмэгдлийг үе шаттайгаар авч үзнэ” гэв.
Мөн энэ асуудлаар байнгын хороодын дарга нартай тохиролцсон ч намын бүлгүүдэд танилцуулахаас өмнө хуралдаан зохион байгуулагдаагүйг дурдсан юм.
Ерөнхий сайд уул уурхайн салбарт гарсан эерэг үр дүнг онцлон дурдаж, Оюутолгойн асуудлыг Засгийн газар анхааралтайгаар хянан ажиллаж буйг хэллээ.
Тэрбээр “Оюутолгойн асуудлаар ажлын хэсгийг долдугаар сарын эхээр байгуулсан. Саяхан бид зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ. Энэ нь Монгол Улсад эерэг мэдээ юм.
Түүнчлэн олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлаг Монгол Улсын зэрэглэлийг "B1, тогтвортой” болгож ахиулсан нь сүүлийн 20 жилийн хамгийн өндөр түвшин юм" гэж мэдэгдлээ.
Мөн Ерөнхий сайд ард иргэдэд мэдээллийг нэг талыг барьсан, гуйвуулсан байдлаар түгээж болохгүй хэмээн анхааруулав. Энэ талаар “Ард иргэдэд гуйвуулсан, нэг талыг барьсан мэдээлэл өгөх нь эрсдэлтэй. Улс орны эдийн засаг, төсөв, гадаад нэр хүндийг бодитоор үнэлэх хэрэгтэй” гэв.
Чуулганы хуралдаан дээр УИХ-ын дэд даргад хүсэлт ирүүлсний дагуу гишүүнд асуулт асууж, үг хэллээ. Ерөнхий сайд яг одоо үг хэлж буй бөгөөд түүнийг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулах юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл