Трамп Ши Жиньпинтэй Украин дахь дайны талаар ярилцжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social хэмээх нийгмийн сүлжээнд арваннэгдүгээр сарын 24-ний даваа гарагт "БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, Украин, Орос зэрэг олон сэдвийн талаар хэлэлцлээ” гэж бичжээ.
Тэрбээр Шитэй хийсэн яриагаа “маш сайн” гэж тодорхойлсон байна. Украины дайны ямар тодорхой асуудлуудыг хэлэлцсэн талаар Цагаан ордны тэргүүн дэлгэрүүлэн мэдээлээгүй ажээ.
Мөн бусад сэдвийн тухайд, Трамп фентанил хэмээх мансууруулах бодистой тэмцэх асуудал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны талаар дурджээ. Тэр “Манай харилцаа Хятадтай маш бат бөх байна” гэж онцолсон байна.
Ши Жиньпин Украинд яаралтай энх тайван тогтоохыг уриалав
Бүгд Найрамдах намаас сонгогдсон Трампын хэлснээр, Ши түүнийг ирэх дөрөвдүгээр сард Бээжин хотод айлчлахыг урьжээ. Харин Трамп хариуд нь БНХАУ-ын даргыг 2026 оны 5-12 дугаар сарын хооронд АНУ-д айлчлахыг санал болгосон байна.
Хятадын төрийн мэдээний агентлаг “Синьхуа” тэдний утсаар ярилцсаныг баталж, Ши Тайваньтай холбоотой Бээжингийн байр суурийг Трампад илэрхийлсэн хэмээн мэдээлжээ.
"Синьхуа"-гийн мэдээнд “Хоёр удирдагч Украины хямралын талаар мөн хэлэлцсэн. Ши Жиньпин Хятадын энх тайванд чиглэсэн бүх хүчин чармайлтыг дэмжиж буйгаа онцлоод, талууд ойртож, шударга, тогтвортой, заавал биелэгдэх энхийн хэлэлцээрт богино хугацаанд хүрч, хямралыг үндсээр нь шийдвэрлэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн” гэж дурджээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ

































































Сэтгэгдэл