ЭЗБХ: Эрсдэлийн үед шатахуун тасалдахгүй байх хуулийн төслийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд үүний үндсэн дээр төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.9-д тусгагдсан газрын тосны бүтээгдэхүүний 3–6 сарын хэрэглээний нөөцийг бүрдүүлэх зорилгоор улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүргийг онцлон дурдлаа.
Тэрбээр манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортыг дангаар хангадаг ОХУ-д сүүлийн жилүүдэд дотоодын зах зээлийн нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлтийн хэлбэлзэл болон үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ зэрэг хүчин зүйлсийн улмаас экспортын хязгаарлалт тогтоох, нийлүүлэлтийн хэмжээ буурах нөхцөл үүсэж, энэ нь манай шатахууны хангамжид шууд нөлөөлж тасалдал хомсдол бий болгодог бөгөөд шалтгаалан үнийн савлагааг нэмэгдүүлж байгааг дурдсан.
Уул уурхайн салбарын тэлэлт болон нийт эдийн засгийн өсөлттэй уялдан газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр тасралтгүй нэмэгдэж буйг сайд мэдээлэв. 2023 онд манай улс 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонн шатахуун импортоор хэрэглэсэн бол өсөлт жилд дунджаар 21 хувьтай байгаа аж.
Харин 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар импорт 2.3 сая тоннд хүрээд байгаа бөгөөд хэрэглээний энэхүү тасралтгүй өсөлт нь хангамжийн тогтвортой байдлыг хангахад илүү өндөр шаардлага тавьж байгаа талаар онцлов.
АИ92 авто бензиний сарын хэрэглээ 2024 онд дунджаар 60 мянган тонн байсан бол 2025 онд 80 мянган тонн болж өссөн хэдий ч ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн гэрээний дагуу тонн тутамд 705 ам.долларын хөнгөлөлттэй үнээр нийлүүлж буй ч нийлүүлэх хэмжээ 60 мянган тонноор хязгаарлагдсан хэвээр байгаа нь хэрэглээний өсөлтийг бүрэн хангаж чадахгүйд хүрч буйг танилцуулав.
Уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдсэнээр дизель түлшний хэрэглээ сард 140 мянган тоннд хүрээд байна. Иймд дотоодын хэрэгцээнд дутагдаж буй АИ92 бензиний 20 мянган тонн, дизель түлшний 25 мянган тонныг БНХАУ-аас нөхөн импортлох шаардлага үүссэнийг тайлбарлалаа.
Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд улсын хэмжээнд багадаа 30-аас доошгүй хоногийн тогтмол нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ хүрээнд импортлогч болон борлуулагч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг сайд дурдав.
Мөн стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргах эрх зүйн зохицуулалт нэн шаардлагатайг онцоллоо.
Иймээс олон улсын худалдааны нөхцөл байдал болон гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр дотоодын зах зээлд шатахууны хангамжид учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, нөөц бүрдүүлэх, тасалдал хомсдолыг даван туулах арга хэмжээний эрх зүйн орчныг бий болгох зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авснаас Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл төслийн зохицуулалт таван жилийн хугацаанд ямар үр дүн авчрах талаар тодруулав.
Сайд Г.Дамдинням ойрын таван жилд нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй бөгөөд 100 сая тонн нүүрс экспортлох зорилттой холбоотойгоор шатахууны хэрэглээ дахин 20 орчим хувиар өсөхийг тэмдэглэж, нөөцийн савны дэд бүтэц болон санхүүгийн дэмжлэгийг урьдчилан бүрдүүлэх шаардлагыг онцлон тайлбарлав. БНХАУ-аас бүтээгдэхүүн импортлох нөхцөл байдлын талаар ч дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Гишүүн Л.Соронзонболд нөөцийн сав барих болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд 1 их наяд 60 тэрбум төгрөг шаардлагатайг дурдсан бөгөөд Монголбанктай хийсэн зөвшилцлийн талаар асуув.
Ажлын хэсэг Монголбанк стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний импортыг дэмжих хүрээнд репо арилжааны нөхцөлөөр банкдад хөнгөлөлттэй санхүүжилт олгох, хадгалах агуулах болон бусад дэд бүтцийн санхүүжилтийг бий болгох бүрэн эрхтэй байхаар тусгагдсан бөгөөд хүүгийн нэгдсэн бодлоготой нийцэж байгаа талаар тайлбар өгөв. Засгийн газар болон Монголбанканд ямар нэгэн өр үүсэхгүйг сайд тодотгов.
Мөн УИХ-ын гишүүн Р.Сэддорж орон нутгийн шатахууны хангамжийн нөхцөл байдлыг тодруулахад ажлын хэсэг орон нутгийн нөөц, хүртээмжийг тогтмол хянаж ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 40 орчим суманд АИ92 бензин хязгаарлалттай байгаа ч долоо хоногийн дотор асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж буйгаа хэллээ. Түгээлтийн онцлогоос шалтгаалан нэг суманд хүргэх зуур нөгөө суманд дуусах гэх мэт нөхцөл байнга үүсдэгийг ч тайлбарлав.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэх шаардлагагүй гэж үзсэн тул санал хураалт явуулахад Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнээр санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.































































Сэтгэгдэл