Хотоос гадна үлдсэн хүмүүс: Гэр хорооллын эмзэг бүлгийн иргэдийн хөсөр хаягдсан эрх

Aдмин / Орон нутаг

(“Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот" сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдаанд)

Б.Санаа Баянхошууны шинэ эцэст эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Айл гэр толгойлж, өрхийн тэргүүн болоод, арав дахь жилтэйгээ золгожээ. Хүний ганц охиныг гэргийгээ болгон авч, хоёр сайхан үрийн зулай үнэрлэн, дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байж.

“Гай газар дороос” гэгчээр нэг л өдөр амьдрал нь алга урвуулах мэт “хөмөрч”, хорвоогийн хатуу буулганд хайр найргүй нүдүүлж яваагаа шүүрс алдан өгүүлэв. Цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн тэрбээр албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орсны улмаас бэлхүүснээс доош мэдрэлгүй болж, тэргэнцэр дээр суудаг болжээ.

Тэр “Хөөрхий гэргий минь өглөө эртлэн босож, хоёр хүүхдээ өглөөний цайг нь уулган, цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөхийн хажуугаар банкны теллерийн завгүй их ажлаа амжуулдаг. Ажлаа тарж ирээд, мод, ус, түлээгээ базааж, борви бохисхийх завгүй, шургаж унатлаа ажиллаж байгааг хараад өрөвдөж, нулимс унагахаас өөр юу ч хийж чадахгүй байгаадаа маш их бухимдаж шаналж явна” хэмээн өгүүлсэн юм.

Залуугаараа суумгай болсон түүнийг өдгөө түрээд гадуур авч явах нь битгий хэл эргэж тойрох хүн ч олдохоо бараг больжээ. Цагтаа бишгүй их тус дэмийг нь авсан хүмүүс тэргэнцэртэй, том хүүгээрээ түрүүлж явааг хараад огт танихгүй аятай хажуугаар нь зөрөөд өнгөрдөг байна.

Гудамжны хүүхдүүд чулуугаар нүүлгэх энүүхэнд, заримдаа хөгжлийн бэрхшээлтэй түүнийг хэн нэг этгээд тэргэнцэртэй нь дайраад унагах тохиолдол ч гардаг байна. Тиймээс гэрээсээ гадагшаа гарахыг тэр бүр хүсээд байдаггүй болж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн энгийн мэт санагдах алхам хүртэл бодит бэрхшээл болж хувирдагийн тод жишээ нь хотын гудамж, талбайд налуу зам, барилга руу орох гарц байхгүй явдал аж.

Нийтийн тээврийн буудлууд, сургууль, эмнэлэг рүү очих замууд стандартад нийцээгүй бүтээгдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралаас холдуулж, эрх тэгш байдлын үүднээс тэдний суурь хүний эрхийг зөрчсөөр байна.

Энэ нь зөвхөн хөдөлгөөнд хязгаарлалт тавьж байгаа хэрэг бус, мөн тэдний ажиллах, суралцах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, нийтийн амьдралд оролцох боломжийг хааж, хотын оршин суугчдын дунд ялгаварлан гадуурхалт үүсгэж, сэтгэл зүйн дарамт, тусгаарлагдмал байдлыг нэмэгдүүлсээр байгаа юм.

Иймд хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хүн бүрд хүртээмжтэй, хүнд ээлтэй байдлаар өөрчлөх нь зөвхөн нийтийн соёл, ёс зүй, хүний эрхийн асуудал төдийгүй хотын амьдралын чанарыг дээшлүүлэх чухал алхам болох юм.

Б.Санаа хэлэхдээ, явган хүний замаар тэргэнцэртэйгээ түрүүлээд явахаар яг голд нь шонгийн мод зоочихсон байдаг. Тойроод гаръя гэхээр өндөр довжоо давах болдог тул тэргэнцрээсээ холбироод унах эрсдэлтэй байнга тулгардаг гэв.

Тэрбээр “Тэргэнцэр дээрээ суугаад, хүүгээрээ голдуу түрүүлээд албан байгууллагуудаар явахаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд тохирсон, стандарт шаардлага хангасан налуу зам нийслэлд бараг байдаггүй. Тийм учраас нийслэлийн захын дүүрэгт, гэрийн мухар сахиж суухаас өөр сонголт надад үлдсэнгүй. Тэгээд ч төрсөн хоёр сайхан үрээ тэгж хүч чадлыг нь барагдтал тэргэнцэртэй хүн түрүүлж зовоохыг хүсдэггүй” хэмээн санаа алдан өгүүлсэн юм.

Нийслэлд хөгжлийн болон харааны бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд автобусанд сууна гэдэг “өдрийн од шүүрэх” шиг аз болдог байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг автобусанд өргөөд суулгах сэтгэл, “технологи” хөгжөөгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэг сайхан сэтгэлтэй хүн өргөж өгч туслахгүй л бол тэр автобусанд хэчнээн хүсээд ч суух эрхгүй. Аз таарч суулаа гэхэд "Их зай эзэллээ" гэж цааргалах, загнаж, бүр цохих хүн ч мунддаггүй аж.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн С.Чингүүн “Өрхийн эмнэлэг ороод ирэхэд зайлшгүй 1-2 хүний туслалцаа авах шаардлагатай болсон. Хүний туслалцаагүйгээр зам хөндлөн гарч, босго давж, шатаар гарч чадахгүй.

Гэхдхээ би бусдын тулалцаа авахгүйгээр ганцаараа явахыг хүсдэг. Тэгэхийн тулд нийслэл дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Ядаж л аль ч газар хаалга хийлээ гэхэд босгогүй хийж байж бид бусдын тулалцаагүй өөрсдөө дотогш нэвтэрч чадна” гэсэн юм.

Энэ бүхэн хорь, гучин жилийн хөгжлийн бодлого, хот төлөвлөлттэй шууд холбоотой гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

Гаднын орнууд хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн иргэддээ хэр анхаарал хандуулж байна вэ? Байгалийн сайхныг бишрэн харж, ой дундуур алхаж, голын усанд сэлж чадаж байна гэдэг үнэхээр сайхан. Эдгээр таашаалтай зүйлсийн ихэнхийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мэдэрч чаддаггүй.

Сүүлийн жилүүдэд дэлхийн орнууд эдгээр зүйлсийг мэдрүүлж чаддаггүй юм гэхэд ядаж хот доторх амьдралыг нь хөнгөн байлгах үүднээс олон шинэ зүйл сэдэж хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан савлуур бүтээж, галт тэрэгний буудалд хараагүй иргэдэд зориулсан зам тавьсан.

Өнгө ялгадаггүй хүмүүст зориулсан тусгай линзтэй дуран гаргаж, Берлиний нисэх буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие засах өрөөнд яаралтай дохио өгөх утас байрлуулсан гээд тоочвол урт жагсаалт хөвөрнө.

Харамсалтай нь, Монгол Улсад, ялангуяа нийслэл Улаанбаатарт хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй, эмзэг бүлгийнхэн “илүүдэл” хэвээр, анхаарлаас ангид байсаар байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.904 иргэн амьдарч байгаагаас нийслэлд 32 хувь буюу 34.354, орон нутагт 68 хувь буюу 73.550 хүн амьдарч буй аж.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 8.,594 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 18 хувь буюу 16.175 нь хөдөлмөр эрхэлж буй бөгөөд харъяаллаар нь авч үзвэл нийслэлд хөдөлмөр эрхэлж буй 4526 хүн, орон нутагт 11.649 хүн бий юм байна.

Эдгээр хүмүүсийг тэгш эрхээр хангахын тулд 15, 20 минутын хот зарчим, нийтийн тээврийн сүлжээний дахин зохион байгуулалт, эрсдэлтэй бүсэд гэрэлтүүлэг нэмэх, эмзэг бүлэгт чиглэсэн кэйс менежмент хийх зэрэг олон боломж нээлттэй билээ.

Б.Санаа хэлэхдээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй нэн чухал асуудал бол бусадтай тэгш эрхтэйгээр нийгмийн амьдралд оролцох гэдгийг онцолж байлаа. Учир нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэхээр хязгаарлагдах бус, харин өөрсдөө бусдын оролцоогүйгээр бие даан үзвэр үйлчилгээ үзэх, олон нийтийн газар, худалдааны төвөөр зорчиход хүндрэлтэй байдагтай холбоотой аж.

Төрөөс энэ чиглэлд нэг удаа дорвитой бодлого гарган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, энэ асуудлыг шийдэхэд тийм ч хүндрэлтэй биш гэдгийг ч хэлсэн.

Нийслэлийн хэмжээнд гэхэд барилга, байгууламж, үзвэр үйлчилгээ, олон нийтийн худалдааны төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат, хашлага, бие засах газрын стандартыг баталж өгөхөд л тийм ч их зардал мөнгө шаардахгүйгээр хувийн хэвшлийнхний хөрөнгөөр шийдэж болох шийдэл бийг өгүүлэхэд илүүдэхгүй биз ээ.

Б.Санаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асуудал байна гэж харах биш, тэдний эргэн тойронд ямар асуудал байна вэ гэдгийг харж шийдвэрлэж чаддаг болсон цагт л жинхэнэ утгаараа хүртээмжтэй орчин бий болно” гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөсөр хаягдсан эрхийг тэгш, хүртээмжтэй эдлүүлэх юмсан

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.