"Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэн, юу хэлэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд олон улсын онол, практикийн хэлэлцүүлэг болов. Энэ үеэр энэ сэдвээр хэн, юу хэлснийг тоймлон хүргэж байна.
-МОНГОЛ УЛС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТОГТОЛЦООГ ҮЕ ШАТТАЙ БЭХЖҮҮЛЖ ИРСЭН-
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-Монгол Улсын парламентын зүгээс шүүхийн ачааллыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд шударга, хүртээмжтэй, үр дүнтэй маргаан шийдвэрлэх орчин бий болгох нь хууль тогтоох үйл ажиллагааны чухал чиглэлүүдийн нэг хэвээр байна.
Өнөөдөр дэлхий дахинаа шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх тогтолцоо (ADR) нь зөвхөн шүүхийн ачааллыг бууруулах бус, эдийн засгийн эргэлтийг түргэсгэх, талуудын харилцааг хадгалж үлдэх, бизнесийн орчныг тогтвортой байлгах нэн чухал механизм болжээ.
Монгол Улс ч эдгээр чиг хандлагын дагуу эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог үе шаттай бэхжүүлж ирсэн бөгөөд эрх зүйн орчны хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн хүний нөөц бэлтгэл бодитоор ахиж байгаа нь сайшаалтай.
Энэхүү сэдвээр олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буй нь Улсын Их Хурал хууль тогтоох бодлогоо олон улсын сайн туршлагад тулгуурлан боловсронгуй болгож, талуудын оролцоог өргөн хүрээнд хангах нээлттэй, хамтын ажиллагааны зарчимтай нийцэж байна.
Хууль зүйн байнгын хороо маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах талаарх олон улсын туршлага, судалгааг дэмжих; талуудын оролцоотой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх; хууль тогтоомжийн чанар, хэрэгжилтийг сайжруулах чиглэлд бодлогын түвшний хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.
Хууль тогтоох байгууллагын хувьд олон нийтийн дэмжлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, салбарын мэргэжлийн оролцогчдын дуу хоолойг сонсох, бодит хэрэгжилт, хүний эрх, шударга ёсны зарчмыг ханган хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн үр дүн, мэргэжлийн байгууллагуудын санал, судлаач, практик ажилтнуудын байр суурь нь парламентын цаашдын бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй хэмээн үзэж байна.
-ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ МАРГАГЧ ТАЛУУДЫГ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ-
“Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн олон улсын зөвлөх, Сингапурын Менежментийн их сургуулийн Эрх зүйн профессор (практик), Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх академийн захирал Надяа Александер:
-Олон улсын маргааныг XX зуунд арбитрын шүүхүүдээр шийддэг байсан бол энэ зуунд эвлэрүүлэн зуучлах харилцаа эхэлж, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг төв олноор байгуулагдсан.
Монгол Улсад ч энэ төрлийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд олон улсад Сингапурын эвлэрүүлэн зуучлалын конвенц тэргүүтэй олон улсын олон арга механизмын хүрээнд явагддаг.
Олон улсын хэмжээндээ арбитрын үйл ажиллагаанд эвлэрүүлэн зуучлах цонх гэдэг ойлголт үүсээд байгаа бөгөөд аливаа маргааныг тохирох арга замаар шийдвэрлэхээр эрэлхийлдэг болсон.
Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын маргаан дээр арбитр болон эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг хослуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Аливаа маргааныг шийдвэрлэхэд арбитр болон эвлэрүүлэн зуучлалын холимог хэлбэрийг зэрэгцүүлэн ашиглах нь илүү үр дүнтэй.
Арбитр нь эрх зүйн хүрээнд маргааныг шийдвэрлэдэг бол эвлэрүүлэн зуучлал нь маргагч талуудыг уялдуулан зохицуулах үйл ажиллагаа явуулдаг. Тухайн маргаанд тохирсон арбитрын элментүүдийг, эвлэрүүлэн зуучлалын тохирох элментүүдтэй хослуулан хэрэглэх нь илүү бүтээлч, үр дүнтэй арга болж байгааг тайлбарлаад үйл явцын шударга байдлыг хангах нь хамгийн чухал.
Үйл ажиллагааныхаа хүрээг зөв тодорхойлж, шударга байдлыг хангаж, эрх чөлөөг хангаж чадвал арбитр болон эвлэрүүлэн зуучлалын холимог хэлбэр нь үр дүнтэй хэмээн үздэг болж байна.
Сингапурын эвлэрүүлэн зуучлалын конвенц нь нэгдэн орсон улс орноос тусгайлсан эрх зүйн орчин шаардахгүй бөгөөд хийдлийг нөхдөг, эвлэрүүлэн зуучлалыг цахимаар гүйцэтгэх боломжтойгоор зохицуулсны зэрэгцээ аливаа маргааны эвлэрүүлэн зуучлалд шүүхийг оролцуулах үндэслэлүүдийг тусгасан байдгаараа онцлогтой. Түүнчлэн конвенцод нэгдэн орсон талуудын бие даасан байдлыг нэн чухалчилдаг.
-ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВҮҮДИЙГ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙГООР ОЛНООР БАЙГУУЛАХ ГАРЦ БИЙ-
Төслийн үндэсний зөвлөх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ:
-Итали Улсад эвлэрүүлэн зуучлагчдыг бүртгэх, холбогдох хариуцлагын асуудлыг тус улсын Хууль зүйн яам нь хариуцдаг бөгөөд сургалт явуулах, эрх олгох зэргээр төрийн оролцоотой байдаг.
Турк Улсын хувьд эвлэрүүлэн зуучлал эрхлэхийн тулд эрх зүйч мэргэжилтэй, хуулийн салбарт таван жил ажилласан байхыг шаарддаг бол Австри Улсын хувьд 25 насанд хүрсэн, бакалаврын боловсролтой, эвлэрүүлэн зуучлалын сургалтад хамрагдсан байх шаардлага тавьдаг.
Нийтлэг байдаг жишиг шалгуур нь хариуцлагын даатгалд хамрагдсан байхыг шаарддаг байна. Олон улсын жишигтээ эврэлүүлэн зуучлалын эхний уулзалтын талаарх зохицуулалт онцлог.
Маргагч талууд ашиг сонирхолоо анхаарах, маргааныг энгийнээр эхний шатанд шийдвэрлэхэд эврэлүүлэн зуучлалын эхний уулзалт нэн чухал юм. Мөн маргааны бүх шатанд эврэлүүлэн зуучлалын орон зайг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь олон талын ач холбогдолтой, иймд маргааны бүх шатны оролцогчдод энэ талаарх ерөнхий мэдээлэл, мэдлэг олгох сургалтад хамруулдаг.
Шүүхээр маргаан шийдвэрлэх хугацаанаас харьцангуй бага хугацааг эвлэрүүлэн зуучлалаар маргаан шийдвэрлэх үйл явцад зарцуулдаг баримтыг, энэ аргыг ашиглан шүүхийн ачааллыг бууруулсан туршлага бий.
Түүнчлэн энэ үйлчилгээний үр дүнд маргагч талууд маргааны дараа энгийн харилцаатайгаар хамтран ажиллаж, амьдрах боломжтой байдгаараа онцлог. Эвлэрүүлэн зуучлалын төвүүдийг сонголт хийх боломжтойгоор олноор байгуулах, мэргэжлийн гэхээс гадна тухайн орчиндоо нөлөө бүхий нэгэн үйлчилгээ авагч талд ачаалал үүсгэхгүй байхуйц хэмжээний төлбөрөөр энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг байх гарцууд байдаг.
Хариуцлагатай эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг бий болгоод, иргэдэд энэ үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулаад, эрх зүйн орчныг сайжруулснаар маргагч талууд маргааныхаа аль ч шатанд эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг авах боломжтой байвал илүү үр дүнтэй байх боломжтой.
-ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛАА ХЗДХЯ-НД ХҮРГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ-
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Хэлэлцүүлгийн оролцогчдод холбогдох санал олон байна. Хуулийн төслийн боловсруулах үйл явц хараахан дуусаагүй байгаа учраас төсөлтэй холбоотой саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх боломжтой.
Төслийг шүүхийн цахим шилжилттэй эвлэрүүлэн зуучлалын тогтолцоогоо уялдуулах, энэ төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн тогтолцоо болон журмаар зохицуулдаг харилцааг цөөлөх бодлогод нийцүүлэх хэрхэн шийдвэрлэх боломжтойг эрэлхийлэн, шийдэх нь зүйтэй.
УИХ өнгөрсөн баасан гарагт Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан. Тус баримт бичигт зарим төрлийн маргааныг шүүхийн өмнөх шат руу шилжүүлэх гүйцэтгэлийн шалгуурыг тусгах боломжтой. Гэвч энэ шалгуур үзүүлэлтийг холбогдох салбарын яамдын ажлын гүйцэтгэлийн шалгуур болгож, Хууль зүйн байнгын хороо харьяа салбаруудынхаа гүйцэтгэлд анхаарах боломжтой юм.
Маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг хэрэгцээ, шаардлага өндөр байна. Хүний эрхийн боловсролоос гадна бусад арга ажиллагааг ашиглаж ийм төрлийн соёлыг нэвтрүүлэх талаар хуульчид сайтар тунгааж, судалж, анхаарал хандуулах шаардлага бий.
Монгол Улс боловсролын хөтөлбөрөө шинэчилж буй энэ цаг үед харьяа яамтай уулзаж, энэ төрлийн агуулгыг хөтөлбөрт шингээх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд дэх зохицуулалтыг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах зорилгоор туршлагатай эвлэрүүлэн зуучлагч нар ажиллаж, саналаа нээлттэй ирүүлээрэй. Хууль зүйн байнгын хорооны зүгээс бүрэн дэмжиж, нээлттэй хамтран ажиллана.


































































Сэтгэгдэл