Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг асуудлаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд танилцуулж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсантай холбогдуулан Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.2-т заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулсан болохыг онцолсон юм.

Тэрбээр мөн тус хэлэлцээрийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа тамхины онцгой албан татварын асуудал, тамхины хэрэглээнд хяналт тавих, хэлэлцээрийн хэрэгжилтэд гурван жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Улсын Их Хуралд танилцуулах зохицуулалт бүхий тогтоол батлах санал гаргасныг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, тамхи, тамхин бүтээгдэхүүн, ялангуяа янжуур тамхины татварыг тэглэх нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар авчирч, иргэдийн амь насанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулан, Засгийн газрын гаргасан алдааг засах зорилгоор Улсын Их Хурал тогтоолоор чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Ингээд Байнгын хорооны санал болгосон уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь дэмжиж, улмаар тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх саналыг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир тус тус танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Австрали, Австри, Беларусь, Болгар, Вьетнам, Герман, Египет, Итали, Их Британи, Казахстан, Киргиз, Оросын Холбооны Улс, Сингапур, Турк, Унгар, Франц, Чех, Арабын Нэгдсэн Эмират Улс, Энэтхэг, Тайланд, Лаос зэрэг улсад суугаа нийт 21 Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Нэр дэвшигчид нь төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, удирдах ажлын туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан мэргэжлийн боловсон хүчин болохыг онцолсон байна.

Байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах болон томилох асуудлыг хамтатган хэлэлцэж, санал хураахад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд энэ талаарх дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Эл асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэхдээ гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, туршлагатай, мерит зарчмаар дэвшүүлсэн боловсон хүчнийг Элчин сайдаар томилж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн Элчин сайдаар ажиллахдаа аливаа ашиг сонирхлоос ангид байж, хууль дээдлэн, ёс зүйг чанд сахих, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, цахим сонгуулийн оролцоог хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн эрүүл мэндийн дипломат бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг захиж байв.

Ингээд Элчин сайд нарыг эгүүлэн татах саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 74.5 хувь дэмжсэн бөгөөд Элчин сайд нарыг томилох асуудлаар нэр дэвшигч тус бүрийг санал хураалтаар хэлэлцэн, гишүүдийн олонхын дэмжлэгээр тус тус баталлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.