Н.Учрал: Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлд зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулснаа Улсын Их Хурлын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцов. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.
Тодруулбал, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийт 318 бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан бол энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлагдсан тохиолдолд чуулган завсарлах үеэр хэрэгжилтийг хангуулж ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга Н.Учрал тодотголоо.
Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооноос болон Засгийн газраас хариуцан хэрэгжүүлэх гэсэн үндсэн хоёр чиглэлд нийт 16 арга хэмжээг тусгажээ.
Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах нь Төв банкнаас авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээний нэг гэдгийг УИХ-ын дарга танилцуулгын эхэнд онцлов.
Өрхийн бодит орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг статистикээс харж болно. Иймд макро түвшний эдийн засгийн өсөлт микро нэгжид буюу айл өрхүүдэд шууд хүрч чадахгүй байгааг анхаарч, өргөн хэрэглээний барааны эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр Төв банкны удирдлагатай санал солилцлоо.
Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлэх хүрээнд зээлийн хүүг үе шаттай бууруулах, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гадаадын банкны салбаруудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тогтоолын төсөлд тусгасан талаар танилцуулав.
УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглүүлэх арга хэмжээний талаар онцоллоо. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт 139 мянган өрхөд 10.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 17.7 жилийн дундаж хугацаатайгаар олгосон байна.
Уг зээлд хамрагдах хүсэлтүүд ихээр ирсэн хэвээр байгаа төдийгүй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг агаар, орчны бохирдол, төвлөрлийг бууруулах зорилготой уялдуулан зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатайг хэллээ.
Санхүүгийн зах зээлд эрх зүйн тодорхой зохицуулалтгүйгээр лизинг, мөнгөн зээлийн үйлчилгээ нэрээр үйл ажиллагаа явуулж буй хэт өндөр хүүтэй, эрүүл бус механизмуудыг цэгцлэх, нэгдсэн зохицуулалтад оруулж, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг мөн чиглэл болгожээ.
Түүнчлэн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, СЗХ-ны зохицуулалтад хамааралтай зөвшөөрлийн үйл ажиллагааг хялбаршуулах зэрэг арга хэмжээг Төв банкнаас авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Харин Засгийн газарт өгсөн чиглэлд үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, төсвийг хэт тэлэхээс сэргийлэх, Уул уулхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтэд саад учруулахгүй байх, хил, боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах зэрэг арга хэмжээнүүд багтжээ.
УИХ-ын дарга үргэлжлүүлэн, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй хангах, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэрэг арга хэмжээг зах зээлийн бодит шаардлагатай уялдуулан онцоллоо.
УИХ-ын дээрх тогтоолын төсөл батлагдан, бүх түвшинд бодитой хэрэгжсэнээр гарах үр дүнг Монгол Улсын олон улсын тавцан дахь үзүүлэлтүүд хэдэн байраар урагшилсан бэ гэдгээр хэмжинэ гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал хэллээ. Тухайлбал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, гадаад худалдааны эргэлт, ажиллах хүчний оролцооны түвшин, авлигын төсөөллийн индекс зэрэг үзүүлэлтүүдийг таван жилийн дотор хэрхэн ахиулах боломжтойг нарийвчлан тооцоолсноо танилцуулсан юм.
Танилцуулгынхаа төгсгөлд УИХ-ын дарга ирэх хаврын чуулганаар хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхаарч, цаашид нэг мөр цэгцлэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгоно гэж мэдэгдлээ.





























.jpeg)


































Сэтгэгдэл
Irgen [202.9.41.78] 2025-12-30 09:04:57
Yriad 2 baih uom.Zarimdaa yrvag.dorvog gd yasan muuhai haritsaatai uom.Lubsanjamts.Batnairamdal.Bulgantuya.Shijir shig under bolivsroltoi bish bolhoor ataarhaad bdgiimuu.Eeriin chin medleg.bolovsroliig 10 nugalsan hen ch urd n garahgui tiim shan zaluuchuudad uram egeech.Yravgaj yzav tatav hj bga chin t1 bn.Bas bagiin naiz t1 uomiig saidaar tavij gene.Harajaad yaj vhadah be.Turiin bosgiig denduu namhan bolgoloo