Үнэт цаасны зах зээлийн 35 жилийн ойг тэмдэглэж, түүхэн барилгад дурсгалын самбар босголоо
Монгол Улсад үнэт цаасны зах зээл үүсэж, “Монголын хөрөнгийн бирж” ХК байгуулагдсаны түүхт 35 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, арилжааг нээх цан цохих ёслол МХБ-ийн “MSE hall”-д зохион байгуулагдлаа.

Энэхүү түүхэн ойн ёслолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон банк, санхүүгийн салбарын удирдлагууд, үе үеийн ахмадууд, албан хаагчдын төлөөлөл оролцож, хөрөнгийн зах зээлийн өнгөрсөн, одоо, ирээдүйн хөгжлийн талаар санал солилцсон юм.

Арга хэмжээний онцлох үйл явдал нь биржийн түүхэн барилгад зориулсан дурсгалын самбарыг босгосон явдал байлаа. Улаанбаатар хотын төв хэсгийн шинэчлэлийн хүрээнд 1948 онд хүүхдийн кино театрын зориулалтаар ашиглалтад орж байсан энэхүү барилга нь 1991 онд Ардын Их Хурлын тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн эзэмшилд шилжсэн түүхтэй.
Түүх, соёлын үнэт өвд хамаарах уг барилгад байрлуулсан дурсгалын самбар нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн эхлэл, түүхэн замналыг олон нийтэд таниулах, түүний үнэ цэнийг бататган үлдэх ач холбогдолтой юм.

МҮХАҮТ-ын зүгээс үндэсний аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болох, засаглалаа сайжруулах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах чиглэлд МХБ-тэй тууштай хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү 35 жилийн ой нь Монголын эдийн засаг дахь санхүүгийн зах зээлийн олон тулгуурт хөгжлийг бататгасан үйл явдал боллоо.
Ёслолын ажиллагааны төгсгөлд Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7,631 дахь удаагийн арилжааг нээх цан цохих ёслолыг гүйцэтгэв.



































































Сэтгэгдэл