АНУ Оросын “сүүдрийн флот”-д хамаарах нефтийн танкерыг саатуулжээ
АНУ-ын зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 9-ний даваа гаргийн шөнө Aquila II нэртэй нефтийн танкерыг саатуулж, хураан авсан талаар мэдээлэв. Барууны болон Украины эх сурвалжуудын мэдээлснээр, уг хөлөг нь олон улсын хоригийг тойрон гарахад ашигладаг ОХУ-ын “сүүдрийн флот”-ын нэг хэсэгт тооцогддог байна.
АНУ-ын Батлан хамгаалах яам X сүлжээгээрээ дамжуулан энэ талаар мэдэгдсэн бөгөөд Дональд Трампын засаглалын үед тус байгууллагыг “Дайны яам” хэмээн нэрлэх болсон гэж дурджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, 2026 оны хоёрдугаар сарын 9-нд Aquila II танкер нь Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон хоригийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж. “Дайны яам”-ны мэдээлснээр, хөлөг онгоц зугтахыг оролдсон ч мөрдөн илрүүлж, саатуулсан байна.
Тус байгууллагын X сүлжээн дэх мэдэгдэлд “Дайны яам энэ хөлгийг Карибын тэнгисээс Энэтхэгийн далай хүртэл мөрдөн, хөөсөн. Дэлхий дээр ямар ч улс орон бидэн шиг хаана ч байсан өөрийн шаардлагыг хэрэгжүүлэх чадвартай биш. Газар, агаар, далайд ч манай Зэвсэгт хүчин таныг олж, шударга ёсыг тогтооно.
Та биднээс зугтвал түлш чинь дуусна. Дайны яам хууль бус этгээдүүд болон тэдний зуучлагчдыг дэлхийн далайн орчинд Америкийн хүчийг сорих боломжгүй болгоно” гэж дурджээ.
Aquila II танкерын тухайд
Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар (HUR)-аас хөтөлдөг War & Sanctions порталд мэдээлснээр, Aquila II (IMO 9281152) танкер нь хоригийг тойрон нефть тээвэрлэсэн гэх үндэслэлээр АНУ, Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцар, Украин зэрэг улсын хоригийн жагсаалтад багтсан байна.
Уг хөлгийг Оросын эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулсан шалтгаанаар 2025 оны нэгдүгээр сард АНУ-аас хориг тавьсан Sunne Co Limited компанитай холбож үздэг. Мөн танкер нь Орос болон Венесуэлийн нефтийг тээвэрлэдэг, заримдаа байршлаа нуух зорилгоор транспондероо унтраах зэрэг “сүүдрийн флот”-д нийтлэг аргыг ашигладаг гэж үздэг.
Тус хөлөг Орос, Венесуэлийн боомтуудаас Хятад болон бусад бүс нутаг руу тээвэр хийдэг бөгөөд хоригийг тойрон гарах схемийн идэвхтэй хэсэг гэж тооцогддог. Харин түүний бүртгэл, далбааны талаарх мэдээлэл нээлттэй мэдээллийн сангуудад маргаантай хэвээр байгаа аж.
Танкерыг саатуулсан нь
АНУ 2025 оны арванхоёрдугаар сараас хойш Венесуэлийн эсрэг тогтоосон “карантин”-ыг зөрчихөөс сэргийлэн саатуулсан долоо дахь хөлөг энэ болж байна. Үүнээс өмнө нэгдүгээр сарын 15-нд АНУ Veronica нэртэй танкерыг шалгалтаас зайлсхийхийн тулд нэрээ сольж, Оросын далбаа мандуулсан гэж үзэн саатуулжээ.
"Reuters" агентлагийн мэдээлснээр, саатуулагдсан бүх хөлөг хоригийн жагсаалтад багтсан, эсвэл Орос, Иран, Венесуэлийн нефтийн гарал үүслийг нуух зорилготой “сүүдрийн флот”-д хамаарч буй аж. "The Telegraph" сонинд дурдсанаар, Вашингтон “сүүдрийн танкер”-уудыг идэвхтэй саатуулж эхэлсэн нь Дональд Трамп Владимир Путинд улам сэтгэл дундуур болж, Украины дайн үргэлжилж буйтай холбоотой гэж үзжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
































































Сэтгэгдэл