ЗГ: Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо

Aдмин / Улстөр

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Улаан морин” буюу гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, айл өрхүүд гал, цахилгаан, ахуйн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн хөдөлгөөн эрчимжих зэрэгтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн болон нийтийн үйлчилгээний тасралтгүй, шуурхай ажиллагааг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал,

Сар шинийн баярын хугацаанд гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, аврах, гал унтраах хүч хэрэгслийн 24 цагийн жижүүрлэлтийг зохион байгуулах, пийшин, зуух, яндан, цахилгаан халаагуур, ахуйн хийн хэрэглээтэй холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянд:

Дулааны цахилгаан станц, цахилгаан, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, аваарын бригад, сэлбэг тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулах, баярын өдрүүдэд төлөвлөгөөт засвар, хязгаарлалт хийхийг хориглохыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд:

Орон сууцны дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээний осол, саатлаас урьдчилан сэргийлэх, сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран дуудлага, шуурхай засварын тогтолцоог бүрэн ажиллуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт:

Аймаг, сум, хот хоорондын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах; согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, осол их гардаг цэгүүдэд нэмэлт пост, эргүүл ажиллуулах, цас, мөс цэвэрлэх техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт:

Яаралтай тусламжийн 103 төв, дүүргийн эмнэлгүүдийг нэмэлт эмч, түргэн тусламжийн автомашинаар хангах; Хоол хүнсний хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой эрсдэлээс сэргийлэх эрүүл мэндийн сэрэмжлүүлэг хүргэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд:

Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, хадгалалтын хяналтыг чангатгах, үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар шаардлага хүргүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Шадар сайд Т.Доржханд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

Гэр, орон сууцны хулгай, дээрмээс урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдод даалгалаа.

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулна

Засгийн газрын хуралдаанаар (2026.02.11) Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ.

Энэхүү төв нь эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилготой юм. Тус төвийн үйл ажиллагааг энэ оны тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Дэлхийн улс орнууд ийм тогтолцоог эрүүл мэндийн салбарынхаа гол үндэс болгодог. АНУ-ын CDC, БНСУ-ын KDCA, Европын ECDC, Сингапурын CDC зэрэг байгууллага 24 цагийн турш тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлын түвшинд ажиллаж байна.

Манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиг үүрэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагад хэрэгжиж ирсэн нь уялдаа холбоо, нэгдсэн удирдлагын хувьд сул тал дагуулж байсан. Шинээр байгуулах үндэсний төв нь эдгээр байгууллагын нийгмийн эрүүл мэндийн чиг үүргийг нэг удирдлагад төвлөрүүлж, зохион байгуулалтын цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх юм байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв гэдэг бол халдварт болон халдварт бус өвчин гарсны дараа эмчлэх биш, улс орныг эрсдэлээс хамгаалдаг эрт сэрэмжлүүлэх үндэсний систем юм. Бид гал гарсны дараа гал унтраадаг тогтолцоотой байна. Халдварт өвчний эмчилгээ нь нэг байгууллагад, тандалт нь өөр бүтцэд, эрсдэлийн үнэлгээ нь нэгдсэн системгүй, хариуцлага нь тодорхой бус шуурхай мэдээлэл нэг төвд зангидагддаггүй. Тийм учраас аливаа шийдвэр хожимдож гарч, зардал өсөж, эрсдэл даамжирдаг. CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвтэй болсноор,

– Эрсдэлийг эрт үе шатанд илрүүлж, тархалтыг хязгаарлах боломж нэмэгдэнэ.

– Шийдвэр гаргалт төвлөрч, шуурхай, нотолгоонд суурилна.

– Олон нийтэд хүрэх мэдээлэл нэгдсэн эх сурвалжтай болно.

CDC бол эрсдэлийг бууруулах, зардлыг урьдчилан хэмнэх, үндэсний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх 24/7 ажиллах стратегийн байгууллага юм" гэж ярилаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.